Showing posts with label Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтанууд. Show all posts
Showing posts with label Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтанууд. Show all posts
Wednesday, November 21, 2007
1902 он Теодор Моммзен (1817-1903)

Германы түүхч Теодор Моммзен тэр үед Данийн мэдэлд байсан Германы Шлезвиг-Гольштейне гэдэг газар нэг их чинээлэг биш протестант шашны ламтаны гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг Теодорын хар багаас нь уран зохиол болон герман хэлний амтанд оруулж авъяаслаг хөвүүн гимназиа төгсөөд Килийн хууль цаазын факультетад хялбархан элсэж 1843 онд төгсжээ. Улмаар Данийн засгийн газраас тэтгэлэг авч эрдэм шинжилгээний томилолтоор Итали руу явах боломжтой болсон бөгөөд тэндээ очоод Моммзен 4 жилийн туршид Ромын түүхэн гар бичмэлүүдийг судлан шинжилжээ. Эдгээр он жилүүдэд цуглуулсан материалууд нь Моммзены бүхий л амьдралын туршид хэвлэгдэн гарсан хорин боть бүхий томоохон бүтээл болох "Corpus Inscriptionum Latinarum"-ын үндсэнд шингэсэн юм. 1847 онд Киль хотод эргэн ирээд тэрээр Шлезвиг-Гольштейне дахь Данийн ноёрхолын эсрэг бослогод оролцсон байна. 1858 онд тэрбээр Берлинд үүрд суурьшив. Энд тэрбээр Берлины их сургуулийн эртний түүхийн тэнхимийг удирдах болжээ. Аль Цюрихт байх үедээ Моммзен өөрийн гол бүтээл болох "Ромын түүх" дээрээ ажиллаж эхэлсэн аж. Уг бүтээлийн эхний гурван боть 1854-1857 оны хооронд гарсан бөгөөд дөрөв дэх боть бичигдэж дуусаагүй юм. Харин сүүлийн тав дахь боть 1885 онд хэвлэгдэв.
"Ромын түүх" зохиол Германд ихээхэн амжилтанд хүрсэн аж. Зохиогчийг амьд сэрүүн үед л гэхэд уг бүтээл есөн удаа хэвлэгджээ. Уран зохиолын гайхалтай хэв маягийг шинжлэх ухааны дүн шинжилгээтэй чадварлагаар хослуулж чадсан нь түүхчийн бүтээлийг өнөөдөр ч гэсэн сонирхолтой хэвээр байлгаж байна. Энэ л бүтээлээрээ Теодор Моммзен түүхэн сэдвээр бичдэг томоохон зохиолчийн хувьд 1902 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Теодор Моммзен 19-р зууны II хагасын нийгэм улс төрийн салбарын идэвхтэй зүтгэлтэн байсан төдийгүй нэг бус удаа Пруссийн парламент, Герман нэгдсэний дараа Рейхстагийн гишүүнээр сонгогдож байв. Германы нэрт түүхч Теодор Моммзен Нобелийн шагналтан болсноос нэг жилийн хойно хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Хүн төрөлхтний хамгийн хүчирхэг орон зай өөрийн хязгаартай байдаг. Түүний дотор өөрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж арвин ч хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч үл биелүүлнэ.
***
Яруу найраг нь тачаангуй яриа. Харин түүний хувьсах айзам аялгууг бүтээдэг. Энэ утгаараа яруу найраг төдийгүй хөгжмийн урлаг бүхий л ард түмний сэтгэлд оршино.
***
Аугаа хүн болоод арчаагүй арчаагүй нэгнийг ч авс үл ялганам.
***
Эх дэлхийг эзэгнэх гэдэг хэцүү. Харин тэрхүү ноёрхлоо хадгална гэдэг бүр ч амаргүй.
***
Хэн нэгний эрхшээлд байсан ард түмнийг гартаа барихаас илүү эрх чөлөөт үндэстнийг эзлэн түрэмгийлэх нь амар байлаг.
1901 он Сюлли-Прюдом Франсуа Арман (1839-1907)

Францийн нэрт яруу найрагч Сюлли-Прюдом Парис хотноо төржээ. Хүү дөнгөж 2 настай байхад түүний эцэг насан эцэслэв. Авъяас чадвартай хүү лицейд маш амжилттай суралцсан бөгөөд тооны хичээлд тун сайн байв. Гэвч нүдний хүнд өвчин нь цаашид суралцахад нь саад болсон тул тэрээр нотариатын танхимд албан хаагч хийжээ. Ажиллахын сацуу тэрбээр өөрийгөө боловсруулж байсан ба энэ л үеэс шүлэг бичиж эхэлсэн байна.
Шүүмжлэгчид түүний анхны түүвэр болох "Стансууд хийгээд шүлгүүд"-ийг маш дотно хүлээн авчээ.
"Авгиевын адууны хүрээ" /1866/
"Ганцаардал" /1869/
зэрэг удаах номуудыг нь уншигчид амтархан уншсан гэдэг. Түүний энэ үед бичиж байсан шүлгүүдэд хайр сэтгэлийн сэдэв голлож байлаа. 1870 онд (нэг жилийн дотор) түүний хамгийн ойр дотны хүмүүс болох ээж ах хоёр нь нас барж, найрагч хүндхэн шалгуурыг даван гарсан юм. Сюлли-Прюдом сайн дураар цэрэгт татагдан Прусстэй хийсэн дайнд оролцсоны үр дүнд сайн бус эрүүл мэндээ бүр мөсөн муутгасан аж.
"Дэмий энхрийлэл" /1875/ шүлгийн түүвэр
"Шударга ёс" /1878/
"Аз жаргал" /1888/
гэсэн хоёр найраглал бичсэн ба
"Яруу найргийн гэрээслэл" /1900/ нэртэй өгүүллийн түүврээ хэвлүүлжээ. Улмаар түүний ном зохиолууд утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 1901 онд утга зохиолын салбарын анхны нобелийн сагналтан болгосон юм. Энэ шийдвэр зарим нэг талаар утга зохиолынхонд гайхшрал төрүүлсэн бөгөөд олон хүн уг шагналын анхны эзнээр Лев Толстойг нэрлэсэн байжээ.
Амьдралын сүүлийн жилүүдээ Сюлли-Прюдом хүндээр өвчилж байгаад Парисаас холгүй орших гэртээ насан эцэслэжээ.
Янз бүрийн хүмүүс. Гэгээ болоод харанхуй.
Хавцал хийгээд хүрхрээн чимээ ...
Энэ бүгдийн адил чанар бол
Ихэмсэг зантаны хоосон дэмийрэл!
***
Зон олон гэгч наран дор холхисон хүн сүрэг юм.
***
Дээрэмчин хийгээд гэгээнтний зам салшгүй холбоотой ...
***
Хайр сэтгэл бүхнийг ялна.
***
Хүн хорвоод мэндлэхдээ ч, буцахдаа ч ганцаараа.
***
Хүмүүний амьдрал зхэлд бэлтгэх өдөр тутмын хичээл байдаг. Бид амьдрахад бус үхэхэд суралцдаг. Гэхдээ маш муу дүн авах юм.
Subscribe to:
Posts (Atom)