- Алдар бол авъяас билигтэн дээр овоолсон зусрын чулуу.
- Ариуссан гэгээнтний мөрөн дээр мөргөлчдийн хөлөөр боссон тоос ч бууж л байдаг.
- Бурхан буйн баталгааг бидэнд ганцхан чөтгөр л баталж өгч байгаа юм.
- Бие нь сайхангүй ч сүүдэр нь үзэсгэлэнтэй харагдах тохиолдол бий.
- Буян санаж өргөсөн зулын тосонд эрвээхэй унаж үхэх нь олонтаа.
- Гуниг цөхрөл гэгч ус мэт чимээгүй мөлхөн ирж итгэл зоргийн ирмэгийг хүлхэнэ.
- Жоом бялдууч хоёр элбэг идэштэй дулаан газар амархан үрждэг.
- Зайлшгүйг ирэхэд бурхан хүртэл чөтгөрийн талд ордог.
- Замыг аль болох түргэн орхихгүй бол зам чамайг дагахгүйд хүрнэ.
- Ном унших нь бусдын багжаар өөрийн худгийг уужимсгахтай адил.
- Оргилын чулуу бүхэн бэлд байдаг.
- Өнгөрсөн ч цөл, ирээдүй ч цөл. Эдүгээ гэгч их цөлийн дундах өчүүхэн баян бүрд.
- Өдөр бүхэн шинэ юм эхэлдэг хүн, тал хомоол уугиж дуусахыг эс үзнэ.
- Өндөрт нисэж яваа шувуу руу хэн чулуу шидэх юм
- Толь томрох тусмаа дүрээ муухай болгодог
- Хүн бол диваажингаас заларсан бурхан биш, тамаас оргосон оргодол. Тийм учраас эрлэгийн элчдээ баригдаж буцдаг.
- Худал гэгч оронгоо олж хэлбэржин тогтоогүй байгаа үнэн.
- Эр зориг харуулсан кино, жүжгийг хулчгар хүмүүс бусдаас илүү сонирхдог. Тэд бусдын эр зоригоор өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэхийг эрмэлздэг.
Showing posts with label Философи (цэцэн мэргэнд дурлахуй). Show all posts
Showing posts with label Философи (цэцэн мэргэнд дурлахуй). Show all posts
Monday, March 12, 2012
Буян санаж өргөсөн зулын тосонд эрвээхэй унаж үхэх нь олонтаа
Thursday, October 27, 2011
Бүх юм нэг л... болоод байна уу? Ницще хариултыг нь хэлнэ.
26-30 насанд авьяас чадвартай хүмүүс жинхэнэ өөрийнхөө санааг олж авдаг. Өөрийгөө бодтойгоор үнэлж, өөрөөс нь юм олж харахгүй байгаа буюу бага юм олж харж буй хүмүүсээс хүндлэл, ойлголцол шаарддаг. Энэ бүхнээ яруу найраг, гүн ухаан, уран зураг, хөгжмөөрөө илэрхийлэн гаргадаг тул нас тогтсон, туршлагатай хүмүүс тэднийг хараад амьдралын тэр сайхан үеэ дурсан мушилзаж, их мэт санагддагч үнэндээ даанч өчүүхэн хувь заяандаа гомдоллодог.
Thursday, November 15, 2007
Эртний Герегийн 7 мэргэн - 2 Питтак

Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (651 онд төрж 82 наслаад 596 онд нас эцэслэжээ) Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак (Pittacos) нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чадахгүй тийм бүдүүн хүн байжээ. Мэдээж хэрэг хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байсан ба чадварлаг дайчин байжээ. Афинтай хийсэн тулаанд эсрэг талынхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичигдсэн нь бий. Язгууртны хүрээнд орох гэж сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямаргт дорд үздэг эхнэр нь үүнийгээ олны өмнө ч нуудаггүй байсан гэдэг. Питтакийн хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгнээс бүрддэг юм. "Сайн Хүн Байх Хэцүү" хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ.
Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?
Сайн ХҮН байх хэцүү юу?
Сайн хүн БАЙХ хэцүү юу?
САЙН хүн байх хэцүү юу?
Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй. Тиймээс өгүүлбэр тус бүрийн утгачлан буулгавал:
Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?
Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?
Сайн хүнд ОРШИН АМЬДРАХ НЬ хэцүү юм уу?
Хүн байх нь бус харин САЙН ХҮН байх нь хэцүү юу?
Дөрөвхөн үгний цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакийн ухааны цар болой.
Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаантны зан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэнэ гэдэг зоригтны араншин.
Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.
Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг нь хийснээс ч дутуугүй үр дүн билээ.
Сэдсэн ажилаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.
Питтак
Эртний Герегийн 7 мэргэн - 1 Фалес

Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (625 онд төрж 78 наслаад 547 онд нас эцэслэжээ) Бага азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог билээ. Яагаад Фалес эн тэргүүнд бичигдэх болов? Энэ их учиртай.
Нэгэнтээ Герегчүүд өөрсдийн дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулах болжээ. Бүгд зөвлөлдөөд мөнхүү бэлгийг Фалест хүргүүлжээ. Гэтэл Фалес даруу зан гаргаж, өөр нэг ухаантныг нэрлээд "Тэр л энэ бэлгийг авах ёстой" хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан 3 дахь ухаантныг нэрлэх нь тэр. Ийнхүү үнэт бэлэг 7 мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест ирсэн гэдэг. Эртний сод сэтгэгчидээс 7 мэргэн хэмээн онцолсон нь чухамдаа энэ л түүхтэй холбоотой болотой.
Фалес байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн бөгөөд нар хиртэх нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх баталж, диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийн эхэлж томьёолсон
ажээ. Геометрийн ололтуудыг анх Герегт дэлгэрүүлэн хөгжүүлсэн Фалес цац суврагуудын өндрийг сүүдрээр нь тооцоолон гаргаж байсан гэдэг. Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.
Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа:
- Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад:
- Ямар ч ялгаагүй гэхэд нь,
- Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоох гэж оролдоход нь суут мэргэн:
- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг.
Аристотель: Фалес бол эртний герегийн анхны философич.
Цицерон: Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв.
Өөрөө хамгаас шилдэгт суралц. Бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.
Фалес.
Subscribe to:
Posts (Atom)


