Tuesday, February 28, 2012

А.Урагтогос: Хав халуун миний царгиа


Татагдалт, таалагдалт бас таалагдалт
Танилт, урвалт энэ бол урвалт
Ядаж миний нүд рүү эгцлэн харвал чи
Ялаа тэнд суугаад бурханд залбирахыг мэднэ
Би бол сайхан зүйл, бас ариун амьтан
Би бол шингэн зүүд, бас чиний гэрэлт нүд
Би бол удаан амьдрах тусам унан тусан тэмүүлэх
Би бол биднийг үхүүлдэггүй үхэл мэт тэр зүйл
Орон зайн дундах гүн хууралтууд
Огт гар хүрээгүй сахиулсан алдаанууд
Чамайг хайрлахгүй зүрхэнд амьдрагч
Чив чимээгүй хүүхдүүд юм.

чи бол сайхан зүйл, бас унтарч буй лаа
чи бол шингэн зүүд, бас чиний гэрэлт нүд
чи бол удаан амьдрах тусам унан тусан тэмүүлэх
чи бол биднийг үхүүлдэггүй үхэл мэт тэр зүйл
ай, миний доторх цорын ганц царгиа, цэв хүйтэн царгиа
царгиатсан ганцаардлын эмгэг дүүрэн хашхираан
энэ хашхираан чих бүгдийг үй түмээр нь улайтгана
энэ хашхираан чих бүгдийг үй түмээр нь өвтгөнө
амьдрал бол амьдрал, үхэж буй амьдрал
үхэл бол үхэл, амьдарч буй үхэл
энэ бол гитарын утсанд хэрчүүлсэн дунд хурууны өндөгнөөс
энэ бол урсаж буй хав халуухан миний царгиа.

No comments: