Monday, February 27, 2012

Батжаргалын Одгэрэл


Нэгэн намар хийгээд дөрвөн цаг, агаар огторгуйн чинад алсрах орон зай. оршихуйн мөн чанарын хоорондын холбоог юу гэж нэрлэх вэ. Үнэхээрийн сэтгэл гэж байна уу. Түүний гоо зүйн мэдрэмж, сэрэхүй хэмээгч нь юу буй. Энэ бүхний хариуг харьцангуй агаад түр зуур шийдэх хүслийг яруу найраг гэж томъёолбол би бээр гүтгэсэн хэрэг болох уу. Б.Одгэрэлийн "Сентименталь тэмдэглэлийн төгсгөл"-ийг уншаад ингэж бодсон юм. Надад баясгалан төрсөн бөгөөд энэ шүлгүүдийг би яруу найрагт шинэ орон зай, боломжийг нээж байна хэмээн тодорхойлов.
Урлахуй ухаан, хэлний зүй, яруу найргийн хөгжил эрин цаг үеэс ийм боломжит орон зай, агуулга хэлбэрийн шинэчлэлийг шаардаж байгаа бус уу. Бурхны шашинтан хүн үйлийн үр, буян нүгэл, хойд урд насны явдлыг үгүйсгэсэн санааг буруу үзэл гэж үзээд тэвчдэг. Сүүлийн үеийн яруу найргийн хүрээнд буруу үзлийг баримталсан, утга буруудсан ба огт утгагүй, хүний оюун санааны хэрэгцээнд нэмэргүй, үл ойлгогдох шүлгүүд зонхилох болсон нь яруу найргийн ирээдүйд хор хоноолтэй юм санагддаг. Зохист аялгууны онол одоогийн яруу найргийн байдалтай нийцэхгүй байгаа нь үүнтэй дам холбоотой. Яруу найраг бол төгс төгөлдөр ойлголт, олон нарийн хэмжүүр бүхий шинжлэх ухаан юм. Дорно дахин гүн ухааны сургаал, орчлонгийн мөн чанарыг судлах арга зам, нийтээр даган суралцах ухаан хийгээд яруу найргийн хоорондын нягт уялдаа холбоог ухаарч гэмээ нь шаардлага хангахуйц уран бүтээл туурвина. Үг аялгуу, чимээ дуу бүхнээс нэг нэг утга гарна. Наана үзэгсэд аливаа зүйлийг яг буйгаар нь харж, мэдэрч, ойлгодог. Яруу найраг ил ба далд гоо сайхан, учир шалтгааныг эрхэмлэнэ. Энэ бүхэн угтаа урлаг, яруу найргийн олон хэмжүүр. ахуй үесийг харгалзан үзэх ёстойг сануулж байна. Чухам иймээс Б.Одгэрэлийн шүлгүүдийг орон зай. дүр дүрслэл. философи ойлголтынх нь өргөн хүрээнд авч үзэх ёстой. Би мэргэжлийн шүүмжлэгч биш болохоор энэ удаа түүний шүлгүүдийг уншаад төрсөн сэтгэгдлээ илэрхийлэхийг оролдсон юм. Б.Одгэрэлийн шүлгүүдийг унших бүр нэг зүйлийг шинээр олж харах юм. Түүний шүлгийн нууцлаг сайхан нь дахин унших хүслийг төрүүлдэг. 1990-ээд оны яруу найргийн олон өнгө аяс, урсгал чиглэл, хэлбэрүүдээс ямар ч буй энгийн гоо сайхан, эгэл далд, ерийн гүн ухааны агуулга, өвөрмөц шүлэглэл бүхий бүтээлүүд нь нэгэнт тогтсон уламжлалыг баримталсан шинжтэй боловч басхүү шинийг хайсан эрлийн үр дүн болсныг тэмдэглэх хэрэгтэй. Ерийн өгүүлэмж бүхий шүлгийн ариун сайхан нь далд ертөнцийн сэрэл мэдрэхүйн үр хөврөл байдаг.
Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий... 
гэх мөрүүдэд ямархан сэтгэлийн хайр, ариун мэдрэмж оршино вэ? Шүлэг бол биеэ даасан байдлаар оршин тогтнох яруу өгүүлэмж байлаг. Шүлэг гэгээн саруул үнэн байх зарчимтай. Дээрх мөрөөр шүлгийн бүтэц агуулга нь сонирхолтойгоос гадна нэг мөр нь л бүхэл бүтэн шүлэг мэт тусгаар, мөнхүү бүхэлдээ нийлэмжит утгатай байгаа юм. Сэтгэл санааг догдлуулан эзэмдэж, гүнзгий бодол төрүүлэм шүлэг уншихад тэсгэлгүй хүсэх цаг тохиолддог. Тийм үед надад Одгэрэлийн шүлгүүд тус болдог.

Арван долооны цайвар саран
Арван долоотой охин шиг гэгээтэй
Тэргэл дүүрэн гэрэлтэй байсан
Тэрхэн мөчийг нь санахад жаахан гунигтай
Орхин замхрах энэ миний гэрэлт залуу нас шиг
Тэр, тэргэл саран бүдгэрэн сэмэрсэн нь
Охин хонгорууд арван долоо хүрэх шиг
Тийм амтлаг агаад хөнгөн гунигтай.
Энэ бол гоо сайхны дүрслэлийн шүлэг. Гоо сайхны мөнхийн билэг тэмдэг бол үдшийн саран, үзэсгэлэнт залуу охид амой. Бусад олон шүлгүүдийг нь энд бичих боломжгүй. Ер нь яруу шүлгийн тухай дүрслэн хэлэх нь хэцүү бөгөөд боломж үгүй ажил. Шүлэг нь тухайн найрагчийн бодол сэтгэлийн толь юм. Яруу найрагчийг шүлгээс нь л мэддэг. Шувуу болоод шувуу адил гэгээн, ангид, хөөрхий, тунгалаг сэтгэлт хүмүүний үхэл, ертөнцийн тухай өөр бишрэм зүйлийг өгүүлсэн гайхалтай шүлгийг нь би магтана. Магтах бус боловч гүнзгий мөрийн явдлыг үзүүлэгч шүлгийнх нь тухайд санаагаа хэлье гэж бодож байна. Цагаан Ононы бургас болоод буриад айлын хашаан дээгүүр өнгийх цайвар сарны дүрслэл, гэрэлт охидод дурлан тачаах хөвгүүний сэтгэлийн зураг, мунхаг үгийн хойноос мэргэн үг, хүүхний инээмсэглэл ч хэрэггүй гэх зэрэг тодорхой үгс, зүйрлэл, шүлэглэлийг нь уншихад зүүд мэт амттай санагдана. Яруу найрагт ийм саруул дүрслэл, тодорхой зураг хэрэгтэй. Тодорхой шүлэгч нь Б.Одгэрэл бөгөөд ийм шүлгүүдийг аизааралгүй өнгөрч болохгүй. Гарцаагүй үнэнийг гоёчлон чимэлгүй шүлэглэх, сэтгэлийн шувуудыг хөгжөөн цэнгүүлэгч чадвар авьяас түүний шүлгүүдээс тодорхой харагдаж байна.

Танин мэдэхүйн мөн чанар нь ертөнцөд амьдарч буйн нэгэн утга агуулга болдог. Танин мэдэхүй нь гоо зүйн сэтгэлгээ, орон зайн хязгааргүй дүрс, ёс суртахууны нандин бүхэнтэй язгуур холбоотой байж, төгс төгөлдөрт хүрэх замыг гийгүүлнэ. Сэтгэлийн гүнд өдөр бүр хуримтлагдан дүүрэх зөн мэдрэмж, сэрэл ухаарал, уйтгар гуниг, хөөр баяр цөм гадагш түрэгдэн яруу сайхны хэлбэрээр дамжин илэрдэг билээ. Түүний нэгэнтээ хэвлүүлсэн "Өдөр бүрийн шүлгүүд" тийм тансаг гэгээн, үнэ цэнэтэй санаа бодлоор дүүрэн байна. Ерийн үгс мэт боловч зохих байраа олж чадаад, хүний сэтгэлийг догдлуулан эзэмдэж, цэгц журамтай ойлголтыг илэрхийлэх уг шүлгүүд миний адил ертөнцөд алгасрагч хүмүүний хүслийг ихэд татаж байдаг.

Сзм сэмээр навчис эргэлдэн хийснэ
Сэтгэл зүрхний хөндүүр цаг өнгөрхөд сарнисангүй
Шарласан навчсыг би гудамжнаас түүн нандигнаад
Шаналал гунигаа өнөөдөр ер бусын болгов...

Гадаа хөлийн чимээ гарахад чамайг л гэж бодном
Гадуур минь өнгөрөх явуулын улс хичнээн их вэ.
Үдшийн цагийг үүднийхээ дэргэд үднэм
Үс хийгээд өвсний их гэдэг худлаа юм
Үдэш гэдэг хичнээн их вэ. (1995.01.13)

Аяс төгөлдөр дорно зүгийн мэдрэмж, намуухан уянгалаг дүр зураг, гойд юм үгүй боловч сэтгэл татах зүйл дээрх бадгуудад ажиглагдаж байна. Яруу найргаас яг таг тодорхойлолт, хайрцаглал, шууд баримт нэхэх нь өрөөсгөл хандаж буй хэрэг. Шүлэг уншиж дуусах агшинд мөнөөхөн тэнгэрлэг ертөнцөд одож, тасархай бадгийн утгыг бодож эхэлдэг билээ. Тийм ч учраас "Сентименталь тэмдэглэлийн төгсгөл" бол шинэ дүрслэлийн загвар, яруу найруулга, хэллэгийн уламжлалыг хөгжүүлсэн аяс, шинэ уран зохиолын хандлагыг харуулсан туршиц гэж болох бүтээл болжээ.

Чиний тухай хэлсэн уг
Миний тухай хэлсэн мэт надад тусна
Чиг чигээрээ явсан танихгүй хүмүүсийн үхэл
Цээжний минь хонхыг бүдэгхэн дэлдэнэ.

...Анх харсан шигээ чамайг нэг харахсан
Ааль зан гадаад төрхийг чинь би таньж гүйцэв.
Царай зүсний чинь шинэхэн гоёмсгийг дахиад олж үзэх болов уу
Чамайг анх харсан шигээ ахиад нэг л харахсан.

Үүнээс энгийнээр, үүнээс тунгалгаар үнэн зөөлөн бодол. жам ёс, ертөнцийн үнэн, нандин хайрыг яаж үзүүлэх вэ. Зүрхний хайр, шинж нигүүлсэхүй, ундран гарах утгыг эрхэмлэснээрээ дээрх шүлгүүд үнэ цэнэтэй билээ. Өрнийг дууриах хандлага газар авч, барууныг шүтэж, хийсвэр сэтгэлгээ хэмээн хэн ч үл ойлгох үгсийн цуглуулга, хэлхээс бичиж дэлгэрүүлсэн энэ цаг үеийн утга зохиолд Одгэрэлийн шүлгийн "ертөнцийн явдлыг танин мэдэх" гэгээрэл ариуслыг эрхэмлэсэн эрмэлзэл үнэ цэнэтэй байгаа юм. Нийгмийн дэвшил, оюун сэтгэлгээнд яруу найраг, урлаг, утга зохиолын гүйцэтгэх үүрэг угтаа асар их болохыг бид мэднэ. Ариун сэтгэлийн дуун, оюуны чөлөөт орон зайн тусгал болсон цэвэр тунгалаг гоо сайхны бүтээлүүдийг үнэлж дүгнэх чухал. Утга зохиолын тавцанд шинэ утга зохиолын төлөөлөгчид гарч ирж, чөлөөт уран бүтээлийн олон чиглэлийг дэлгэрүүлж буй энэ үед тэднийг даган үзэл онолын маргаан, шүүмж судлалын бүтээлүүд гарч, олон түмний анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. 1990-ээд оны Монголын яруу найрагт өөр өөрийн өвөрмөц өнгө аясыг илэрхийлсэн урсгал чиглэлүүд үүсч, яруу найргийн амьдралд олон сонирхолтой үйл явдал, маргаан мэтгэлцээн бий болж, бүхэлдээ утга зохиол хөдөлгөөнд орж эхэлсэн билээ. Өнөөгийн яруу найргийн шинэ хандлагыг тодорхойлж буй залуу яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар, Л.Энх-Амгалан, Д.Цогбадрах, Л.Өлзийтөгс нарын олон залуусын бүтээлүүд өөр өөр чиглэлийг хамарсан боловч угтаа 90-ээд оны яруу найргийн шинж төлөвийг илтгэж байна. Тэдний нэг болох Б.Одгэрэлийн шүлгүүд өрнө ба дорньн шүлэглэх барилыг эзэмшсэн хийгээд бусад шинжүүдээрээ ялгарч байгааг дурдсан билээ. Ер нь аливаа түүх, уран зохиол, шашны сэдэвтэй бүтээлүүд ямар нэг хэмжээгээр тухайн цаг үеийн сэтгэлгээний түвшин, хөгжлийн байдлыг илтгэдэг. Орших ба эс орших, дотоод сэтгэлийн чанарууд. үзэгдэл юмсын шалтгааныг шинжилсэн өргөн хүрээтэй сэтгэхүйн яруу найрагт Одгэрэлийн зарим шүлгийг хамааруулж болох юм.

...Хаа нэгтээ дурласан хүүхэн хүлээх шиг
Хачин битүүлэг, өчүүхэн баяр ч үгүй
Найз нөхөд, үл таних хумүүс сүүдэр мэт
Нимгэн үүлс, жихүүн үдэш хүйтэн дарс мэт
Догдлон түгших нь хүнтэй учрахыг мэдрэх шиг, хүнээс хагацахыг бас мэдрэх шиг
Догдлон түгших нь бүхнийг орхихын харамсал шиг
Үл ойлгогдох, алсын, хэрэггүй баярыг хүлээх шиг
Од мэт чулууд хөлийн дор бүдэг бадаг
Чулуу мэт оддын зүг одоход ойрхон.
Намайг ер ямар нэгэн орчлон хүлээх шиг
Намайг дурлалт хүүхнээс илүү цаг хугацаа татна.
(Өдөр бүрийн шүлгүүдээс)


Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг
Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ.
Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өчнөөн давж мэдрэхэд
Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ.
Ердийн хямд зугаанд бид сөхөрч, зовлонд тэнцэхээ больдог
Ертөнцийн гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг.
Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол
Анд нөхөд, тамхины утаан дунд алга байгааг мэднэ.
("Сентименталь тэмдэглэлийн төгсгөл")

Дээрх шүлгээс гадна сайхан охидыг ширтэхэд гуниг төрөх ширтэхгүй байхад бас гуниг төрөх, өнгөт хорвоогийн зовлон мэт жаргалын тухай, охидын үзэсгэлэн гоог тодруулсан шүлгүүд та бидэнд сэтгэлийн ертөнцийн гэрэл гэгээг соёрхоно. Тэрбээр:
Зовлонгоо хуваалцах гэж шүлэг бичнэм
Зовлонгоо хуваалцах минь ийм сайхан..." гэж бичсэн. Үнэхээр шүлэг хэмээгч нь зовлон гуниг, үзэн ядалт, хайр сэтгэл, тэнгэрлэг дурлал, гүн ухаан, гоо сайхан, цас борооны үнэр буюу. Шүлэг бол сэтгэлийн ариун сайхны илрэл, оюун санааны амьдралын тусгал мөн. Яруу найргаар дамжуулж, оюун сэтгэлийн тэдгээр ертөнцийн анирыг сонсмуй. ...

Хавар эртийн ногоо шиг
Хашааны гаднах салхи шиг
Хаданд сийлсэн шүлэг шиг
Халуун үдшийн бороо шиг
Дөрвөн улирал шиг хувирах
Ганцхан насыг минь залуусгах
Охин хүүхэд шиг инээмсэглэлтэй
Одны гэрэл шиг нулимстай
Жавхаатай бүсгүйтэй байхад
Жаргахгүй амьдарч чадна би...

Одгэрэлийн шүлгээс ажиглагдсан өөр нэг зүйл бол хэллэг энгийн, унших бүр нэг нууцлаг зүйл тодрох маягаар шүлэглэсэн явдал. Гэвч өөр бусдын шүлгийг санагдуулам, өөрийн шүлгийн давтагдсан санаа, утга уялдаагүй зэрэг зүйлсээ анхаарахад илүүдэхгүй биз. Жишээ нь:
Чиний угаасан бошинз, даавуу
Хэний гадаа
Зэллэн буцах шувуудын адил
Хэцэн дээр дэрвэнэ вэ. (Д.Нямсүрэн мэт)

Чиний болзоонд ирэх цаг
Минии тамхи шатаж дуусах цаг мэт (Ц.Бавуудорж мэт )

Ерөнхийд нь нэгтгэн үзвэл "Сентименталь тэмдэглэлййн төгсгөл" дэх зарим үгс, шүлгийг эс тооцвол хэлбэр зохиомж, ур чадвар, мэдрэхүй, сэтгэлгээний өвөрмөц жишээ болох сайхаи шүлгүүд болжээ. Өөрөөр хэлбэл, яруу найрагт Б.Одгэрэлийн баримталж буй зарчимтай санал нэг байна. Бид өнөөдөр хүний ертөнцийн зохицол, туйлын үнэн ба харьцангуйн хууль, дотоод сэтгэлийн нууц, сэтгэлгээний чөлөөт ертөнцийн тухай санал бодлоо солилцож, мөрөөдөж байна. Энэ бүхэнд дээрх шүлгүүд зохих хэмжээгээр хариулт өгч байгаа юм. Ертөнцөд нэгэн үе сонирхолтой байсан сэдэв нэгэн цагт утгаа алдана. Харьцангуй утгаар яруу тунгалаг мэдрэмж хэвээр үлдэнэ. Энгийн, үнэн, эгэл далд гоо бүхнээс хэзээ ч уйдсангүй. Энэ бүх чанарууд яруу найрагт байдаг. Нууцлаг үнэн, оршихуйн өнгө ямагт дурыг булаана. Тэр нь яруу найраг ч байж болох юм. Яруу найргаар дамжуулж олон эрхэм чухал асуудлууд, хэрэгтэй зүйлсийн тухай ойлголтыг илэрхийлж, олж авч болдог. Орчлон дэлхийн хязгааргүй уудмын дунд хүн төрөлхтөн ямагт шинэ арга зам, хүсэл татах зүйлийг эрэлхийлэх юм. Тэр нь мөн чанартаа юу байх тухай ярихыг би зорьсонгүй. Тунгалаг огторгуй, цэлмэг агаар, алтан наран, баясгалант эмс охид, дөрвөн улирал, яруу найрагтай орчлон дээр бид амьдарч байна. Хүн төрөлхтний хэл, зүс, үндэс, язгуур өөр өөр боловч гоо зүй, яруу найргийн сэтгэлгээ нэгдмэл юм. Сарны гариг, оддын сонгомол туяа, жан Шамбал, ариун Диваажинд орох, судлахын үүд нэгдэн нэвтрэх зам нь яруу найраг бүлгээ. Болор тунгалаг цонх, нэвтэрхий туяарах орд харш, ариун гүнж, танхил охидын сэрүүн лаврин мэт дорно зүгийн шүлгүүд, сүмийн хонхны дуу, цасны будраа, гийгүүлэнт намрын ой, анхилхан охидын уруулын өнгө, торгон сарны цайрах дэвсгэр адил гэгээн шүлгийн ертөнц ариухан тансаг ажээ. Одгэрэл ба түүний шүлгийн тухай бяцхан тэмдэглэлээ өндөрлөх зуур та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Тавдугаар сарын гэрэлт өдрүүд өнгөрч удахгүй яруу найраг мэт зун цаг ирнэ.
Т.Содномнамжил
Ц.Төртайван, Т.Содномнамжил
Д.Нямсүрэн

No comments: