Wednesday, February 29, 2012

Цөн /шүлгийн түүвэр/ Я.Баяр

***
Давид лугаа эрх сүр төгс
Аху биеэ
Далий хэлбэрт хэсэг барин
Сайтар ажваас
Тоос татсан хуучин толийг
Эс хэрэгсэж
Торгон арьсааэ наранд үзүүлэн
Алхмаар болов.
***

Алгаа эргүүлэхэд түмэн зураас
Алган дээр минь нар тусаж байна
Амьдралд харамсах юм алга

Нүдээ өргөхөд цагаан үүлс
Нүдэн дотор минь үүл нүүж байна
Амьдралд харамсах юм алга

Чихээ сонордоход салхины дуун
Чихэн дотор минь ертөнц дуулж байна
Амьдралд харамсах юм алга

Хөлөө өргөхөд миний мөр
Хөл дор минь хорвоо бүтэн байна
Амьдралд харамсах юм алга аа.

***

Модод нусаа
татах мэт
Хавар ирнэм
Одод цусаа
ханах мэт
Бороо дусалнам
Нууц янагийн
Даашинзны хормой
Дэрвэх адил
Нуга хөндий
Миний хэмнэлээр
Эгшиглэн дуурснам

***

Зогссон цаг
гэнэт л цохилоод эхлэх шиг
Зориг итгэл минь
сэрэх цаг байжээ, бас
Зогссон морь
гэнэтхэн ергөөд эхлэх шиг
Зорилго найдвар минь
тодрох агшин байжээ, бас.

Мартсан танил гудманд таараад
гараа сунгах шиг
Малгайд нь тогтсон цас
алганд унаад хайлах шиг
Манантайхан хотоороо
мөр зэрэгцэн зугаалах шиг
Маргааш гэдэг өдөр
ингэж ирдэг байжээ, бас.

Шангас овогт Ядамсүрэнгийн Баяр
"Цөн" шүлгийн түүвэр 2011 он
Цахим хаяг

No comments: