Monday, February 27, 2012

Баатарын Галсансүх

Монголын яруу найрагт Б.Галсансүх нэгэн өн­дөр­лөгийг эзлэн суужээ. Маргах юм алга. Эсэргүүцэж, үл тоомсорлосон царай гаргаж, эсвэл учир утгагүй хоосон шүүмжлэхийн аль аль нь утгаа алдсан байна.
Утга зохиолын ганцхан аргаар номлогдож ирсэн бидэнд эхэн­дээ Галсансүх бараг худлаа хэлсэн хүнд ад зэтгэр мэт санагддаг байсан нь үнэн. Уншигчдад сонирхолтой байж мэдэх нэгэн дурсамж өгүүлье.

Одоогоос 11 жилийн өмнө Оросын шинжлэх ухаан, соё­лын төвийн Утга зохиолын клуб , Монголын зохиолчдын эвлэлийн шүүмж судлалын үндэсний төвтэй хамтран “Монголын орчин үеийн утга зохиолын чиг хандлага” сэд­вээр нэгэн сонирхолтой уул­залт зохион байгуулж байсан юм. Уулзалтад Оросын элчин сайдын яамны ажилтан хатагтай Л.Г.Скородумова, доктор С.Сампилдэндэв, утга зохиол судлаач Ц.Мөнх, доктор Ц.Цэнд, Д.Галбаатар, С.Энхбаяр, С.Байгалсайхан нараас гадна зохиолч Л.Дашням П.Хорлоо гуай, О.Дашбалбар гээд олон хүн оролцож утга зохиолын хөгжлийг тойрсон томоохон хэмжээний дэлгэрэнгүй яриа болсныг тухайн үеийн “Улаанбаатар” сонин хэсэгчлэн нийтэлж байлаа. Нэг л мэдэхэд мөнөөх хулигаан Галсансүх тэдний ярилцлагын гол сэдэв нь болчихсон. Тэр уулзалтын протоколоос сонирхолтой санагддаг хэсгээс толилуулъя.
Д.Галбаатар: Бид оюун санааг дарангуйллаас чөлөөлөх аргыг олохгүй байна. Нэгэн үе хувцасны шинэ загвар, урлагийн эстрад хэлбэрийг хорих гээд дийлээгүй. Бид олон үеийн турш агуулгаа бариад хэлбэрийг боддоггүй байлаа. Урлаг нийгмийн хөгжлийн явцад хувирч байдаг. Олон онол, олон үзэл суртал зэрэгцэн хөгжих ёстой гэж боддог. Аргаа тодорхойлохгүй бол гунигтай хэрэг. Жороо үг, оньсого гэж байдаг. Энэ реализм мөн үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Модернизм хурам тутамд хувирч байдаг. Монголчууд тал мэдлэгтэй байна.
П.Хорлоо: Энэ яриад байгаа зүйлүүд чиний зохиосон ном юм уу.
Д.Галбаатар: Үгүй, зөвхөн бодлоо л хэлж байна.
Б.Ганбат: Биднийг аргаа мэдэхгүй гэж байна. Өөрийн чинь төсөөлөл юу вэ. Хугацааг хэдийд хамааруулж байна вэ?
Д.Галбаатар:Бид аргыг орчин үеийн утга зохиолд төдийгүй аман зохиолд судалж байгаа. Ардын аман зохиолд дууль байна уу гэдгийг судлаачид судалж үзсэн. Тодорхой хариугүй л байгаа шүү дээ.
С.Энхбаяр: Ерээд оноос хойшхи яруу найргийн тухай хэдэн үг хэлье. Яруу найраг, уран зураг, хөгжим гурав урлагийг хөдөлгөөнд оруулдаг. Яруу найраг шинэчлэлийг толгойлдог жамтай. Ерээд оноос хойшхи өөрчлөлтийг яруу найраг толгойлсон. Энэ үеэс утга зохиолд задрал болсон юм. Өмнөх найраг сөнөсөн. Тухайн үед дагуулах үүрэгтэй байсан тал бий. Одоо урсгал чиглэлийн ялгаа гарч хэлбэржиж байна. Харин ерээд оны хөдөлгөөн намдлаа. Хойшид ч тодорхой ялгаа гарч ирэх байх. Өрнөдөд метод-арга гэдгийг хэрэглэдэггүй. Манайд ГУНУ гэдэг урсгалынхны шүлэг уламжлалд үнэнч юм. Үүний эсрэг “Хүрээ хөвгүүд” гэсэн бүлэг үүссэн. Товчдоо бол тэдний үзэл гэдэг хөдөөг мэдэхгүй, хотынхны шүлэг гэсэн үг. Ахмадын бүтээл өөрчлөгдөхгүй байгаа. Прагматизмд орохгүй ганц төрөл бол яруу найраг юм. Яруу найраг бол бокс, бөх биш. Яруу найргийг шүүж болдоггүй учраас “Болор цом” –ыг өөрчлөх хэрэгтэй. Монголын яруу найраг ерээд оноос хөдөлгөөнд тухайлбал модернизмд орсон. Яруу найргийн шүлэглэх урлагийг өөрчилсөн. Б.Галсүх шүлгийг хөдөлгөөнд оруулсан. Сүүлийн үеийн яруу найраг хэлбэр хөөцөлдөж байгаа нь амин чухал зүйл юм. Яруу найрагт хэл, хэлбэр нь гол байдаг. Энэ бол шинэчлэл юм. “Намайг цонхоо нээхэд согтуу шувуу усан цэргийн дуу дуулж одов” гэсэн шүлэг наанаа ойлгомжгүй юм шиг мөртөө цаад утга нь ил байна. Тийм учраас үүнийг тайлбарлах гэж зовох хэрэггүй, амар тайлбарлагдах ч үгүй. Галсансүхийн шүлэг хөгжимтэй байдаг.
П.Хорлоо: Тайлбарлагдахгүй шүлэг байдаг гэсэн чинь утгагүй шүлэг гэсэн үг үү?
С.Энхбаяр: Шинэ яруу найраг, утга, агуулга ярих боломжгүй болсон юм.
П.Хорлоо: Энэ чинь юу гэсэн үг вэ?
С.Энхбаяр: Аливаа юм ийм л болчихож дээ.
Ц.Хасбаатар: Галсансүх шинэ номынхоо хавтсан дээр шалдан зургаа тавьж гаргасныг юу гэж бодож байна?
С.Энхбаяр: Тэр бол бүдүүлэг зүйл.
Ц.Магсар: Манайд сэтгэлгээ чөлөөтэй болтол шүүмж зогсчихлоо. Шүүмжлэл хэрэггүй гэж бичсэн хүн ч байгаа. Мэргэжлийн шүүмж зогсонги байдалд орсон нь тун харамсалтай. Шүүмжлэл одоо үг судлал болж хувираад байна.
Ц.Хасбаатар: Мэргэжлийн шүүмжлэгч гэж хэн бэ?
Ц.Магсар: Бичиж чадаж байгааг нь хэлж байгаа юм.
Ц.Хасбаатар: Би мөн үү?
Ц.Магсар: Та биш. Шүүмжлэлийн аргатай хүнийг л мэргэжлийн гэж хэлнэ.


Энэ протокол хувийн архивт маань олон жил хадгалагдсан. Хааяа гаргаж ирээд уншихаар зарим үед нь инээж, зарим үед нь хүлээн зөвшөөрч олон зүйл бодогддог. Цааш нь уншвал хөгжилтэй юм олон бий.
Ерээд оныхныг тэр дундаа Галсансүхийг утга зохиолын шүүмжлэгч, доктор С.Энхбаяр, Д.Галбаатар нар цээжээрээ хамгаалан зогсч байсан юм. Үүгээрээ утга зохиолын царцанги ертөнцийг хага татан орж ирсэн шинэ үеийг няц гишгүүлчихэлгүй өлгийдөн авсан гавъяатай. (Энэ гавьяаг манай үеийнхэн одоо мартагнасан санагддаг юм.)
Баатрын Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” шинэ ном ийнхүү архив ухах, дурсамж сэргэх, сэтгэл догдлох шалтгааны үрийг тарив. Гэхдээ сайхан үр юм аа, энэ бүхэн.
Зохиолч хүнийг ойлгоё гэвэл түүний дотоод сэтгэл, амьдралынх нь нарийн ширийнийг сайн мэдэж байх шаардлагатай гэсэн онол аль хэдийнэ хоцрогджээ. Хоцрогдсоныг нь ч шинэ яруу найраг улам бүр батласаар байна.
Галсансүх шиг хүний амьдралыг “уншина” ч гэж үнэндээ юу байхав. Харин Галсансүхийн “Би”-г мэдрэх гэж хичээсэн оролдлогууд надаар дүүрчихээд болохгүй байв. Тэнэг юм шиг зөндөө явлаа. Түүний шалдан зураг…амнаас нь унаж байсан хэвийн биш хариултууд холигдон солигдон орж ирсээр. Тэр нээрээ юу ярьж байсан бэ.

 
-Ямар сонин зураг вэ. Чи хүүгээ тэвэрчихээрээ ер этгээд зангүй харагдах юм?
-Надтай адилгүй байгаа биз дээ. Би өөрийнхөөрөө, Жавхаа маань өөрийнхөөрөө. Хүүгийн минь гарт нь нэг жигнэмэг байна уу. Тэрийг чинь би зургаа авахуулсны дараа өлсөөд байхаар нь аваад идчихсэн юм.
-Үзэсгэлэнт охин. Болор жүнз…Өндөрхаан... гээд тийм гоё шүлгүүд бичиж байсан хүн яагаад гэнэтхэн Ямааны арьс, адууны умс..гэтлээ хадуурчихав аа гэж хүмүүс гайхах юм. Өөрөө юу хэлэхсэн бол?
-Надад ингэж бичнэ, тэгж бичнэ гэсэн жор байдаггүй. Ер нь яаж ч бичиж байж магадгүй. Бүх юм надад чөлөөтэй. Гэхдээ адууны умс, ямааны арьсанд ч гэсэн гоо сайхан бий. Ш.Бодлер цусанд хүртэл өөрийн гоо сайхан бий гэж хэлээ биз дээ.
-Саяхан “Хүн судлал” гэдэг ном бичиж дууссан гэв үү?
-”Билгүүн судар”-т хэвлэгдэж байгаа энэ шүлгүүд наад номонд чинь орсон шүлгүүд л дээ. “Үнээдэй нютаг-2” ном маань хэвлэгдэнэ. Гурав дахь ном “Тамын амьдралыг туулахуй” нэртэй. 10 хэвлэлийн хуудас үргэлжилсэн үг шүлэг хосолсон ном байгаа юм. Ингээд би яруу найргийг орхиж байгаагаа мэдэгдэж байна. Энэ яриа бол түүний нөгөө
Бүжиглэх шиг чөлөөтэй болоод энгийн
Бүрээ болоод бөмбөрийн дуу хосолсон
Бурхан болоод чөтгөрийн хүч шингэсэн
Бадаг шүлэг чамаараа би бахархана…гэж бичиж байх үеийнх нь баримт.
Хэн хэн түүний тухай юу хэлж байв.


…Галсансүхийн гаж зүйрлэлийг өгөгдсөн утгаар нь мэдэрч,түүний ертөнцөд аялан, үгэнд нь шингэсэн энерги, аялгууг хүртэж суух нь шүлгийг унших “зам” мөн. Дэндүү дурын амархан зүйрлэл авсан, үгийн тоглоом хэмээх зарим эсэргүүцлийг зөвшөөрнө өө. Ямар ч амьтан биччихнэ гэвэл үл зөвшөөрнө өө. Учир нь хэн ч бичээгүй өдий хүрсэн…Б.Бадрал
Галсансүх бол Монголын яруу найргийн шинэ үеийн нэгэн туг юм. Энэ туг үргэлж бусдаасаа тод байсан, энэ туг үргэлж бусдыгаа сэрээгч нь байсан. Бид Галсансүхээр бахархдаг. Тэр бол жинхэнэ яруу найрагч….Л.Өлзийтөгс
…Яруу найрагч шинэчлэгчгүй байхыг үл хүсчээ. “Аливаа шинэчлэл ба нээлтүүд доромжлол мэт санагдах нь бий” хэмээх тэр үг, чухамхүү Эзра Паунд, Галсансүх нарын хувьд бүр ч хүртээлтэй бүлгээ…С.Энхбаяр
Үнэнийг хэлэхэд зарим үед тэр хэтрүүлгийн мастер юм шиг санагдаж дургүй хүрдэг байсныг нуухгүй. Зарим үед тэр өөрийнхөө зөн совинд хэтэрхий их итгэдэг, аз хийморио хүлээсэн хэрэн тэнэгч байжээ гэж өөртөө түүнийг “нээж” байв. Хувийн амьдралын нарийн ширийн юм бүхнийг , ааш авир, амьдралын элдэв харилцааны тухай бүх зүйлийг ил гаргаж болох ч гагцхүү бичиж туурвихын нууц нь нууц хэвээрээ үлддэгийг ахиад л өөртөө батлав. Мэдээж түүний ачаар. Тэр ямар ч хайнга, гол харламаар хариу өгч мэдэх ч эцэст нь түүний үнэ цэнэтэй бүхэн энэ номонд шингэснийг л би мэдэж байна. Тийм ээ, үнэ цэнэтэй бүхэн. Тэр ямар ч үе шатандаа өөрийнхөө мэдлэг, мэдрэмж,авъяас болон ертөнцийг харах үзлийнхээ хүрээнд л ажиллаж чадаж байжээ. Тэр хэзээ ч төлөвлөгөөтөй байсангүй. Тэр бас ямар нэгэн системийг мөрдлөг болгож байсангүй.


Саарал борооны үзүүр тэртээд цайрч
Сайхан санагдахгүй байна. Гунигтай байна.
Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай
Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан.
Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад
Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан.
Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн.
Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан.
Сар гарахыг харж цаг хугацааг мартахсан.
Салхины амтыг мэдэрч, сул тааваараа уйлахсан.
Шүлэг найраг уншиж нэг л тайван суухсан
Шөнийн нам гүмд тэгээд дуу аялж жаргахсан
Урт өвлийн дараа урин хавар ирнээ.
Урдах дарсаа уу. Удахгүй гэртээ харинаа.
Хүссэн бүхэн чинь хүзүүгээр чинь татнаа
Хүний газар өөрөө өөртөө итгэе.

Зохиомж 3
Модон морьтой явахад минь
Манцуйдаа нойрссон амраг минь
Эрвээхийтэй хөөцөлдөж явахад минь
Ээждээ эрхэлсэн амраг минь.
Од тоолж суухад минь
Охин явсан амраг минь.
Хүүдээ нэр өгөхөд минь
Хол явсан амраг минь.
Хадмын гэрээс гарахад минь
Хажууд ирсэн амраг минь.
Хөшөө чулуу болоход минь
Халуун нулимсаа унагаасай.
  
***

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог.
 
***

Амьдрал үргэлжид л намайг
Алдаа гаргахыг минь хүлээдэг ч
Мөнхийн хот Ромын дээр завилаад би
Мөнгөн сарны гэрэл дор бясалганам.
 
***

Хүсэл минь зангираад булчин шиг чинэж
Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
      Уулга алдах учирлыг удаан хүлээж байна
Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
      Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хатаж
Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагсарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
      Хайраар чинь цанган хүлээж байна
Бараа бараагаа харалцсандаа балмагдах
Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
     Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна
Юу хэлэхээ мэдэхгүй нь. Зүгээр л хамаг ажил хэрэг сонин биш болчихлоо…Амьдрал маань нэг л мэдэхэд сэтгэлд хүчирхэг нөлөөллөө тусгачихаад, тэрнээс нь гарах гэхээр гаргаж өгөхгүй, бас өөрөө ч мэдэлгүй тэр агаараас гармааргүй хоргодох хүсэлд эзлэгдчихээд байх алтан гэмээр агшнуудаар ховорджээ. Яг л сайхан догдлол залуу наснаас минь нисчихсэн юм шиг сул ганхсан эл хуль, ахуйн шинжтэй, эдийн сонирхолтой нэн шинэ амьдралд автагдсанаа анзаарч уйлмаар болох мэдрэмжийг байн байн амсах болсон шиг…Галсансүхийн шинэ ном ийн өвчнийг минь сэдрээв. Андгүй, итгэлгүй, сэтгэлгүй, хайргүй аймаар цэвдэг технологийн эриний хүн болчихоод эвлэрч явааг минь…

…Яг л цагдаа, дарга даамлуудтай үзэлцэхээс залхаж, юу ч хийж чадах хөгийн тэр амьтадтай гэмгүй л яваад дуусмаар хүлцэнгүй, өрөвмдөөр, орон хотын, болоомжтой, шал худлаа эмэгтэй болж яваагаа бодоод ичиж үхэх шахдагийг минь илчилж өгөв, энэ ном. Баярлалаа. Баатарын Галсансүх танд. Үргэлж бахархана. Батжаргалын Одгэрэл, Баатарын Галсансүх нарын буриад хөвгүүдтэй нэгэн үед амьдарч явснаараа.
Б.Ганчимэг

No comments: