Tuesday, August 18, 2009

Ц.Бавуудорж : Гуниг

Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Хэн нэгнийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй харьчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг халагланам
Чамайг би хайрламаар байна
Завилж суугаад бурхад нүдээ цавчин сэрдхиймээр
Тийм нэгэн шидэт шуурга надад байна
Цасан дунд ургадаг үүдэн баарын цэцэг сортосхиймээр
Тийм нэгэн гэрэлт салхи надад байна
Чамайг би хайрламаар байна.... Гэвч
Энэхэн цагийн будант инээмсэглэл
Чамд ойртуулсангүй
Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
Чамд очуулсангүй
Чамайг би хайрламаар л байлаа