Wednesday, November 28, 2007

Tuesday, November 27, 2007

Р. Чойном - Чи явчлаа



Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...

Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов

Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа

Олон зочин ирсэн, шуугисан
Онцын завгүйд чи явчлаа
Оройн наран сүүмийнхэн
Салхи сэнгэнэхэд чи явчлаа

Онгорхой орхисон хашааны гулдан хаалга
Овилгогүй согтуу мэт савж салбахад чи явчлаа
Гадаа уяатай бяцхан шар гөлөг
Гаслан гангинан цовхчиж байхад чи явчлаа

Явахдаа чи энэ гэр дотроос биш
Яая даа гэсэн зүрхэн дотроос гараад
Уйлан байгаа зүрхийг орхиж
Дуулан одох мэт чи явчлаа

Ганьхарсан зүрх минь энэ гөлөг шиг
Гашлан гангинан цовхчиж байна
Хөрч гүйцсэн дөчин хоёр нас минь
Хөх төмөр гинж мэт харжигнан чангааж
Ийнхүү би үлдэж, чи явчлаа

Ирэх нь магад учирах нь олон гэлээ ч
Итгэл багахан бүүдгэр өдрүүдийн минь өмнөөс
Идэр багахан төлөөлөгч хүн төрөлхтний маргааш өөд
Инээсээр зүү мэт биеэ цэмцийлгэнхэн одлоо

Шүлэг бичдэг үеийн минь үүрийн гэгээ шиг тунгалагхан зүстэй
Шүлгийн минь амт мэт анхил улаахан уруултай
Шүлэг бичээ нь үгүй цаас мэт цав цагаахан шүдтэй
Шүлэг бичих гэж байгаа бэх мэт хав хар нүдтэй

Ийм нэгэн сайхан бүсгүй
Ид арван естэй бүсгүй
Тэргэл сарны завсарт
Тэргэл сарны гэрэл мэт дүүрэн

Эр хүний сүнс мэт цэвэрхэн
Эх нутгийн дуу мэт цээлхэн
Эрх чөлөө мэт омог бардам
Эхний дурлал мэт үзэсгэлдэн төгс

Алхан алхан одлоо
Алс үзүүр нь үл харагдах
Амьдралын замаар тэмцлийн талбар луу
Айх өчүүхэн ч зүйлгүй зориг золбоо төгс
Чи явчлаа ...


Sunday, November 25, 2007

Гийом Аполлинер - Сарнайн ертөнц


Довжоо өөд алгуурхан алхсаар
Домгийн юм шиг хатагтай гэртээ оров
Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж
Амстердамын гудамжаар түүнийг л бараадан
Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв

Хотын гудам аль хэдийн
Хов хоосорч эл хуль болов
Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг
Бүтэн өдөр улирсан мэт санагдав
Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов

Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр
Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар
Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй
Ер бусын удаанаар удаанаар би алхана


Жак Превер - Парисын шөнө



Гүн шөнийн харанхуйг нэвтлэн
Гурван удаа шүдэнз зурав
Ялдамхан царайг чинь харах гэж
Янагхан нүдийг чинь үзэх гэж

Улаахан уруулыг чинь ажих гэж
Удаа дараа гэрэл гаргав
Далай хайрыг чинь мэдрэх л гэж
Дараа нь чамайгаа энхрийлэн тэврэв

Анир чимээгүй балар харанхуй
Алаг дэлхийг дахад л нөмрөв


Акияа Ютака - Сүүдэр



Хүмүүн сүүдрийнхээ дунд эргэлдэмүй
Хүсэвч сүүдрээсээ үл ангижирмуй
Буй юмсыг буйгаар нь яахин таних вэ
Бум бужигнасан хүмүүн урсгал дунд

Галав эртний тэртээх гялбаанаас
Гарцаагүй буй юм сүүдэртэй
Алтан бурхад сүүдэргүй гэж үү?
Аяа юу гэхэв, амраг минь!

Улангассан бид хоёрын үнсэлдээнээс
Улаан гал дүрэлзэж, дарь мэт тэсэр лүү?
Ээжийн агар зандан ой дунд
Эцгийн унагасан сүүдэр буюу би



Жерар Де Нервал - Ойд



Хаврын шувуудын гуниглангуй ганганааг
Хайрт минь яагаад тоохгүй байна
Хайлам уярам намуухан анир сонсогдохгүй байна гэж үү?
Хаа сайгүй шувууд жиргэсээр л

Зуны ойд шувууд сүрэглэн ниснэ
Зуурдын дурлал гэж тэдэнд байдаггүй
Шунан тачааж өөр бусдыг тэд хайдаггүй юм
Шувуудын үүрнээс дурлалын жиргээ дуурссаар л

Манант намрын улирал хэвийж оджээ
Маргааш гэхэд л хүйтний эрч чангарна
Шувуудын хичнээн жаргалтай байсан ч
Шугуйд бас л хагацал тасардаггүй
Юутай гуниг . . .


А. Эрдэнэ-Очир - Голын тохой дээр



Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа


Ц. Хулан - Би ч бас ийм л явсан



Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан

Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан

Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг

Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа


Ц. Хулан - Чи л битгий



Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо

Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь

Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хvлээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй


Р. Чойном - Залуу нас



Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!


Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


Б. Явуухулан - Алаг дэлхийд төрсөн минь учиртай



Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай


Б. Явуухулан - Би хаана төрөө вэ?



Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би


Б. Лхагвасүрэн - Боржигины бор тал



Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь


Б. Лхагвасүрэн - Аргаа барсан шүлэг



Өдөр өдрөөр архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь

Архиар иссэн уураг тархи
Аавыгаа бодохтой манатай болдог юм байна
Бурууд алдсан ухаан гэдэг
Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна

Үүл буусан толгой гэдэг
Үгэнд дийлддэг эд биш юм байна
Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх
Үүрдийн их лай юм байна

Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой
Их л сайн хүү байсан даа, чи
Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж
Янаглан хорлож дотроос чинь хэмлэв

Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн
Сар наран дор чи намайг жаргаасан
Жимс шиг хацрыг чинь үнсэж
Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн

Жирийн заяа азаар тэгширч
Жаргал гээчийн бэлд нялхарсан
Ижий бид хоёрын чинь амьд яваа нь
Илүү юм биш биз дээ . . .

Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож
Эндүүрч яваа юм биш биз дээ . . .
Эцсийн амьсгал татахдаа би
Чамд зовж хахмааргүй байна . . .
Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод
Чамайг орхиход аймаар байна

Аргиж хатсан хоёр хайлаасны сүүдэр дор
Архины шилээр тоглож суугаа үр минь
Амьдын энэ хорвоо чинь
Алаг л гэнэ, хар нь дийлэнх юм шүү дээ . . .

Өдөр болгон архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Ухаарлын их бяр өөрөөсөө гарга л даа чи
Ухааны тэр их дарсыг чинь аав нь залгилж
Жавар инээдийн энэ их хорвоод
Жаргалтай аав яваад авс жийе, үр минь


Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад



Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Уул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг үнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан



Wednesday, November 21, 2007

1903 он Бьёрнстьерне Бьёрнсон (1832-1910)

1902 он Теодор Моммзен (1817-1903)




Германы түүхч Теодор Моммзен тэр үед Данийн мэдэлд байсан Германы Шлезвиг-Гольштейне гэдэг газар нэг их чинээлэг биш протестант шашны ламтаны гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг Теодорын хар багаас нь уран зохиол болон герман хэлний амтанд оруулж авъяаслаг хөвүүн гимназиа төгсөөд Килийн хууль цаазын факультетад хялбархан элсэж 1843 онд төгсжээ. Улмаар Данийн засгийн газраас тэтгэлэг авч эрдэм шинжилгээний томилолтоор Итали руу явах боломжтой болсон бөгөөд тэндээ очоод Моммзен 4 жилийн туршид Ромын түүхэн гар бичмэлүүдийг судлан шинжилжээ. Эдгээр он жилүүдэд цуглуулсан материалууд нь Моммзены бүхий л амьдралын туршид хэвлэгдэн гарсан хорин боть бүхий томоохон бүтээл болох "Corpus Inscriptionum Latinarum"-ын үндсэнд шингэсэн юм. 1847 онд Киль хотод эргэн ирээд тэрээр Шлезвиг-Гольштейне дахь Данийн ноёрхолын эсрэг бослогод оролцсон байна. 1858 онд тэрбээр Берлинд үүрд суурьшив. Энд тэрбээр Берлины их сургуулийн эртний түүхийн тэнхимийг удирдах болжээ. Аль Цюрихт байх үедээ Моммзен өөрийн гол бүтээл болох "Ромын түүх" дээрээ ажиллаж эхэлсэн аж. Уг бүтээлийн эхний гурван боть 1854-1857 оны хооронд гарсан бөгөөд дөрөв дэх боть бичигдэж дуусаагүй юм. Харин сүүлийн тав дахь боть 1885 онд хэвлэгдэв.

"Ромын түүх" зохиол Германд ихээхэн амжилтанд хүрсэн аж. Зохиогчийг амьд сэрүүн үед л гэхэд уг бүтээл есөн удаа хэвлэгджээ. Уран зохиолын гайхалтай хэв маягийг шинжлэх ухааны дүн шинжилгээтэй чадварлагаар хослуулж чадсан нь түүхчийн бүтээлийг өнөөдөр ч гэсэн сонирхолтой хэвээр байлгаж байна. Энэ л бүтээлээрээ Теодор Моммзен түүхэн сэдвээр бичдэг томоохон зохиолчийн хувьд 1902 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Теодор Моммзен 19-р зууны II хагасын нийгэм улс төрийн салбарын идэвхтэй зүтгэлтэн байсан төдийгүй нэг бус удаа Пруссийн парламент, Герман нэгдсэний дараа Рейхстагийн гишүүнээр сонгогдож байв. Германы нэрт түүхч Теодор Моммзен Нобелийн шагналтан болсноос нэг жилийн хойно хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Хүн төрөлхтний хамгийн хүчирхэг орон зай өөрийн хязгаартай байдаг. Түүний дотор өөрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж арвин ч хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч үл биелүүлнэ.

***

Яруу найраг нь тачаангуй яриа. Харин түүний хувьсах айзам аялгууг бүтээдэг. Энэ утгаараа яруу найраг төдийгүй хөгжмийн урлаг бүхий л ард түмний сэтгэлд оршино.

***

Аугаа хүн болоод арчаагүй арчаагүй нэгнийг ч авс үл ялганам.

***

Эх дэлхийг эзэгнэх гэдэг хэцүү. Харин тэрхүү ноёрхлоо хадгална гэдэг бүр ч амаргүй.


***

Хэн нэгний эрхшээлд байсан ард түмнийг гартаа барихаас илүү эрх чөлөөт үндэстнийг эзлэн түрэмгийлэх нь амар байлаг.


1901 он Сюлли-Прюдом Франсуа Арман (1839-1907)





Францийн нэрт яруу найрагч Сюлли-Прюдом Парис хотноо төржээ. Хүү дөнгөж 2 настай байхад түүний эцэг насан эцэслэв. Авъяас чадвартай хүү лицейд маш амжилттай суралцсан бөгөөд тооны хичээлд тун сайн байв. Гэвч нүдний хүнд өвчин нь цаашид суралцахад нь саад болсон тул тэрээр нотариатын танхимд албан хаагч хийжээ. Ажиллахын сацуу тэрбээр өөрийгөө боловсруулж байсан ба энэ л үеэс шүлэг бичиж эхэлсэн байна.

Шүүмжлэгчид түүний анхны түүвэр болох "Стансууд хийгээд шүлгүүд"-ийг маш дотно хүлээн авчээ.



"Авгиевын адууны хүрээ" /1866/
"Ганцаардал" /1869/
зэрэг удаах номуудыг нь уншигчид амтархан уншсан гэдэг. Түүний энэ үед бичиж байсан шүлгүүдэд хайр сэтгэлийн сэдэв голлож байлаа.
1870 онд (нэг жилийн дотор) түүний хамгийн ойр дотны хүмүүс болох ээж ах хоёр нь нас барж, найрагч хүндхэн шалгуурыг даван гарсан юм. Сюлли-Прюдом сайн дураар цэрэгт татагдан Прусстэй хийсэн дайнд оролцсоны үр дүнд сайн бус эрүүл мэндээ бүр мөсөн муутгасан аж.

"Дэмий энхрийлэл" /1875/ шүлгийн түүвэр
"Шударга ёс" /1878/
"Аз жаргал" /1888/
гэсэн хоёр найраглал бичсэн ба
"Яруу найргийн гэрээслэл" /1900/ нэртэй өгүүллийн түүврээ хэвлүүлжээ. Улмаар түүний ном зохиолууд утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 1901 онд утга зохиолын салбарын анхны нобелийн сагналтан болгосон юм. Энэ шийдвэр зарим нэг талаар утга зохиолынхонд гайхшрал төрүүлсэн бөгөөд олон хүн уг шагналын анхны эзнээр Лев Толстойг нэрлэсэн байжээ.

Амьдралын сүүлийн жилүүдээ
Сюлли-Прюдом хүндээр өвчилж байгаад Парисаас холгүй орших гэртээ насан эцэслэжээ.

Янз бүрийн хүмүүс. Гэгээ болоод харанхуй.
Хавцал хийгээд хүрхрээн чимээ ...
Энэ бүгдийн адил чанар бол
Ихэмсэг зантаны хоосон дэмийрэл!

***

Зон олон гэгч наран дор холхисон хүн сүрэг юм.

***

Дээрэмчин хийгээд гэгээнтний зам салшгүй холбоотой ...

***

Хайр сэтгэл бүхнийг ялна.

***

Хүн хорвоод мэндлэхдээ ч, буцахдаа ч ганцаараа.

***

Хүмүүний амьдрал зхэлд бэлтгэх өдөр тутмын хичээл байдаг. Бид амьдрахад бус үхэхэд суралцдаг. Гэхдээ маш муу дүн авах юм.


Friday, November 16, 2007

Омар Хайяам



Дуулим энэ орчлонд богинохон амьдрах тавилантай та бид

Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөөн бид орхихоос хойш
Мөнхрөх эсэхийн талаар бодож суух нь илүү ажил гэлтэй

Чимэг зүүлтээ хүүхнүүд гоёлоор л зүүдэг биз дээ
Чиний минь царай наддаа гоёлын чимэг гэлтэй
Цамхаг дээрээс тэнэг улс төрчид юу гэж хашгирах нь хамаа алга
Цаана нь гагцхүү үхэл байгаа цагт бүгдийг март


Thursday, November 15, 2007

Эртний Герегийн 7 мэргэн - 2 Питтак






Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (651 онд төрж 82 наслаад 596 онд нас эцэслэжээ) Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак (Pittacos) нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чадахгүй тийм бүдүүн хүн байжээ. Мэдээж хэрэг хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байсан ба чадварлаг дайчин байжээ. Афинтай хийсэн тулаанд эсрэг талынхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичигдсэн нь бий. Язгууртны хүрээнд орох гэж сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямаргт дорд үздэг эхнэр нь үүнийгээ олны өмнө ч нуудаггүй байсан гэдэг. Питтакийн хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгнээс бүрддэг юм. "Сайн Хүн Байх Хэцүү" хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ.

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?
Сайн ХҮН байх хэцүү юу?
Сайн хүн БАЙХ хэцүү юу?
САЙН хүн байх хэцүү юу?

Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй. Тиймээс өгүүлбэр тус бүрийн утгачлан буулгавал:

Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?
Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?
Сайн хүнд ОРШИН АМЬДРАХ НЬ хэцүү юм уу?
Хүн байх нь бус харин САЙН ХҮН байх нь хэцүү юу?

Дөрөвхөн үгний цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакийн ухааны цар болой.

Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаантны зан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэнэ гэдэг зоригтны араншин.

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.

Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг нь хийснээс ч дутуугүй үр дүн билээ.

Сэдсэн ажилаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.

Питтак


Эртний Герегийн 7 мэргэн - 1 Фалес






Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (625 онд төрж 78 наслаад 547 онд нас эцэслэжээ) Бага азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог билээ. Яагаад Фалес эн тэргүүнд бичигдэх болов? Энэ их учиртай.

Нэгэнтээ Герегчүүд өөрсдийн дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулах болжээ. Бүгд зөвлөлдөөд мөнхүү бэлгийг Фалест хүргүүлжээ. Гэтэл Фалес даруу зан гаргаж, өөр нэг ухаантныг нэрлээд "Тэр л энэ бэлгийг авах ёстой" хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан 3 дахь ухаантныг нэрлэх нь тэр. Ийнхүү үнэт бэлэг 7 мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест ирсэн гэдэг. Эртний сод сэтгэгчидээс 7 мэргэн хэмээн онцолсон нь чухамдаа энэ л түүхтэй холбоотой болотой.

Фалес байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн бөгөөд нар хиртэх нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх баталж, диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийн эхэлж томьёолсон
ажээ. Геометрийн ололтуудыг анх Герегт дэлгэрүүлэн хөгжүүлсэн Фалес цац суврагуудын өндрийг сүүдрээр нь тооцоолон гаргаж байсан гэдэг. Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа:
- Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад:
- Ямар ч ялгаагүй гэхэд нь,
- Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоох гэж оролдоход нь суут мэргэн:
- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг.

Аристотель: Фалес бол эртний герегийн анхны философич.
Цицерон: Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв.

Өөрөө хамгаас шилдэгт суралц. Бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.

Фалес.


Monday, November 12, 2007

Эдгар По - Хайрын тангарга



Тэнгэрийн диваажин дахь ариун бурхад ч
Тэнгисийн гүн дэх албин чөтгөрүүд ч
Аль нь ч миний сэтгэлийг үзэсгэлэн гоо
Аннабел Лийн сэтгэлээс хагацааж үл чадна


Ф. Гарсиа Лорка



Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол, чамд ямар ч найдлага алга.



Такабоку Ишикава - Намрын тэнгэр уйтай хоосон



Намрын тэнгэр уйтай хоосон
Ядахнаа хэрээ ч нисэхгүй


Дёрдь Петри - Эрин үе ...



Эрин үе амь тавьлаа, ялзарсан үнэр ханхийнэ.
Эвдэрсэн тэр л тоглоомд дуртай байсан минь тоогүй


Уоллес Стивенс - Тэнгисийн эрэг дээр ...



Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна
Тэр хоолойн суу билэг давалгаанаас өндөр ...


Б. Эрдэнэбулган - Ээждээ



Хаанаас ч юм бэ тэр мөнхийн усийг олвол
Хайртай ээждээ өгөлгүй асгаж л орхиноо би
Орчлон ертөнцийн хаалгийг цөмөөрөө бид түлхэхээс хойш
Орь ганцааранг нь үлдээж амьдын тамд унагахгүй ээ би

Цохлоод ирдэг үйлийн үрээр ар араасаан цуварч
Цор ганцааранг нь үлдээгээд үр бид нь явчихаар
Үсэн буурал ижий минь өөрийн гараар биднийг үдсээр
Үхэлгүй хутгийг олсон ч мөнхийн шаналалд орно биз ээ

Үймүүлж сахилгагүйтэж өчнөөн хэл ам таталж зовоодог
Өнөөх гайхал Булгаа чинь өнхрөөд л таны өмнө орох юм бол
Үргүй хүн жаргадаггүй биз дээ миний ээжээ
Үнэндээ та бид хоёрт мөнхийн ус хэрэггүй биз дээ


Б. Эрдэнэбулган - Гэрээслэл



Тэнгэр таалсан зарлигийг тэрсэлж хэн зөрчих юм бэ?
Тэргүүн гудайх цаг нэг л өдөр ирнэ ээ.
Эрлэг номун хааны нясалж орхисон хясаа
Эрт орой нэгэн цагт онох л болно оо намайг

Мөнхийн зүүдээ манах хожмын тэр цаг дор
Миний хойно үлдэгсэд харамсаж бүү гашуудаарай
Үхсний хойноос дагадаггүй үйлийн хуулийг дагаж
Өөрсдийн эдлэх зовлонгоор жаргалын муврагаа урлаарай

Шарилыг минь тойрч зогсоод нулимсан дусал бүү унагаарай
Сайн хүн байсийм гэж хоосон бүү магтаарай
Алга дарам цаасны шажигнах чимээ ч бүү гаргаарай
Алсын аяндаа би чинь тайван явж л чадахгүй шүү

Өөжин цэнхэр хангайн минь наран ээвэр энгэрт
Өвгийн өвөгтэй минь зэрэгцүүлж нутаглуулах гэсний ч хэрэггүй
Өнгөцхөн энэ хорвоод мөнхийн бадагаа тэрлэчихээд
Өөрөө өөрийгөө гагцхүү шүлгэндээ би оршуулнаа



Б. Эрдэнэбулган - Найздаа



Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө хатуу байдаг болохоор
Аманд чинь ороx нулимс гашуун байна уу найз аа

Халуун зүрхнээс шиврэх гунигийн зөөлөн бороо
Хархан сормусанд бүдрэх ганцхан дусан нулимсанд
Хан хорвоогийн амьдрал бүхлээрээ багтдаг болохоор
Хайртай чинийхээ нулимсыг арчиж өгөхгүй би

Өвсний шүүдэр адил бөнжийх дуслыг арччихвал
Өөрийн гараар чиний амидралыг бусниулчих болохоор
Сормусан ширхэгт хуваагдах зүрхэн хээтэй нулимсыг
Солиороо нь үгүй юм бол би юу гэж арчих юм бэ?

Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө гашуун байдаг болохоор
Аманд чинь орох нулимс шорвог байна уу найз аа


Такабоку Ишикава - Си Матын дууч хүүхэн гэж ...



Си Матийн дууч хүүхэн гэж
Сэдэж чамайг хэн хочилсон юм бэ?
Хэлээрээ шүр гижигдэхийг
Хэдийдээ ингэтлээ сурчихсан юм бэ?
Ай жаргалан, ашдийн жаргалан.


Кобаяши Исса - Өвлийн хайку



За тэр, миний өмнөөс
Шинэ оны анхны усанд
Хэрээ шумбаж байна.


Като Коко - Өвлийн хайку



Юутай гүн бэ?
Цэв цэнхэр тэнгэрт
Нүцгэн модод живжээ


Като Сюсон - Өвлийн хайку



Өвлийн цагаан сарнай
Хэвтрийн хүний нүдийг
Яасан их гялбуулнав!


Накамура Кусатао - Өвлийн хайку



Шарилын чулууг
Өвлийн талд би
Замын тэмдэг гэж харлаа


Накамура Кусатао - Өвлийн хайку



Өвлийн тэнгис!
Тэргүүлэгч цэцгийн тасарсан дэлбэс мэт
Цахлайнууд хөвнө


Иида Дакоцу - Тоншуулын чимээ ...



Тоншуулын чимээ -
Ууланд суусан алсын үүл рүү
Цуурай нь долгилно


Ошима Рёта - Гэрийн эзэн ...



Гэрийн эзэн,
Гийчин хоёрын дунд
Цагаан цоморлиг нам гүм -


Ёса Бусон - Зуны хайку



Сэрүүсчихлээ!
Хонхны дуу
Холын холд замхарна ...


Мизухара Сюос - Модон хүүхэлдэй ...



Модон хүүхэлдэй -
Хэдэн зууныг нэвт
Амарлингуй нүдээр ширтэнэ


Ёса Бусон - Гар дээр суусан эрвээхэй ...



Гар дээр суусан эрвээхэй
Хичнээн тунгалаг билээ,
Хэн нэгний сэтгэл шиг!


Ёса Бусон - Бургаас булгарчээ ...



Бургаас булгарчээ,
Горхи ширгэжээ,
Нүцгэн чулууд ...


Масаока Шики - Хаврын налгар өдөр ...



Хаврын налгар өдөр

Хатаахаар дэлгэж тохсон
Улаан торгоны үнэрийг ээ!


Масаока Шики - Дуусч байгаа намрын



Дуусч байгаа намрын

Гунигт автсан надад бол
Бурхад ч, Будда ч эс орших ...


Шико - Чамд би юутай атаархана вэ ...



Чамд би юутай атаархана вэ!
Гоо сайхны оргилд хүрээд
Унах юм, чи, навч минь!


Кобаяши Исса - Гунигт орчлон ...



Гунигт орчлон!
Интоор цэцэглэж байхад ч ...
Бүр ийм үед ч гэлээ ...


Кобаяши Исса - Интоорын цэцэгс



Интоорын цэцэгс
Тэнгэрээс унасан мэт,
Тийм сайхан!


Кобаяши Исса - Амьдрал гэдэг шүүдэр ...



Амьдрал гэдэг шүүдэр.
Шүүдрийн дусалхан байг,
Гэлээ ч гэсэн дээ ...


Тиё - Цаасан цонхыг ...



Цаасан цонхыг

Цоолох хүнгүй боллоо.
Гэтэл гэрт хичнээн хүйтэн!

Япон орны хойд нутгийн өвөл их хүйтэн. Хятад маягийн цаасан цонх л хүйтэн жаврыг халхална. Тие ядуу хүний эхнэр байсан ба томоогүй хүү нь цонхыг хуруугаараа цоолж төвөг удна. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихсан тул хэн ч цонх цоолж хүйтэн жавар гэрт оруулахгүй. Салхигүй дулаан байшинд гэвч ямар ч жаргал алга. ХИЧНЭЭН ХҮЙТЭН! Унших бүрт уйлмаар ...


Мацуо Башё - Дэндүү хурц нар ...



Дэндүү хурц нар
Хайр гамгүй шарна,
Намрын салхи


Мацуо Башё - Үг хэлмэгц ...



Үг хэлмэгц
Уруул жиндэнэ -
Намрын салхи


Мацуо Башё - Хуучин цөөрөм



Хуучин цөөрөм.
Мэлхий үсэрч,
Ус цалгилаа.


Мацуо Башё - Нүцгэн мөчир дээр ...



Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ сууна ...
Намрын үдэш.


Sunday, November 11, 2007

Ш. Гүрбазар - Ижий танаа



Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч ижий минь та гарын хаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ

Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтлөж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ

Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү!


Ш. Гүрбазар - Орчлонгийн дутуу



(Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа)

Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан

Одоо тэгэхнээ

Алтан гадасны од аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа алга байна
Өлзийт булгийн халгайны өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа эзгүй байна

Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна


Р. Чойном - Хүйтэн шөнө



Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ

Өргөн хөнжлийн буланд хохийж
Өвөр дотуур салхи сэнгэнэнэ
Өчнөөн бодол од шиг өнгөц
Өглөө болтол хот шиг хол оо.


О. Дашбалбар - Тэнгэр шиг бай!



Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...


О. Дашбалбар - Би эгэл хүн



Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч ...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч ...

Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд

Би-яруу найрагч

Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож барья
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

1981.12.20


Б. Ренчин - Монгол хэл



Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!


Болор цом - 2006 он



Б. Галсансүх - Англи хэлэнд итгэж зориулав

…Чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
Б.Ринчен

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.


Болор цом - 2005 он



Ж. Мөнхбат - Бурхан хүсэл

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон
Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж
Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж
Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж
Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж
Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж
Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж
Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан
Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна
Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна
Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг
Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе
Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.
Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг
Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран дор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү,
Бурхан чамайг бурхан өршөөг өө!


Болор цом - 2004 он



Ж. Баяржаргал - Арга билгийн ертөнц

Хөхөмдөг манант ертөнцөд сэтгэхүйн тулааныг өдөө гэж
Хүн сүмбэ гүрнээс эзэн богдын зүг давалгаа хаясан
Хүрэн улаан тамлага цус ихтэй тэнгис
Булгилж түрхрэн байж намайг төрүүлсэн юм
Бурхад нь эзэнгүй юм шиг шивээ хялганатай тал нутаг
Өргөслөн тарчлааж тосч авсан
Түүхийг буцаах хүрдийг Архимед шиг хөшинө гэж
Төмөр хаан Бурашанинтай нийлж овоолсон хүний араг яс
Нурж шаргин байж намайг төрүүлсэн юм
Номын мэргэд нь эзэнгүй юм шиг
Шиминус чөтгөрийн тогоо хөмөрсөн гүйдэл дундуур өсөн торнисон
Амьд байгалийн цус нулимс хар хөлсийг мэдэр гэж
Ассурын орны цохилтын гэрэлт долгион уулзаж тэсэрнэ
Дорнын хээр талыг цөмлөхөд би төрсөн
Угаасаа эзэнгүй эх нутгийн
Хайлмаг нарны гэрэлд жихүүцэж амьдарна
Дэлхийн явдлыг гэрлийн жилтэй харьцуул гэж
Дайсуны бөмбөрцгөөс гадагш тийрэлтийн үзэгдэх зураа
Цацран соёрхож төв Азийн үүрийг мандуулахад би төрсөн
Тэнгэрийн сүүн зам эх барьсан эл өндөрлөгт
Тэнгисийн шуугиан хүрч иртэл эх нутагтаа би амьд явна


Болор цом - 2003 он



Д. Урианхай - Шөнийн онгоц

Гэнэт сэрэггүй цочин,
Гэгээн-харанхуй тэнгэр рүү нүд зүглэв
Гэрлэн мөрөн агаараар урсах шиг
Долоон бурхан газар руу уралдах шиг
Дотор загатнуулсан хурц туяан бороо харц урхдав
Онгоц!

Харанхуй шөний тэнгэрээс
Халим шиг аварга онгоц
Сансраас үг чирэн ирэх шиг
Салхиараа модод залбируулан шунгаж
Буудалд газардаж харагдав
Би ч ялгаагүй, хэзээ нэг
Гэгээн-харанхуй тэнгэрээс

Гэнэт,
Шөнийн онгоц шиг газардаж
Жигүүрээ хумина...
"Урианхай наснаас..." гэсэн
Уулс нүүх мэт үгс,
Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй
Халим шиг том онгоцны
Улс улс асах гэрэл шиг
Тэнгэр цуулан тарна...
Жижигхэн зай бараагнуулах
Жирийн мэдээний үг бүр
Цагийн завсаргүй ургасан
Цагаан уул-амьдралын минь
Үнийг зарлаж "лацадсан"
Үнэний тамга дэрлэж үлдэнэ...

Би-
Хэмжээнд харгалздаг орон зайд

Хэт шөнөдөөд
Буудалд бууснаас биш
Тэнгэрт олсон зайгаа шахуулж
Тэнхээ, түлшээ замд барснаас
Газардаж буй бус шөний онгоц!
Түр буудаллаад эргэж ниснэ
Түлшний минь чанар нээгдээгүйгээс
Нэрлэж би эс чадна...
Хурдан морьдын эргээнд
Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралыг
Хуй салхины алгадалт шиг зовлонг
Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан
Цаг нь түлхэгдээгүй
Дуу нь зохиогдоогүй
Ирээдүйн инээдэнд "хайлуулах""-аар ниснэ!
Суух гэж уралдагсдыг багтаах гэж
Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр
Хоосонд тэлж буй орчлонгийн
Хорох нь ховор зайнаас халиад
Ус, гал хилгүй сүлэгдэх
Учирзүйн хязгаар руу мултарч
Дэлхийгээсээ дэндүү алсад дэлбэрч
Харагдахгүй удаа ч магад!

Гэвч,
Гэгээн-харанхуйн зүйг нууцалсан
"Хар хайрцаг" минь бүтэн
Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн
Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй
Ишиг, хурганыхаа бэлчээрт
Бор шувуу шиг бууна аа!


Болор цом - 2002 он

А.Эрдэнэ-Очир - Зам

Удахгүй оруулна

Болор цом - 2001 он



Ц. Бавуудорж - Хүрэл чоно

Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу , хүн хоёроос өөр
Хөрстөд нэн ч сонсохгүй , сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр , тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаниюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихи хутагийн буурин дээр оуойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж улисан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурвэн зуун ясны мнь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина ...


Болор цом - 2000 он



Г. Мөнхцэцэг - Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг

Энгэрийн чинь дууг сонсож
Эвэршиж хатсан сэтгэлээ хөглөж
Эгшиглэнт эх таны өлмийн салхийг үргээж
Эрхэлж гуйх нэгэн шүлэг өргөмүү:
Гэрийн үүдийг угаах гэж эм амьтан бүхэн сүүтэй төрдөг юм гэнэ
Эгшиг дуу алдуулж ятга юугаа тоглож
Энгэр ялдам Янжинлхам тэнгэрээс хааяа бууж ирдэг юм гэнэ
Үгээ барж хэлье , үнэнээ дэлгэж хэлье
Цөхөрч мөргөсөн бүхнийг сүүдэртээ ч болов багтааж хайрлй
Авьяастай нь мөлхөж , азай нь хөлжиж
Шүлэглэдэг , эгшиглэдэг алин боловч
Шуналт эрвээхэйн үлгэр шиг
Шатаж үхэж байна энэ хорвоод чинь
Өөрийгөө хоосолж бусдыг жаргаадаг
Өөхөн денгийн гэрэл шиг нар сарыг нэвширтэл нь дуулчихаад
Намарждаггүй шувуу шиг хурдхан үдэлчихдэг
Нулимс ихтэй энэ урлагийнхний насыг нь жаахан нэмж хайрла
Хааны ордон хатдаар хахаж байхад
Харин л муусайн салбдай нар тэднийг инээлгэх гэж
Хагарсан шаазан эвлүүлж ядах шиг
Хар үс нь дотроосоо цайж байдаг юм
Олныг баясгасан нэг нь жаргадаг гэдэг худал байна
Овоо л амьдарсан даа гэж итгэсэн минь худал байна
Одод унаж иртэл ганган дуулдаг Дашням
Гартаа тулах таяггүй сөхөрсөн гэдэг
Гишгэж яваа энэ газрыг минь хаана нь од домнож байгаа юм бэ?
Нацагдорж , Ядамсүрэн , Чойном нарын урьдад жаргасан нь хаа байна бий тэд
Сэрүүн амьддаа зурж зурж асаагаагүй галыг нь
Сэмхэн хулгайлаад үлдчихсэн юм шиг одоо л бид өртөж байна шүү дээ
Элдэвлэж элдэвлэж энгэр цоолдог одон шагнал
Элээтлээ ямар эдэнтэйгээ цуг байх биш
Ихийн их авьяас харин эзнээ дагуулж буцдаггүй юм
Асгарсан дарс шиг үерлэж үерлэчихээд
Ардаа орхих үеэ согтоож үлдээдэг юм
Эгшиглэнт тэнгэр Янжинлхам минь сонсож хайрла
Ядарсан Монголын минь ахадсан ухааныг
Хярвасан дөнхөөс нь салгаж хайрла
Ямар хүнээс харамлаж наргих биш
Ямартаа баясгадаг авьяасыг нь өнгө оруулж хайрла Янжинлхам минь .


Болор цом - 1999 он



Ц. Чимэддорж - Элсэн тасархай

Хөх тэнгэр хэцэлсэн
Чингисийн морины уяаны мод
Хөгнөхан, Батхан
Хөглөрсөн их уулсын дунд
Нарлаг торлог халтар элс
Эмгэн харганатай бөхийсөн
Элсэн тасархай
Бөгтөр сэрвээ нь бөөрлөнө
Туулай хяр нь бүдэг хул зээ нь
Салхитай үймсэн газрын заадас шиг энэ элс
Тэнгэрийн каадал руу нурж буйлсан
Галав элээсэн алтан бүргэдэс
Тэмүжиний хөсөгтэй нүүж туусан
Морь болгон нь тамгатай
Монгол газрын тасархай
Гүрнийг зангидсан дэлхийн
Гүрвэлийн чинээхэн улаан элс
Унтарсан санаатай хүмүүний
Ухааны завсраар асгарсан
Зээрийн мөртэй шар нурлага
Дээгүүр нь ниссэн шувуу
Хийсч тасарна
Хоёр айл унь нь шажигнаж тасарна
Хонь мал нь майлалдан тасарна
Гүмхэн хонгор өвс нь орилолдон байж тасарна
Хазаарын наран үүрсч тасарна
Харсан хүний хөмсөг нумарч тасарна
Монгол өөртэйгөө оролдож тасарна
Эзэн тэнгэр тасарна.



Болор цом - 1998 он



Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггvй шиг
Yнэнээ хэлье!
Нулимсаараа зуурч хэлье!
Хагацахын цагт vхэл давж уулздаггvй шиг
Yнэнээ хэлье!
Амьсгалаа эангидаж хэлье!
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бvгдээрээ миний нvдэн дотор л тvгдэг байсан...
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн дэлхийн наран над дээр л асгардаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Араг vvрсэн ижийнхээ ар еверт гvйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бертен бертен зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бvжин бор хелийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурхны евер дээр тоглодог байсан
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv немерч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Уул уулын орой уулздаггvй шиг
Vнэнээ хэлье!
Эсээ шатааж хэлье!
Урсгал усан эргэж урсдаггvй шиг
Vнэнээ хэлье!
Цусаа буцалгаж хэлье!
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогоос vхлээс бусдыг тоож гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...


Болор цом - 1997 он



Д. Цоодол - Хуучин дэр модны дууль

Терсен заяа минь хар мод билээ
Теерсен заяа минь
Темер замын дэр мод билээ

Хув хуучин дэр мод билээ
Цагтаа би жаргаж
Цармын хустай наргиж
Бийр шиг согсгор мечреерее нар едсен
Битvv хар шенеер тэргэл сар бодсон
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа
Салж унахын тухай л зvvдэлсэнгvй явлаа
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад егсен юм
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм
Сvvдэрт минь амрагууд болзохоо байв
Сvрэг шувууд мечир дээр минь буухаа байв
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав
Хээгvй, хуучин дэр мод болов оо
Саруул уйтан хорвоог би дэрлэж
Салаа ган зам намайг дэрлэж
Сар едрvvд шиг галт тэрэг дээгvvр минь цувж
Сая сая хvмvvс галт тэргээр цувж
Ган замыг теелеед хязгааргvй
Галт тэргийг тоолоод хязгааргvй
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин
Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин
Хараал, ереел, хан хорвоо шиг хуучин
Хатуу хэцvv ажил минь л дандаа шинэ ээ

Хаан харц хоёулаа ган замаар морилдог
Хатан болд замыг нь дэр мод мерледег
θдержин шенежин галт тэрэг давалгаа шиг нижгэнэдэг
θвген дэр мод доороос нь данхраад шиг тулж байдаг
Йишээ тийшээ яарахаас нь еер
Илvv чухал ажил хvмvvст байдаггvй
Дэмтэй дэмгvй холхих та нарын хелд
Дэлхий ядарч, дэр мод элэгддэгийг мэддэггvй ээ
Тэглээ гээд би хугарч нугарч болохгvй
Тэнхээ шавхсан ажлаасаа хуучин дэр мод халагдахгvй
Хэрвээ би л хотойх юм бол
Хэц ууланд, хэнз мод унах билээ
Хэцvv дэр модны албанд
Хэзээд нэг маань биеэ золих билээ
Алжааж, тэсэж,хатуужсан хуучин дэр мод би
Арай л vнс, тоос, шороо болж vзээгvй дайчин дэр мод би
Ачаатай ачаагvй, хvнтэй хvнгvй цуваа бvгдийг чинь даая
Дэлгээ хех тэнгэр,
Бурхад, четгер
Дэвэлзэж яарахын одонд терсен
Хvмvvс та нарыг цемийг чинь даая
Дээр нь бас юу байна, дааяа
Би бол
Хуучин дэр мод
Мод нэртэй темер
Эр мод оо!
Монголоо гэсээр дуусах
Дэр мод оо!


Болор цом - 1996 он

Д. Төрбат - Ижий шүлэг

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хүйг тасдаж хайчлахад
Ижий минь сүү болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хүү болон
Нар руу ургаж эхэлсэн, Харин
Гарын минь сүүдэртэй цуг
Гал самардан
Хөлийн минь сүүдэртэй цуг
Хөө өшигчин
Yхэл надтай
Ихэр төрсөн
Yнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсээн!
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс харамлахдаа
Халууныг минь биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзийтэй ижий өөрийгөө мартсан !
Сүүн мөрөн минь гэнэт ширгэж
Сүүлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул өвөр дээр нурахад л
Илий орчлонд үхлийг анх үзсэн !
Алаг заяанаас
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж

Энгэрт асах үртэй болоод
Аминаасаа илүү үрээ хайрлах
Амьтны зөнг биеэрээ амссан !
Заяагүй хар нэхлийг бүүр таньсан !
Замгүй хар үхэлтэй нүүр тулсан !
Сүүдэр дагасан энэ үхлээс
Сүү үнэртсэн үрээ өмөөрч
Хаалган дээрээ
Жагарын найман тахил зуруулсан
Халз хоймороо
Жаргалын найман морь тахисан
Чагтага юугаар өлзий утас ороосон
Чандмань бумбаар өлгийн буян хураасан
Ширмэлээ хүртэл насан хээтэй хийсэн
Ширдэгээ хүртэл нар зөв тойруулсан
Бойтгондоо хонхтой
Бор халзан туулайгаа
Зүглээд ирэх элээн сүүдрээс харамлан
Зүүн хацартаа нааж,
Зүүдэнд хуурах үнэгэн гүйдлээс харамлан
Зүрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан үрээ өсгөнө
Хийморийн сан тавиулан өсгөхдөө л өсгөнө
Yхлийг үхтэл нь хуурч чадахгүй ч
Yрээ өстөл нь үхлийг хуурч дөнгөнө!



Болор цом - 1995 он



Б. Доржпалам - Хөөрлийн шүлэг

Тэр vнээн! би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж өөрийгөө
Харсаар байтал худлаа хэлж
Халуурч шvлэглэсэн хvн
Тэргэл цагаан сарыг нь чамайгаа гэж
Бvлээрч шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл
Будант тэнгэрийн танихгvй оддыг минийх гэж
Булааж шvлэглэсэн хvн ,хvлцэл ечмvv!
Өчсөн, өчөөгvй би дэхиад л
Онгирох нь
Өндөр тэнгэрийн vvлс ахиад л
Зангирах нь
Хvлэглэж давхисан морины ам ч
Халах нь
Хvрдэн их дэлхийг мендер цохьж алах нь
Минийх гэж хэлэх нь
Онгирох юм надад их бий
Хялмаалсан олон одод миний
Алаг нvднээс аргамжаатай
Хязгааргvй их тоо бvхэн миний
Арван хуруунаас торгомжоотой
Миний
Онгирох
Орон зай ийм!
Өөрчилж зогссон газар бvхэнд
Өөрөөс минь vvсдэг
Дөрвөн зvг vзvvргvй
ӨндрӨӨс минь дээшээ
Өсөж vргэлжилсэн
Босоо шулуун хязгааргvй
Миний
Хеерех
Хөх тэнгэр энэ!
Би онгирахдоо
Цэнхэр хорвоогийн уудамд
Шахцалдахгvй тонгочих гэсэн юм
Цэнгэг усныхаа мандлаас
Шартахгvй залгилах гэсэн юм
Онгирох юм надад их байна
Yгvйрлийн зуднаас
Тvрvvлж нvvгээд
Багширсан сvрэг байна
Yvлэн сvvдэрээс хоцорч нvvгээд
Бараадсан бууц байна
Галтай чулуу, устай чулуу, задын чулуу
Газар далай, тэнгэрийн гурван чулуу
Гурвуулаа надад байна
Аяа!Би наанадаж онгирьюу
Талын шуурганаас өрсөж босож
Буур хилэгнvvлэх нь
Таанын толгойноос шvvдэр тvvж
Шииээ уурлуулах нь
Аяа!Би цаанадаж онгирьюу
Лусын охинтой
Даалуудаж
Луутай тэнгэрт
Yvлvvдэх нь
Ардын дууныхаа
Хө хө нугалааг
Хөх алчуур шиг хийсгэж
Айраг дэмбээ намрынхаа
Алтан дэлбээ найран дээр
Агсан морьтой ханхалзаж
Аяа! Би дахиад л
Шvлэглэх нь
Анхилхан мод ахиад л
Гөлөглөх нь
Орчлон хорвоо бас л
Дунших нь
Онгодоор бичсэн шvлгээ би
Унших нь
Уншихгvй гэсэн чинь
Уурласан өвгөд
Удмаа залгуулахгvй гэж
Айлгасан юм
Уншихгvй гэсэн чинь
Уйлсан бvсгvй
Уруулаа өгөхгvй гэж
Туньсан юм
Оргирохгvй байя гэсэн чинь
Одтой тэнгэр хилэгнэж
Онгодоо өгөхгvй гэсэн юм
Оргирохгvй байя гэсэн чинь
Онгон лус дур vгvйцэж
Охиноо өгөхгvй гэсэн юм
Тэр vнээн,би хөөрvv хvн
Тэнгэр дээр төрсөн гэж харсаар байтал худлаа хэлж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэр ч бvv хэл огт танихгvй бvсгvйг миний гэж
Зvтгэж шvлэглэсэн хvн
Тэд бvхнээс хvлцэл эс өчмvv.


Болор цом - 1994 он

Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай тєрсєн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын ємсгєл чимэглэж
Балчраас минь єдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж ємнє минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цєхєж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мєртлєє
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан ємгєєлєгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

Болор цом - 1993 он



Д. Цоодол - Миний муусайн найз нар

Толгойтой болгон менгенд vхэж
Торготой нэг нь
Хоргой зvvдлэх орчлонд
Шvлгээр евчилж
Ардын дуунд уярч
Шvдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж
«Оны тэргvvн бvсгvй»-д сэвж
Цаадах нь тоохгvй бол бvр сайхан бичиж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!
Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны телее
Задгай менге шиг vрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч vйсэн
Мерний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэвvvн ерее
Нанчидаа Чойномын хентерсен
Дарсны ширээний дэргэдээс

Найрагчид
Найз нар минь vгээ хэлж
Нар хvн хоёрыг емеерч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гар дороос нь
Гайхамшигт бадаг терех л болно
Галзуу соггуу тvшмэдvvд хэлэг!
Гагцхvv
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биедээ авч дагжих болно
Сумнаас дор vгээ тэднээс онил!
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна!
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан, хуримын цагаан ергеетэй
Шоовдорловч гунихгvй хэдэн найрагчтай
Будда
Христо
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг, Vнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргvй ээ
Наад хэдэн «салбагар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!



Болор цом - 1992 он



Б. Лхагвасүрэн - Хил дээр бичсэн шүлэг

Хvний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагvй эх орны минь сэжvvр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь енделзенхен байна
Хилийн эрхэм тvшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бvхэн нь хариулт нэхсэн тvvн дээр
Аль улсын иргэн болох ...гэж асуусан байна
" Монгол" гэж
Зургаан хана шиг vсгийг
Зурхайн хех тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суу...гэж бас асууж байна
-Vхтлээ суунаа
-Vхсэн хойно ,сvнс нь хvртэл монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хvмvvс
Завсраар нь бас гvйлдэнэ
Мохоо хутга шиг нvд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Yгvй дээ
Yгvй!
Хардаг нуд гэмээнэ
Цавчихыг нь мартаж емгеелсен
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж емеерсен
Нутгаа егснеес vхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нумын хєвч, аагтай илдний vр садыг монгол гэдэг юм
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутаг руу минь унагасан
Нvдээ ав!
θвег дээдэс минь
Ясаа дор нь ивсэн
"θндєр" оронд минь санаархваас
Заяа чинь дутна.


Болор цом - 1991 он

Б. Ичинхорлоо - Эх нутаг

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хvмvvс аанай л толгой дохино
Тэс хелдvv моддын немерт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шvлэгч гиюvрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ емлен хоромхон чулууж-нам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мечирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цеехен байгаасай гэмээр яг энэ орой л
Цємєврєв vргэчихлээ шvv, сэтгэлийн хун шувууд...

Намуун борооноор оддыг нэг ажихнаа
Намар л юм байлгvй дээ, навч хагдрах ч шиг...
Болдогсон бол яг л одоо
Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар
Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь
Чамайг vхэж гэж зvvдлээд сэрзх мэт
Шvлэг мэт Монголын тал дээгvvр
Шєнє мэт уянга хеглернем
Халуун залуу насыг чинь би алган дээрээ бемберvvлсээн
Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггvй
Зенгеер амьдралын минь бурангуй едрvvд еерийн терхтэй болохоор л
Зvрх сэтгэл минь vгvй мэт хоосровч немер дулаан.