Thursday, September 3, 2009

Л. Хасар: Зайгүй орчлон

Нулимс хэдий нүдийг бүрхэвч урсаж одно
Инээд хэдийн нүүрийг чимэвч хийсэж одно
Нулимс худлаа инээд худлаа
Үргэлжилнэ гэж бодоход
Эхлэл мартагдан замарна
Эхэллээ гэж бодоход үргэлжлэл байхгүй тасарна
Эхлэл худлаа үргэлжлэл худлаа
Зовлон зовлон гэвч
Нулимс зовлон биш
Жаргал жаргал гэвч
Инээд жаргал биш
Үнэн энэ хэмээхэд
Газар үнэн үгүй
Үнэн үгүй энэ газар
Надад гишгэх зай алгаа
Тэнэглэл хөлхөх гээд
Тэнгэрийн заадас зайгүй
Цэцэд хөлхөх гээд газрын
Булай зайгүй
Төгөлдөр бишийн хорвоод
Төрөх үхэхээс бусдад зайгүй
Зайгүй цэнхэр орчлон
Үнэн үнэн гэвч газар үнэн үгүй
Үнэн үгүй энэ газар
Надад гишгэх зай алгаа

Л.Хасар - Ээжээ надад хэлээч

Ээжээ надад хэлээч
Нар жаргана
Нялх сэтгэл даарна
Ээжээ надад хэлээч
Зовсон нүд шиг улаан наран яагаад
Маргааш мандахгүй юм шиг жаргадаг юм вэ?

Салхи исгэрнэ
Би хийснэ
Ээжээ надад хэлээч
Их ууланд салхи номхон атлаа
Ээрэм талд яагаад ширүүн байдаг юм бэ

Мод тэнгэрийг урна
Газрыг илнэ
Ээжээ надад хэлээч
Мод ганхаж бүүвэйлэх атлаа
Шуугиж яагаад сэрээдэг юм бэ

Уул зогсоно
Уул хэвтэнэ
Ээжээ надад хэлээч
Уул инээхэд цуурайтдаг мөртлөө
Мэгшин уйлахад минь яагаад цуурайтдаггүй юм бэ

Бороо орно
Бороо шаагина
Ээжээ надад хэлээч
Бороонд би нороход хорсдоггүй мөртлөө
Амсахад яагаад гашуун байдаг юм бэ

Хүн ирнэ
Хүн буцна
Ээжээ надад хэлээч
Хүн мөнх биш атлаа
Яагаад үхэхгүй юм шиг авирладаг юм бэ

Ээжээ надад хэлээч
Энэ ертөнц зовлонгоос бүтсэн юм уу
Ээжээ надад хэлээч