Friday, July 24, 2009

***


Г.Аюурзанын "сэтгэл рүү шагайгч Түүнд" шинэ түүврээс


Уйтгарт хязгаар, гайхамшигт уулсын дунд
Насаа элээдэг хүмүүс!
Салхинаас өөр сонсох мэдээгүй,
Тэнгэрээс өөр гарчиглах сонингүй,
Дурлалаас өөр өвдөх зовиургүй,
Дурдатгалаасаа л Ирээдүйг олоод үзчих,
Тэр нь магадгүй, цөлийн ганц тахир мод шиг харагдах
Тийм гоё амьдрал!

Гэтэл тэд яагаад
Салхийг чагнадаггүй мэт дүлий,
Оддыг үздэггүй мэт сохор,
Дурлалд шаналдаггүй мэт мунхаг,
Цөлийн ганцаардмал бөгтөр мод ч тусч үзэгдэхээргүй
Ийм хачин хоосон харцтай болцгоочихов оо?

Ээ! Уйтгарт хязгаар,
Бурхдын орон мэт гайхамшигт уулс минь!
Надад хэлэх үг алга

2007.11.12 Red Rock Canyon
2007.11.13 Zion, Utah

Monday, July 20, 2009

П.Батхуяг : Амьдрал гэдэг жинхэнэ нэр дээр нэмэх нь

Бусад гэдэг төлөөний үг тэнцүү
Амь зуухын хамгийн гутамшигтай нь
Аргы нь олох гэж яарч явахад оршино.
Тэнэглэл гэдэг жинхэнэ нэр дээр нэмэх нь
Аргагүй гэдэг чимэх үг тэнцүү
Тэвчиж амьдрахын хамгийн гутамшигтай нь
Тэнэгүүдийн дунд сөхөрч сурахад оршино
Долдой гэдэг жинхэнэ нэр дээр нэмэх нь
Эсвэл гэдэг холбох үг тэнцүү
Доройтож буурахын хамгийн гутамшигтай нь
Доогуур харж дээгүүр санаархахад оршино
Тийм цаг хэрэв надад ирвээс
Сумтай буу худалдан авах дэлгүүр
Сураглаж олоход оршино.

Омар Хайяам

Гахай шиг тэнэгүүдэд таалагдах гэж удаан ингэж гүйх үү?
Ганцхан цадахын төлөө ялаа л амиа өгдөг байх
Зүрхээ чангал хүний царайг бүү хараач!
Зүйгүй шавхруу сорсноос нулимсаа залгисан нь дээр шүү
**
Мэдэж ав.Дурлалын халуунд мөс шиг байх хэрэгтэй
Мэргэн түшмэлийн найранд согтохгүй байх хэрэгтэй
Хэл, нүд, чихээ бүтэн байлгая гэвэл
Хэлгүй, дүлий, сохор мэт яв
**
Аяга дарсны төлөө хорвоогийн хамаг улс гүрнийг өгье
Аагтай дарсны төлөө номын хамаг ухаанаан өгье
Зөөлөн хөөсрөх дарсны төлөө хамаг алдраан өргөе
Зөвхөн бүл бүл хийх дарсны төлөө хамаг ая дуугаа өргөе
**
Хамаг анхилам үнэрийг шунан сорж амьсгалав
Хамаг туяаг залгилж, эмсийг хүсэв би
Хай амьдрал гэдэг юу вэ? Наранд гялалзснаа
Хаа нэгтээ харанхуй ангал руу алга болсон горхи
**
Хуурамч янагт хайр дурлалаа өгсөн чинь
Хуу бие минь тахалд өртөж ухаан самуурлаа
Эмч домч маань өөрөө өвдсөн болохоор
Эмзэг зүрхийг минь одоо хэн эмчлэх билээ
**
Зүрх минь надаас салан тасарваас
Зүглэн хаашаа очих бол эргэн тойрон хүнгүй
Хавчиг духтай, өрөвдөлтөй тэнэгүүд
Халаад ирэхээрээ бүгд л Хаан болохыг нь яана
**
Сав ертөнцийн амьдралыг би олон жил эргэцүүллээ
Сарны дор надад мэдэх юм алга боллоо
Би юу ч мэдэхгүйгээ сайтар мэднэ
Биеэр нээсэн сүүлчийн ганц үнэн энэ
**
Архи ууж сэтгэлээ амраагсад ч
Амгалан шөнө бурханд мөргөгсөд ч адилхан
Хөмөрсөн тогоон дор унтаж байна гэсэн үг
Хөөрхий бидний дээр тэнгэр л мэлтийж байна