Sunday, February 13, 2011

А.Эрдэнэ-Очир : Тунгалаг тэнгэрийн дор

Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод
Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад
Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд
Сайхан юм аа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бударга ниссэн үзэгдээд
Бодлын чавхдаст хөг орж тэнгэрийн цэнхэрлэгт ая нийлсэн нь сонсогдоод
Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад
Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж санаа алдсан минь давтагдаад
Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш энэ өдөртэй найрсаад
Үнэмшим юм аа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

Н.Гантулга :Сэтгэлгээний минь шилэн хананд.....

Сэтгэлгээний минь шилэн хананд
Хичнээн зураас тодордгийг би мэдэхгүй
Гэвч, тэр нэг намар
Цагийн солонгонд эрх чөлөө минь будагдаж
Цахлай шувууд тэнгэрээр нисэлдэхэд
Уулсыг нэвтлээд намайг оносон
Улаан цог шиг харц зурагдсан байдгийг мэднэ
Гоо зүйн цэнхэр наран
Зүрхний ёроол дахь нууранд
Зүсээ тольдоход
Нойтон даашинзны үзүүр хормойн чимээ
Нойрон дунд минь бүдэг бадаг дуулдаад
Зүг чиггүй алсад морьтон одох мэт
Зүүдийг минь ямар нэг зүйл рүү хөтөлж
Үүрийн гэгээгээр эргэж ирэхдээ
Үнсэлтээр бэлэг барьдгийг мэднэ
Дэнгийн эрвээхэй нисэх гэснээ больж
Дэлхийн цаад хязгаарт хүрсэн мэт санаа амрахад
Бодолд халиурсан өвсөн дундаас
Цагаан зээр босон харайгаад
Айдас түгшүүрийн мананд сарнин уусахад
Ариусал гэгээрлийн солонго татдагийг мэднэ
Сарнаас гогодон авчирсан нарийхан утас
Санаашрах бүрийд минь эмзэгээр чичирхийлэхэд
Шүлгийн номын хуудас нэг нэгээрээ салж
Шүүдэр гялтганах цагаар нэг нэг ертөнц болоод
Эхийн хэвлийд үр бүрэлдэх шиг
Энэ биед минь хачин мэдрэмж төрүүлдгийг мэднэ
Сэтгэлгээний минь шилэн хананд...

Saturday, February 5, 2011

Ц.Бавуудорж :Хаврын анир

Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно

Д. Нямсүрэн: Зангуу

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өргөс хэмээн нэрлэхгүй
Өчүүхэн төрөл хорхой гэнэм

Замын хажуугаас гарч ирсэн
Залуу сайхан бүсгүй
Зангуугаа түүж зогсохдоо
Зальтайхнаар инээмсэглэж байсан

Тэр бүсгүй ялимгүй тонгойхдоо
Тэдэнтэй шивнэлдээд байх шиг
Тэнд цугтаа жаргасан гэх
Тэд, олон зангуу хөхөрцгөөх шиг ...

Тэгэхэд би зангууг өвс биш
Тэнгэр минь, олон шавьж байна гэж бодсон
Тэд амиа хамгаалахын тулд өргөс болж
Тэгээд цөм үл, үл хөдлөмүү ...

Өнөө биднийг хүрч ирсэн
Өргөст өвс хэмээх зангуу
Ялдамхан байж чадахгүй ч
Яав ч мод л лав биш ээ

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өнө эртний язгуур бие
Өчүүхэн төрөл хорхой гэнэм.