Sunday, June 14, 2009

Д.Баттогтох : Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно

Салхины зөөлөнд өвсний завсраар ургаж мод болно
Сарны гэрэлтэйд шувууны нулимсанд дулаацаж өвс болно
Сархадын халуунд санчиг бүлээцүүлж нулимс болно
Самрын үр шиг бөөрөнхий хорвоод яаж ийгээд хүн болно

Умрын салхинд уйлж ниссээр шувуу болно
Усны урсгалд сөрж элэгдсээр чулуу болно
Уйт орчлон гашуудан зовсоор эмгэн болно
Уйтгар гуниг нүдэнд минь шингэсээр сүүмгэр болно

Буйлсны нахиа гиншин дуншсаар гэгээт үүрээр эх болно
Бүүдгэр манан бороо дагаж норсоор шүүдэр болно
Бүрэнхий шөнө биеийг минь нөмөрсөөр эмгэнэлийн хар алчуур болно
Бөртэ энэ орчлон бөн бөн гунигласаар ижий минь болно

Зотон даавуу шиг бор үдшээр зоргоороо хүүхдүүд ангир болно
Зоргол шиг одод шатаж дуусаад зол заяатай нь солир болно
Зоосны чимээнээр цэцэг ногоо нь дуугарчихаад намар болно
Золигийн энэ хорвоод навчис хэмээгч нь охид болно

Өөлөн сар өнхөрч ойчоод нуур болно
Өндөр тэнгэр даарч хоноод өглөө босоход өвөл болно
Өвгөн жимс тасарч унаад өндгөн бие нь бурхан болно
Өөрөө би хальж одоод
Өвснөөс ч илүү өвс
Навчнаас ч илүү навч
Чулуунаас ч илүү чулуу болно

Saturday, June 6, 2009

Шаравын Сүрэнжав - Тэнгэрийн хүү



Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм


Friday, June 5, 2009

Ц.Бавуудорж :Хөгжим

Гэрийн дотор анир гvм
Галын vнэр аяс, vес…
Авдрын арслан саран дотор
Тавган дор нь аавын зvvд…
Буурцган эрхи ээжийн хуруунд
Тvvний сэтгэлд ганцхан Будда…
Тайвширч амирлаад нvд анилдахад
Тарни нисэх
Уянгалаг чимээ…”

Д.Нямсүрэн :Цаглашгүй

Үзэсгэлэнт галбарвасанд Галбингын янаглан эгшиглэх цаглашгүй
Үзүүрсгэн дээлийн дотоод хормой шүүдэрт норох цаглашгүй
Үзэм болоод чавганы исмэлийг амсахын зуур согтох цаглашгүй
Үүлэн сүүдэр дайраад өнгөрөхийн завсар хасын үзэгдэх цаглашгүй...
Марал мичид гудайх шөнийн тэнгэрээд бөртэ чоно улих цаглашгүй
Манхайн цайх үүрийн улаан туяанд Манжуурын толгод ногоорох цаглашгүй
Гоо марал тэнгисээс ирж Дэлүүн болдогт хужирлах цаглашгүй
Долоон зуун жил туж солонго татах Бурхан-халдун уул цаглашгүй...

Wednesday, June 3, 2009

П. Нямлхагва : Хvний л жаахан амраг

Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Нугар халиун гvйдэлтэй vес хонгорхон салхи нь хө
Нутаг нутгаа тvшсэн миний сэтгэлд сэлмэрлээ
Хvний л жаахан амрагийн биеэ нуугаад ирдэг
Хvрэн нvдэн усны тольт сарны гэрэл ташууллаа
Ганц сарны энгэрт туулай яагаад эрхлэнэ вэ
Гарьд манхан тэнгэрт эрхис яагаад ханьсана вэ
Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Найгал найгалхан аальтай л
Миний нутгийн салхинд нь
Намар намрын цагаар л гоо цэцэгс мэлмэрлээ
Ялдам жаахан амрагийн минь хvнээс нуугаад ирдэг
Янад нуурын усанд одод загасчиланхан наадлаа
Өл ёнхор хадан дээр бvргэд юундаа vvргэлэнэ вэ
Өнчин ганц хайлаасыг тэнгэр яагаад зална вэ
Орь ганцын оршихуйг орчлон юундаа ингэнэ вэ
Ондоо хvний бvсгvйд би яагаад дурлана вэ

Tuesday, May 5, 2009

Л.Моломжамц : Охид, нойтон бургас, голын эрэг

Охид, нойтон бургас, голын эрэг
Ороолгож хөөх эрийн харц мэт хурц нар төөнөж
Голын уснаас уяхан долгис цацарна
Дөрвөн нvдтэй хөөрхөн банхар эрэг дээр гvйж ирэн
Охидын дотуур хувцсыг хайж,
Ойрхноос ажаад буцах нь
Ондоо нэгэн тvvнд хувилж ойрхноос сонжих шиг болно
Ус цацалж, уяхан дуу цацраасан охид эрэг дээр сууж
Урьхан шувуудын зэл татан буцах шиг хөхөвчөө өлгөж
Нойтон бургасны зvvдийг сэрвэлзvvлнэ
Аальгvйхэн охидын анхил биеийг vзэхvл
Алтан зулын дэлбээ задрах шиг болоод
Сэрvv татаж салхи сэвэлзэх нь намар мөн оройхон
Охид, нойтон бургас, голын эрэг хаана..
Орь ганцаар тэнгэр ширтэн зогсоно, би

Monday, May 4, 2009

П. Нямлхагва : Цогцлонхон тогтнох орчлон

"Юуны учир алтан салхи цэцэгсийн шүүдрийг унагалав
Юуны учир аялагхан тогоруу цам харайн гангарлав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Сэтгэлийн гэгээнд мандарлан туяатах сацрангуй мишээлт бүсгүйн
Сэнгэнэнхэн анхилах үнэрийн чуулбарт гэзэг үснээс үүднэм зэ
"Юуны учир судайсан бороо цайран цайрсаар ойртнов
Юуны учир судалтсан солонго нарыг эсрэглэн татнав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Холдох тусам санагдах янаглангуй амраг бүсгүйн
Хоёр хөөрхөн алимын чанарт бумбан хөхөөс л үүднэм зэ….
"Юуны учир хул намар навчисын өнгөнд хувилав
Юуны учир хулсан цуур нуурын зэгсийг эсгэнэв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Аних нүдний аньсган цурамд тодронгуй ялдам бүсгүйн
Алхахуйяа сувдан жин цэцэгсийн амьсгалт төгөлдөрхөн хөлөөс л үүднэм зээ….
"Юуны учир шинэс монос уулын сэрвээнд эрхэлнэв
Юуны учир ширхэг тоор улам гоёмсог бөнжигнөв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчпон чи
Намир тунгалаг зөөлөн бүүвэй
Эрхлэнгүй хонгор бүсгүйн
Наддаан дэлхсэн үлэмж тэргэл агуу хайраас л үүднэм зэ"

Wednesday, April 29, 2009

Такүбоку Ишикава

Ямар ч ажилд дүйгүй
Яруу шүлэгч-мөрөөдөгч гэж
Намайг тэр боддог юм
Тэгэхээс тэгэх гэсэн шиг
Тэр хүнээс мөнгө зээлэхнээ
***
Өвдөж шаналсан зүрхэнд
Үхэл гэдэг
Үнэндээ
Эм уухтай л адил
Энгүүхэн санагдана
***
Зүгээр л
Ямар ч хэрэггүй
Зүлгэн дээгүүр харайхсан
Зүрхээ бахардтал
Зүлгэн дээгүүр л харайхсан.
***
Бага хүүхэд шиг
Аашлахыг минь
Байн байн үзэх болно
Хайрлан дурласан хүн
Хаашаа ч болдог юм бэ дээ
***
Үдэш орой гэнэт
Уншсан бүгд намайг
Уяран хайрламаар
Уртын урт захиа
Бичмээр санагдлаа
***
Өөрийн оромжоо санахаас
Өр зүрхээр жихүүцнэм
Дэлхийн гэрэлт өглөөг
Дэндүү баяртай угтах
Дээвэрт гэртэй ч болоосой
***
Хэзээ ч дуулдаагүй
Хэнбугай ч биширмээр
Хэргийг бүтээчихээд би
Хаана?..Хэн? гэцгээхэд
Харах бараагүй байхсан.

Friday, April 24, 2009

Говийн Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаа

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
Үүл нь байгаад үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ

*******


Эгээ л хавар цаг шиг хүүхэд байх үедээ
Энэ насны үзэгдэл тоглоомоор өдөр шөнийг өнгөрөөв
Арван долоон насан дээр шалтгаанаар ургагдан
Авир ёсыг урван хөрвөдгийг тодорхой үзэв ээ

Олз хүндлэлийн шулам нэг ч чөлөө өгөхгүй
Сүм хийдийн хэрэг нэг ч чөлөө өгөхгүй
Сэрэмжгүй сэтгэл нэг ч чөлөө өгөхгүй
Чөлөөгүй байсаар үнэн хэмээх сэжигтэй


Саруул тунгалаг шүлгээс


Сэрэмж үгүй гэнэнээр
Өдөр шөнийг нөхцөөгөөд
Алс хэтдээ хүртэхүйд
Арга нь үгүй гансруузай

Аглаг холоос зүтгэж
Адистай оронд мөргөөд
Аян буцахын явдалд
Аялуулж ийм дуулавай...

*******

Дадишуари нарт айлдсан дуу хэмээх эгшиглэнгээс


Уужим гүнзгий саруул билгийг агаараас
Утгыг мэдэх мэргэдтэй ханилах ухаантан сайн
Улам улмаар ламын эрдмийг үзэж
Уйтгаргүй шүтэн дадагч сүсэгчид сайн...

Уймж учраад гасалж салах нөхдөөс
Уйтгарчилж магад гарах нөхөртөн сайн
Улиг болсон найман номын утганаас
Удаан унасан төвшин зантай морь сайн...

*******

Цаасан шувууны үлгэр сургаалаас

Аяа, ээ цагийн явдлыг эс тэвчив

Бурхныг тахисаар сууж тээршээнэ...
Номыг сонссоор сууж уйдна...

*******

Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ
Зарим эр атаа заргаар нэрээ барна
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно...

Хөвгүүн нь эцгийн үгийг үл оошооно
Хүүхэн хүн, эхийн сургаснаар үл явна
Шавь хүн, ламаас ноёдыг илүү хүндэлнэ
Эмс, эцэг эхээс эрийг илүү өргөнө...

Залуу нь хөгшнөө басамжилна
Хөгшин нь залуугаа эс тоомсорлоно...

Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна...

Бусдын гэмийг намрыг үүл мэт элбэг үзнэ
Өөрийг гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ...

Эд эвдрэхийг хайрлана
Эв эвдрэхийг үл хайрлана
Салалцаад галлалцана
Учралдаад хууралцана...

Чанга хурц явбал өстөн олон болно
Дуугүй номхон суувал толгой дээр гарцгаана...

Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийн муу гэцгээнэ


Хэлбэрэлтгүй үнэн шүлгээс

Санавал энэ нас үнэхээр самуун ажгуу
Саадгүй шийдсэн сэтгэл амархан
Санаандгүй явсаар өдий болжээ
Самуурсан сэтгэлтэй нийлэлцэхгүй болтугай...


Авах гээх бүгд сэтгэлээс


Орчлон мөнх бусын үлгэрийн дээд
Бурхны гэгээн таалал барьсныг үзэгтүн
Сэтгэл үнэн бусын үлгэрт
Нэгэн шөнийн зүүдэнд, зүүдэлсэн түүнээ бодогтун
Явдал болзоогүйн үлгэрт
Намар цагийн шувууг үлгэр авч санаарай...

Авах бол буянт мөрт татаарай
Орхих бол, нүглээс ч болов зайлаарай
Авах гээх бүгд сэтгэлээс болжээ хэмээн
Наадам тохуу болгож
Өчүүхэн согтуу хүн бичив... хэмээв


Бүгдээрээ мөнх бус байтал

Бүгдээрээ мөнх бус байтал
Бүхэл нэгэн цогц биеэ үнэмшин
Бүжиглэгч илбийн наадам адил
Бүтэлгүй үйлд орохыг яая даа...

Та минь, өөртөө хайртай болов гэм
Тангаргаа эртнээс сахиарай
Гэмших, өтлөх, өвдөх, үнэн ирэхэд
Гэнэт гиюүрэн залхах болуузай...

*******

Бардам сэргэлэн бор

Бардам сэргэлэн борыгоо
Барин сойж унамаа нь
Өндөр хангайнхаа шил дээгүүр
Өөрийнхөө дураар хатираарай...
Цогт багахан чамайгаа
Цогц биеийн дотроос
Цочмог цочмог санахад
Цоожны өргөс адил аа...


*******

Эвтэй үнэн сэтгэлийн хүчээр
Бидний гурван үүдний явдлууд
Энх өлзий болтугай .
Буянт сэтгэлийг дурдахдаа
Бугын урамдах эгшиг шиг
Буцалт үгүй сэтгэлээр
Бусдын тусад жаргая

Saturday, April 11, 2009

Омар Хайяам

Хоргой торгоо нөмөрнө vv, өрмөг ёргоор хулдана уу
Хотол их ноён, адгийн архичин явж явж адилхан
Аятай хvндлэм зангаараа алдаршвал миний бахдал
Аливаа нvглийнхээ төлөө тамд хаяулчихгvй бол бахдал
Ертөнцөд гэвч усан vзэм чиний гайхамшигт ундаа надад
Ерийн ч биш бvvр дээд зэргийн шагнал!
* *
Тэнгэрлэг оюуны vнэ манайд шалих биш,
Тэнэгvvд л харин амьдарч цөхөх биш,
Ухаан эрдмийнхээ шавхрууг дарсанд живvvлээд vзье
Урдаас хувь заяа минь инээмсэглэх ч юунаа магад аа !
**
Хорьхон жил амьдирна уу, мянган жил амьдарна уу
Хорхойн гvнцэг болно, явж явж адилхан
Хоргой торгоо нөмөрнө vv, өрмөг ёргоор хулдана уу
Хотол их ноён, адгийн архичин явж явж адилхан
**
Заяатай, заяагvй хэмээн намайг баалаад яана?
Замыг минь бурхан хэдийнээ зурсан биш vv?
Буруу муутай хожим орооцолдлоо ч би нvгэлтэй гэж vv?
Бусдын тааллын төлөө намайг баалаад яана?
**
Худал магтаалын vг чамайг хэдий бvvвэйлнэ
Хувь заяаны чинь дээр далайсан илдийг санагтун
Алдар магтаал чамд хичнээн сайхан байна
Аминд чинь халтай хор дэргэд чинь байгааг санагтун!
**
Мэдлэг ухаанаараа багшийгаа хол хаявч
Мэдээжийн хэрэг нөгөө л балчир бvдvvлгээрээ дуудагдана
Торх торхонд ус юvлэх шиг оюуныг чинь vрж
Тоох ч vгvй уурыг нь салхиар хөөх шиг хорвоо
**
Итгэл сvсгээсээ буцаж, эсэргvvцэн босоход-ганцхан хором,
Илт vнэнээс няцаж нууц гэхэд ч-ганц хором,
Идрийн галтай vедээ л бадран дvрэлз!
Их орчлонд амьдарна гэдэг ч –ганцхан хором
**
Энэ л хорвоогийн явдлыг шинжин сонжиж ханав
Эргэцvvлсээр мэдээгvй зvйл ганц ч эс vлдэв
“Хайж эрээд эрээд мэдэх юм vгvй”
Хамгийн эгэл vнэнийг сvvлд нь би оллоо
**
Тавилант энэхэн хорвоогийн эхлэл нь юу вэ?
Таахад хэцvv оньсого бурхнаас бидэнд оноожээ
Тархиа зовоож мэргэд янз янзаар vзлээ
Тайлсан нь одоо хаа вэ, дэмий л биеэ зовоожээ

Monday, April 6, 2009

Анна Ахматова : Нэгэн аяганаас уух хувьгүй юм ...

Нэгэн аяганаас уух хувьгүй юм
Амтат дарс, усыг ч уух хувьгүй юм.
Үүрийн саарал туяанд амрагийн бал амтлахгүй
Үдшийн намуунд хоёул цонхоор зэрэгцэн ширтэхгүй
Нараар чи амьсгалж, сарнаар би саатах гэлээ ч
Нэгэн их хайран дотроо нууцхан жаргалтай бид.
Үнэнч энхрий нөхөр минь үргэлж надтай
Үзэсгэлэнт хүүхэн хонгор чинь одоо чамтай
Саарал нүдэнд гэвч айдас хургах нь тодорхой
Сэхэшгүй энэ эмгэгийн санаат ганц буруутан чи.
Ахархан учирлын самуунд зүрхний тоос босголгүй
Амар түвшинг хоёул сахих л тавилантай юм даа.
Гэвч чиний хоолой шүлгэнд минь сонстож
Түрлэг дууны чинь айзмыг амьсгалаараа би түрнэ.
Ай, яасан ч мартахын аргагүй, хүрэхийн ч аргагүй
Аниргүй цоролзох тийм л түүдэг гал байх юм.
Сарнай цэцгийнх шиг ягаавтар атлаа хуурай уруул чинь
Сэтгэл зүрхэнд минь юу сэрээснийг мэдсэн ч бол доо чи.

Tuesday, March 31, 2009

Уоллс Стивэнс (1879-1955)

НЯМ ГАРАГИЙН ӨГЛӨӨ

Ихэмсэг хайнгуут төрх, зөөдсөн кофе,
Том сандал дээр нарлах жүржүүд;
Эртний вргөлийн бурханлиг аниргүйг
Эвдзн асгарах. эрээн мяраан хивсэн дээрх
Тоть шувууны цэл ногоон эрх чөлөө.
Бүсгүй үе үесхэн зүүдэлж, нойронд нь
Амгалан гялбалзах усан гэнэт барайн харлах мэт
Аль нэгэн цагт нөмөрсөн сүйрэл мэдрэгдэнэ.
Исгэлэн жүрж, гялалзсан ногоон далавчууд
Өргөн тогтоол усыг чимээ аниргүй гатлах
Өөд болоочдын цуваанд эгнэсэн мэт санагдана.
Бурхны цус хийгээд цогцсыг бунхалсан
Эль хуль Палестины зүг, тэнгис далайн дээгүүр
Буйдхан зүүдэндээ алхах энхрий хөлийнх нь дор
Энэ өдөр тогтоол ус шиг, чимээ аниргүй.
II
Өөд болоочдод Бүсгүй өгөөмөр хандахын учир юун?
Чимээгүй сүүдэр, чиггүй зүүдэнд л ирдэг
Ямар хаашаа бурхан шүтээн гээч нь вэ?
Нарны тайвшруулагч увдисаас, Тэр
Исгэлэн жимс, гялалзсан ногоон далавчаас,
Намжаа дэлхийн ямархан нэг үнэр, гоо үзэмжээс
Тэнгэрийн санаа мэт хайрлах учиртай зүйлээ олохгүй гэж үү?
Бурхан шүтээн гэдэг өөрөө л амилах ёстой:
Будрах цасны амьсгал, борооны урин хүсэл,
Ганцаардахын гуниг, эсвэл модод цэцэглэхийн цагт төрөх
Гаргалгүй барихын аргагүй хөөр баяр, намрын шөнө нойтон зам дээр тодрох дэврүүн хөхүүн сэтгэгдэл; Найлзуур нахиа, өвлийн мөчрийг санахын зуур сэрхийх
Бүхий л таатай, бүхий л зовиуртай дурдатгал. Энэ бүхэн
Бүсгүйн сэтгэлийг л сорихоор заяагдсан билээ.
Ill
Үүлсийн дунд Зэвс бурхан хүмүүн бусаар мэндэлсэн.
Эхнь түүнийг хөхүүлээгүй, эхнутаг нь
Эгэл хөрсөндөө түүний ухаан санааг төлжүүлээгүй.
Бидний дундуур тэр хааны лүндэн шившиж,
Биширч өргөсөн гарууд дээр л сүр жавхлантай заларсан;
Ач санаж хүслийг маань биелүүлнэ гэж найдсандаа
Ариун цусаа тэнгэрт уусан холилдтол,
Бидний гар тэргүүнийг нь оддын зүг өргөсөн.
Бидний цус одоо гашлахгүй юу? Диваажингийнх байж тэнцэх үү?
Нэгэн цагт бидний таньж мэдэх диваажингийн юм
Бүхэнд Нээрэн энэ газар дэлхий биелэн хувирч чадах уу?
Тэнгэр тэр цагт цэлмэж бүрхсэн цэнхэр өнгө биш,
Тийм л нэг, өнөөгийнхөөс хавьгүй илүү найрсаг,
Тэсч гарсан хүнд хүчрээс мааиь ч, өвчин шаналлаас ч,
Тэвчээр сорьсон хайр дурлалаас ч агуу байх вий.
IV
"Сэрмэгцээ шувууд өндөрт дүулэхийн өмнө
Сэргэг янзаар униарт талыг харуулдан ажихуйд,
Сэтгэл тайвшраад л ирэх юм. Харин ниссэн хойно нь,
Тэр дупаахан талууд эргээд л хоосорчих юм.
Тэгэхээр диваажин хаана байж таарах вэ?"гэв, Бүсгүй.
Хөөе, тэнд чинь ид шидтэний цуглаан байхгүй,
Хөдөөлүүлгийн газрын хөгшин чөтгөр ч үгүй,
Газар дрорхи алт эрдэнэсийн сан тэр биш,
Гайхамшигт яруу хоолойгоор дуудан урхидагсдын арал бус,
Тэр бол мөрөөдлийн өмнөд нутаг ч биш;
Тэнүүн зун, үдшийг мөрөөдсөн бүсгүйн хүсэл шиг,
Тэмүүлзгч шувуудын тухай бүсгүйн дуртгал шиг,
Хаврын өнгөө хэвээр нь хадгалсан,
Хараацайн далавч оройг нь шүргэсэн,
Тэнгэрийн хаяанаа сүүмэлзэгч, мөнх ногоон дал мод ч биш ээ.
V
"Тайвшрал дунд ч урьдын адил би гээгдэж элшгүй,
Тасралтгүй мөнхийн амгаланг үгүйлсээр л"гэв, Бүсгүй.
Үхэл гэдэг үзэсгэлэн гоогийн зх билээ. Энэ Бүсгүй л
Үлдсэн бүх насны маань мөрөөдөл хүслийг биелүүлнэ.
Хагдарч унасан навчсыг зам дээр маань тэр цацлавч,
Гайхамшигт ялалтын сүрлэг аялгуу дуурсах
Харгуй замууд энэлэл шаналалд, эсвэл
Гал халуун дурлалын ялдам шивнээнд автав ч,
Хөлд нь ороолдох өвснөө суугаад хорвоог ажихыг
Хүсч тэмүүлсэн охин хонгоруудын өмнөөс тэрБүсгүй
Бургаас мод түшин байж наранд залбирна.
Хөвгүүд түүний төлөө чавга, тоор түүгээд,
Хүний нүднээ үл үзэгдэх тавган дээр овоолно.
Хүүхэн хонгорууд түүнийг нь амталж үзээд
Хөсөр хаягдсан навчсын дунд төөрч мансуурна.
VI
Тэр диваажинд чинь үхэл ер байдаггүй юм уу?
Тэнд боловсорч гүйцсэн жимс тасарч ер унадаггүй юу?
Тэнгисийг хайгаад хайгаад олж хэзээ ч нийлэхгүй дээ
Тэвчишгүй зовиуртайгаар буцаж татрах голуудтай хамт
Мөхөж буй дэлхий шиг маань ямар ч хувиралгүй мөчрүүд
Мөнөөхен төгс төгөлдөр тэнгэрээс нь өлгөөтэй байдаг уу?
Яагаад тэнд голын нь эргээр тоор жимс хөглөрч,
Яг цутгалан хавиас нь чавгын үнэр анхилдаг гэж?
Хамаг л цаг хугацаагаар маань бөс торго нэхээд,
Халаг гэж, өнгө бүхнийг маань тэнд зүйж өмсөөд,
Халшрам уйтгарт хөгжмийн маань чавхдасыг бас л товшдог уу?
Үхэл гэдэг үзэсгэлэн гоогийн шидэт эх билээ,
Үнэн халуу төөнөсөн цээжин дотор нь л бид
Өөрсдийг маань нойроо хулжтал хүлээсээр буй
Өргөи дэлхий шиг ээжүүдийнхээ сэтгэлийг мэдэрдэг ээ
VII
Ялдам зөөлөн хийгээд догшин ширүүн хэдэн эрс,
Язгуур төрхөөрөв чармай нүцаэн мандах-
Бурханлиг биш, гэхдээ бурханлиг ч байж мэдэх нарыг
Зуны өглөөний садар самуун наргиан дундаа
Зугаа шуугиантайгаар, магтан биширч дуулцгаана.
Тэнгэр еөдөө буцпах цуснаас нь гадагшилж
Тэдний дуулсан дуу диваажингийн магтуу болно. ,
Эгшиг эгшгээ сүлсээр, тэдний энэ магтуу
Эзэн нь хөөр баяртай залрах салхитай нууранд ч
Чагаа тэнгэр мэт моддод ч, мөнөөхөн дуу нь
Цаашлан цуурайтах гүвээ толгодод ч нэвчин шингэнэ.
Амь эрсэдсэн эрчүүл хийгээд зуны өглөөний
Аль аль нь тэнгэрлэг нөхөрлөлийн үнэ цэнийг андахгүй.
Тэд хаашаа ч явсан, хаанаас ч ирсэн гэсэн,
Тэдний хөл дээрх шүүдэр нөхөрлөлийнх нь тунхаг болно.
VIII
Чимээгүй нам гол усны дээгүүр уйлах дуун түгэхүйд
Чих тавин Бүсгүй чагнахуйд, "Палестин дахь булш бол
Егүүтгэгдсэн сүнснүүд хоргодсон оромж биш,
Ертөнцийн эзэн нойрсож буй бунхан." гэх...
Өнеө л, Нарны эх захгүй тоосон дундаа,
Өдөр шөнийн эрт галвын эрхшээл дотроо,
Эсвэл нөгөө л,их усан доторхи ганцаардлынхаа арал дээр
Эзэнгүй, сул чөлөөтэй, гарах гарцгүй амьд явна, бид.
Уулсыг маань эмжиж буга бэлчин, ятуу шувуу
Уулга алдах мэт исгэрэх дуугаа хадаана;
Улаан жимс аглаг тайгадаа боловсорч гүйцнэ.
Саруул тэнгэрийн ганцаардал дунд, үдшийн цагаар
Санаандгүй сүрэглэсэн хэсэг тагтаа
Цалавчаа алдалсан хэвээр, харанхуйд унан живэх мэт
Давтагдашгүй этгээд давалгаан үүсгээд алдарна.
(1915,1923) орчуулсан Г.Аюурзана

Monday, March 30, 2009

Ж. Болд-эрдэнэ : Тоосны үзүүрийг торойлгох талыг ширтэж

Тоосны үзүүрийг торойлгох талыг ширтэж
Торолзох бараа болгоныг хүсэлдээ босгож
Эргэшгүй алдсан он жилүүдээс зэм ухаарч
Энэ замд холыг зорихоор олмоо чангалнам
Эргэж хургасан сэтгэлд элдэв зүйл бодогдоод
Эхлээгүй аяндаа баярлаж инээмсэглэчихээд
Задгай талд захгүй ургасан цэцгэсээс зовоход
Замын гол дахь голионы хөлд хэдэн шороо хөдөлнө
Их холд зорьсон замаар
Ирэх буцагсдад амиа дэвсэж азаа туршсан
Этгээд дүрстэй хөөрхий энэ шавьж ч гэсэн
Энгүй холыг зорьдог нь учиртай байлгүй зэ!
Хүлгийн үүрсэлтээр би бодлоосоо салж
Хүсэлдээ хүргэх ган дөреенд өндийлөө
Талын сэрвэн, довцог дээрээс эргэж хараад
Танил цэцэгс, нутгийн толгодоо орхиж гарлаа
Зам дээр миний азгүй танил үлдлээ
Задгай талаас Алтанцэцэгээ олсонгүй ээ!
Тоосны үзүүрт нэгэнтээ булхаад тодрох
Торгон тал дахь миний гарааны зангилаа
Энгүй холын тоосонд чимээгүй замхрах
Ийм хүнийг чи минь сэтгэлдээ тээх байлгүй ээ!
Зуны шөиийн зүүдээ - томж, ганцхан шүлэг биччихээд
Зуун жилийн цаана намайг хүлээх нэг л хүнд бэлэглэхсэн.

Ж.Болд-эрдэнэ: Ажиж та намайг ширтээгүй ч

Ажиж та намайг ширтээгүй ч
Харцыг минь мэдэрч байгаа
Араас чинь би ширтэн зогсоод
Аниргүй гунигаар сэтгэл дүүргэнэ,
Өнгө хүслээ би дагахгүй
Өөр нэгнийг эрнэм
Өөрөөсөө болоод бусдаас
Хүн чанарыг эрнэм
Олоод би таныг эрнэ
Од, нар, цэцэгнээс асууна
Тэнгэрлэг сайхан шүлэг бичнэ
Тэнд л жинхэнэ би байгаа!
Хайр жаргал амлах залуу нас байвч
Хатуу үг сонсох хүсэл надад алга
Өерөөр чинь би шүлгээ тэтгэж
Үг дуугуйхэн л хайрласан нь дээрээ
Зүрхэн дундуур минь гарсан
Зерөг зам он жилд эдгэрнэ
Зүгээрээ, зүгээр! гэж өөртөө шивнээд
Зүүдэндээ л тантай уулзсан минь дээр ээ!
Ажиж та намайг ширтээгүй ч
Харцыг минь мэдэрч байгаа
Араас чинь би ширтэн зогсоод
Аниргүй гунигаар сэтгэл дүүргэнэ.

Ж.БОЛД-ЭРДЭНЭ : А. А-д

Тэнгэрийн одод газарт нууралвуу, гэлтэй
Тэр өглөөний мөнгөн шүүдэрт цагаар
Уулс уулсууд үзүүр нийлүүлж шигтгэсэн усны охь, дарсан булгийн тархин дээр
Би анх чамайгаа харсан!
Жигүүрт богширго нойрноос салаагүй цурам цагт
Жил жилийн намарт ховор тохиох цалин мөнгөн өглөө
Дүнсгэр хевчөөс эхэлж дуугарсан хөхөөний дуу сонсогдоогүй байхад
Дүгрэг сарны мэлмий бие, тэнгэртээ уусаагүй байхад
Би анх чамайгаа харсан!
Өвс ногоог сэрээхгүй гэсэн шиг өлмийлж гишгээд
Өөрийг минь хараагүй болохоор энгэр задгайлж
Сайхан үсэндээ усан сондор хүйтэн булгаас зүүхэд чинь
Саруул өглөө дуусашгүй эхэлж, хөхөө донгодсоон!
Үлгэрийн дагина шиг гоо төрсөн цогцсоороо
Үүрийн цолмон та хоёр тэнгэр газартаа хосгүй еэ!
Санааны орчлонд анхны хайрыг авчирсан
Саруул талын тэр нэгэн үүрийг мартахын учиргүй еэ!
1989. 8.27.

Thursday, March 26, 2009

Д.Нямсүрэн : Дөрвөн цаг

1.
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.

Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.

Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Сартай толгодод ингэ гунганах нь сайхан
Шанзны үзүүрт Ай -нан-аа суух сайхан
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугaрах сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан...

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морьд туриглах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох нь сайхан
Ширэг зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аяcxан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
2.
Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсег тэрэг гарч ирэх нь сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн дороос шувуу нисэх сайхан

Тэнгэр будангуйрч судайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтэй нь сайхан
Салхи эргэж, утаа хуйрагнах нь сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайхан

Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-н... Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан
Хэн гуайн эгч гараас зөөлөн татах нь сайхан

Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан
Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосоон гэж бодох сайхан
Цаг гэрт цохисоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймаар санагдах нь сайхан

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан
Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан!

3.
Цас хайлж ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг уруу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд нь ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу гэж асуух сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Хол ойрыг санагалзаж уярах сайхан
Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан
Торолзох барааг харж зогсох сайхан
Торгон алчуур дэрвэх сайхан

Сэмжин цагаан үүл нүүх сайхан
Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан
Шивэр авир бороо салхилах сайхан
Шивээн толгой ганхах сайхан

Морьтой хүн давхин одох сайхан
Морин төвергөөн дуулдах сайхан
Тэнгэрийн хаяаг харах сайхан
Тэрэг хөсөгний зам зурайх сайхан

Өмне зүгт шувуу нисэх сайхан
Үүлсийн дунд ганганах сайхан
Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан

Шаргал бороо нартай орох сайхан
Шанз ятгын утас буйлах нь сайхан
Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан
Шальдар бульдар дуү минь туүнийг санах нь сайхан

Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан
Ганган морьтой хүн буух сайхан
Намрын сарын шинийн гурван ирэх сайхан
Намуун үдэш аргын тооны cap гарах сайхан

Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан
Хуучин сүмийн тууринд... хэмээн ярилцах нь сайхан
Цонхоор cap тусах шөнө үлгэр ярих сайхан
Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан

Cap орой болж хүйтрэх нь сайхан
Салхинд одод зүлгэгдэх нь сайхан
Өдөр шөнө тэнцэх нь хорин хоёрон болох сайхан
Хүлэг хүн хоёр адилхан цаг унтах сайхан

Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан
Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан
Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан
Дэндуу ойрын хайраас холд байх нь сайхан

Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан
Монгол аялгуугаар жиргэх сайхан
Дээр төрийн сүлдний нар мандах сайхан
Дэргэд алтан соёмбоны гал ноцох нь сайхан

Хэн нэгэн ирээд дуулах сайхан
Хэн нэгэн одоод гуних сайхан
Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан
Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Алаг нүдний нулимсан дусалд багтсан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа.
Аяа, хөөрхий гэж....
1979. Эрээнцав

Tuesday, March 24, 2009

А.Эрдэнэ-очир : Төгсгөл аяз буюу салахуйн гуниг

Зоргоор зоргоор аашиллаа ч хоёр заяа нийлэхгүй нь
Зовлонтойхон хайраа амраг минь битгий дурсаарай
Орой хожуу учралын хүйтэн бороо татрахгүй нь
Одоо хоёулаа салъя. алдрай минь битгий уйлаарай!
Лимбэний есөн нүх дээр хуруу минь бүжихээ больж
Лимбэний есөн нүхэн дээр есөн шувуу суулаа
Туниж гуниж дассан чи бидэн хоёрыг
Туурга нэгсэхгүй гэх шиг шаргал өдөө сэгсэрлээ
Уйтан хайтан цэцгэн дээр шөнийн жавар унавал хө
Уйлж санасан чиний нүд цээжин дотор сүүмэлзэнэ
Ягуухан гийх үүрээр алтан хараацай нисвэл хө
Яруухан нэг эгшгийг нарнаас хөтлөн ирнээ
Ай хүү минь чи бид салах цаг боллоо
Аз жаргалын харшийг тусдаа босгох боллоо
Домог шиг мөнхрөх хайрын ягаан пансан алчуураар
Дорнын. цагаан, саран доор нулимсыг чинь арчиж өгье дөө

Monday, March 16, 2009

Хойд нас гэж байдаг юм бол

Хойд нас гэж байдаг юм бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү чи

Галзуу догшин дайчин болж төрвөл би
Бэр цэцэг нэгийг өвөртлүүлээч
Би чиний төлөө амьд ирнэ гэж гуйна хүлээх үү чи

Холын одонд аялсан ирээдүй цаг төрвөл би
Хамт нисье гэж гуйх болно
Хоёулахнаа оддын зүгт хамт нисэх үү чи

Хаана ч юм өөр оронд төөрөөд төрчихвөл
Халх монголын зүгт хамтдаа тэмцье гэж гуйх болно
Нутгаа санасан морьд шиг хамт гүйх үү чи

Хүмүүний биеийг ололгүй заяа төөрч
Хар азрагын нуруунд цагаан уул болон төрвөл
Хамтдаа нэгэн зун хөтөлцөн ургаад хагдарч чадах уу чи

Нарны гэрэлд унтаж сарны гэрэлд сэрдэг
Сэцэн хан уулын сэрүүн салхи болон төрвөл би
Хатан уулын шивнээ шиг хөөрхөн сэврээ болж хамт зугаалах уу чи

Энэ насанд сэтгэлд хөлдсөн үйлийн үрээр
Эсгим хүйтэн өвөл болж төрвөл би
Энгэрийг минь гэсгээх эхний яргуй болж ханзрах уу чи

Зүрхлэж хэлээгүй хайрыг үгс хальж
Зүйрлэшгүй яруу шүлэгийн мөрүүд болон төрвөл би
Уртын дуу шиг аялгуу болж хүмүүний сэтгэлд уянгалах уу чи

Хойд нас гэж байдаг юм бол
Гарыг чинь гуйх болно
Галыг минь асааж өгөх үү чи

Бүдэг сэрэл

Байгаа би байгаа
Бараан хорвоогийн нэгтэйхэн
Бүдэг сэрэл цацруулсаар л
Би чамайг санан санан хайрлаж л байгаа
Би байж байгаа
Байхгүй болчихсондоо ч гэсэн
Бүүр алсад цогших төдий амьд ч
Гэгээн гэрлийг чинь үгүйлэн үгүйлэн хайрлаж л байгаа
Байгаа би байгаа
Хаа нэгтээ байж л байгаа
Халуун тамын ёроолоос ч чамайг
Хажууханд чинь юм шиг хайрлан жаргаж л байгаа
Байгаа би байгаа
Хамгаас жаргалтай диваажинд ч
Хамт байсан мөч бүрээ дурсан гуньж
Хайрлаж байгаа чамайгаа үүрд л хайрлаж байгаа

Зүрхний чинь гүн рүү

Зүрхний чинь гүн руу
Зүрхлэн алхаж үзлээ би
Дэндүү уужим юм билээ
Зөндөө төөрөөд
Зөрөг замаа алдсан

Зөрүүд зангийн чинь хавцал
Зөөлөн сэтгэлийн чинь талд
Зүггүй насны чинь ойд
Хардах сэтгэлийн чинь үерт төөрч
Харих замаа олохоон больсон

Бүх насаа
Буйдхан орчлонд биш
Барагдашгүй уудам
Зүрхэнд чинь өнгөрөөхөөр
Зөнгөөрөө би шийдлээ

Зүрхний чинь гүн руу
Зүрхлэн алхаж үзлээ би
Дэндүү уужим юм билээ


Saturday, March 14, 2009

Амир Хосроа Дехлеви (1253-1325)

Амир Хосроа Дехлеви (1253-1325) энэтхэгийн перс хэлт яруу найрагч. Тэрбээр их найрагч тедийгүй түүхч, хөгжимчин хүн байж. Хөгжмийн онолын судалгааны хэд хэдэн бүтээл туурвисан ажаа. Эцэг нь Дундад Азийн түрэг аймгаас гаралтай. Кешад (одоогийн Шахрисабз) аж терж байгаад монголчуудын довтолгооноос дайжин, умарт Энэтхэгт очиж Дели хотноо суурьшжээ,
Амир Хосров нэрээ нууцлан шүлэг эохиолоо. Делийн; Дехлеви гэсэн нэрээр бичдэг байжээ.Уран бүтээлийнх нь өв яндашгүй арвин бөгөөд 99 ном туурвисан гэж Абдурахман Жами тэмдэглэжээ. Тухайн үеийн уран зохиолын бүх төрлөөр туурвиж байжээ.
Амир Хосров "Хамсе" буюу "Таван найраглал" гэдэг гол бүтээлээ Азербайжаны их найрагч Ниэами Гаижавийн "Хамсе"-д хариу болгон туурвисан бөгөөд үүнд "Одод түгэхүй", "Ширин Хосров хоор, "Мажнун Лейли хоор", "Искандрийн толь", "Диваажингийн найман цэцэрлэг" хэмээх найраглалууд нь ордог байна.
Түүний зохиол өвөрмөц дүр, дүрслэл, цэцэн цэлмэг эүйрлэлээрээ онцлог байдаг. Алишер Навой түүнийг Хафиз, Жамииартай нэг зиндаанд тавьж, академич А. Е. Крымский, германы дорно дахиныг судлаач, эрдэмтэн Герман Эте, Чехийн эрдэмтэн Ян Рипка нар Хафизаас өмнех үеийн уянгын агуу их суут найрагч гэж үнэлжээ.
Амир Хосровын яруу найраг дэлхийн олон орны уншигчдын сэтгэл оюуныг соронзон гүүр мэт татсаар ирсэн, одоо ч татсаар байна, хойшид ч тийм байх болно.


Рубай .

Саран гэрэлт царай чинь нүдний өмнө ургаастай
Сайхан төрсөн төрх чинь санааны мухарт хадаастай
Хонгор чамгүй бол би хорвоод амьдраад юу хийнэ
Хоног өдөр төөрүүлж дэмий гэлдрээд бас яана
**-
Хүсвэл чи намайг тамд хагацааж гэсгээ
Хүсвэл чи намайг диваажинд учруулж өршөө
Эзэн нь боолоо яадаг л билээ дээ
Эгээ л чи намайг тэгж соёрхоо
**-
Нэгэн нас, нэгэн биеэрээ чинийх болбол надад жаргал!
Нэгэн бол өлмийд тань сөгдөж үнсэн товрог болбол надад зол!
Ирэх буцахын хорвоод менхрөх нь үгүй.заяа
Энэхэн зуурт чамайг хайрлах нь над гавъяа
**-
Гал улаан цэцэгс нугыг бүрхэн дэлгэрчээ
Гарцаагүй, тэдэнд цусанд хутгалдсан туг санжээ
Үрэгдэгсдийн зүрх газар хаван өндийж
Үлдэгсдийн өөдөөс дөл дүрэлзсэн нь тэр санжээ.
**-
Алт мөнгөний шунал аюулхай цээжинд минь буцлаагүй ээ
Авах идэхийн дон ахуй биөд минь шүглээгүй ээ
Орох орон, үмх талх, балга устай л бол
Ондоо юм надад хэрэггүй ээ, тэнгэр минь!
**-
Угаасаа бид чинь усан амьсгал, хумхын тоос буюу
Урваж хөрвөөд ч нэмэргүй ээ, үхэл гэдэг жам буюу
Тоосноос бүрэлдсэн бид тоосондоо эргэж бүрлэюү
Тоосон товрог болж,
Тэнгэртээ халин нисьюү.
**-
Эзэрхий харгис зан эзнээ ямагт отно
Элдэв зүйлийн гомдол зүүний үзүур шиг шивнэ.
Бусдыг дүүжилсэн хүн өөртөө олс зэхнэ
Бугуйл цалмын гогцооноос хэзээ ч үл мултарна.
*-
Газарт нулимс дуслахад гал улаан сарнай дэлгэрэх юм
Цээжинд гунил төрөхед чанга хөгжим хардаж жингэнэх юм
Чин үнэнийг асуухад чи намайг ойлгоно уу, үгүй юу?
Цээжинд тань зүрх цохилно уу, чулуу бөглөнө үү?
**-
Нүглийн хүсэл тачаалаа хүүхэн хонгоруудаас нууж
"Нүдээ сайн ань, нүдээ сайн ань!" гэлцэх юм
Тэнгэрийн наран шиг чинийхээ гэрэлд
Тэртэй тэргүй гялбасан нүдийг аниад яахийм
**-
Зүүд нойрон дунд хонгор чи минь хүрч ирлээ.
Зүрхэнд гэгээ татуулсаар саран шиг туяарч ирлээ
Уруулын чинь балыг шимж нэгэнтээ озсоноос хойш
Улаан зээрд болж одоо болтол хөв хөлчүү
**-
Хашгирч зарлаагүй ч гэсэн чиний буруу „
Хамаг нууц задарсан нь чиний буруу
Зүрхний галыг чи нүдээрээ ноцоогоогүйсэн бол
Зүгээр байсан би яалаа гэж хэлээрээ хөгжөөхөв
**-
Хонгор чи минь намайг хэдий болтол зовоох бол?
Хоёргүй дурласан зүрхийг минь хэдий болтол зүсэх бол?
Уй гунйг, нулимсанд живсэн би бээр
Удаан тарчлах болов уу, чи хэлээч
**-
Үүрд би чиний бие сэтгэлийн боол байлаа л
Үлэмжийн энэ хорвоод чамгүйгээр амьдарч явлаа л
Дэргэдээ аваад суугаагүй ч гэсэн би чинийх байлаа л
Дэвэргэсэн сэтгэлдээ шатаж, утаа шиг замхарлаа л
**-
Сэтгэлдээ би үнэнч журмын үрийг ургуулсан болох нь тэр
Сэргэлэн чамдаа ухаан санаа, урсах цаг хугацаагаа өгсөн болох нь тэр
"Хонгор минь чи одоо хэнийг нөхрөө гэнэм" гэж асуу
Хөрстийн диваажинд ганц нөхөр минь бий болох нь тэр
**-
Энхрий янагийнхаа гэрийн гадуур гарахдаа эртний явдлаа нэг дурсав
Ирж буцах нь яасан ч хурдан хорвоов, эргэлтгүй одсон байх юм
Хоёр нүднээс нулимс биш, цус асгарахуй
Хойно хойноосоо цуварсан сарнай болж гэрэлтвэй.
**
Чи намайг мянгантаа зовоо, би тэвчинэ
Чин хайраар мянгантаа энхрийл, би хайрлана "
Урьхан хонгор чамайгаа л харж явах минь
Ухаан санаагаа чинийхээ төлөө золих минь
**-
Ой ухаан, амар амгаланг минь хагацал надаас хулууллаа
Огоот заяа золгүйг минь зүхэж сүнс минь надаас зайллаа
Хайртынх минь гээд очих айлгүй би золбин нохой шиг боллоо
Харах нүдний минь чимэг үгүй болохоор өдөр шөнийг ч ялгахаа байлаа.
**-
Туйлын зорилгодоо хүрч, амьдралын сайхныг амссангүй
Тун ч ахархан насандаа, амьдын төдий гэлдэрнэм, 6и
Туулсан зовлон, тээсэн гунигаа сэргээн санахдаа
Туж л доголон нулимстай сажлах юм даа, би
**-
Сархдад би амьдрал шигээ дуртай
Сайхан хүүхэнд сархад хүртсэн шиг согтох бас дуртай
Үхсэн хойно чандраар минь гүц хийвэл
Үнэндээ сав, сархад хоөулаа алдаршиг.
**-
Халуун элгэнд хутга шааж, шарханд давс цацах мэт
Хардах сэтгэлийн цааз гэдэг яасан хатуу вэ
Эрс, эмсийн сэтгэлийг тарчилган тарчилган зовоож
Элгийг нь эмтэлж, зүрхийг зүсэж чи нэгэнт дасчээ.
**-
Одон тунгалаг мэлмий, жимсэн уруулыг чинь санамагц
Ойр тойрон цэцэрлэгт мэлрэг гэнэт анхилах юм
Яагаад ч бидэн хоёр ахиад уулзахгүй гэвч
Явуу алаг нүд чинь цэцгийн туурцгаас тормойх юм.

Газели -

Хувь зохиолын эрхээр зовлонд хатах учрал тохиож
Хорвоод мэндлэхдээ л би чамд дурласаар иржээ
Золгох гэрэлт агшныг эрэн бэдрэн явахдаа ч
Зоргоор ундрах бахархлаа хормын төдий ч дундлаагүй
Гэсгээх тэнгэрийг мартаж, сэтгэл зүрхээ илчлэн
Гивлүүр юүгээ чи, хуу татаж хая
Дэндүү бүрэг загналгүй, нүүрээ ил гараад
Дэвэрч хөөрсөн намайг диваажинд очуулж жаргаа
Хайр гэрэлтсэн харцаар халиаж намайг үзэхгүй бол
Харанхуй там болгочихоод орчлонг би орхино
За болъё, сэтгэл юүгээ би одоо хэнд ч өгөхгүй ээ
Зүрхний зарлигаа дагаж элсэн цөлөөр тэнүүчилнэ
"Аяа, хайрт минь тэгж болохгүй аврал чинь энд байна" гэхийг
Амир Хосров хоер чихээрээ сонсов оо. Ил товчоо сонин

Thursday, March 12, 2009

Д. Энхболдбаатар

Дурлалын vед зvрх минь буруу цохидог
Шаналалын vед бvvр зогсож орхидог
Дурлал, шаналалгvй vе надад огт байгаагvй болохоор
Цээжний минь цаг хуанлийн цагтай тохирохгvй
Өөрийнхөө цагаар бол хэчнээн жил амьдарснаа
Өөрөө ч би хэлж мэдэхгvй…
****
Дурлаагvйг минь
Уучлаагvй бvсгvйн
Цөхрөлийн цөөрөм
Нэг ч загасгvй…
****
Анзаарч намайг хараа ч vгvй хонгорхон охины
Араас сэм дагах аятайхан байдагсан
Сэтгэл санаа минь аль хэдийнээ дэргэд нь оччихсон
Итгэл даадаг тухайгаа ярьж явдагсан
****
Зvрхээ дуслуулж эхэлсэн
Зvр шиг залуу насны
Дурлал бvхэн минь, гэвч
Хорлол шиг байсан
Хорлол байсан
Хордож гvйцсэн, би…

Wednesday, March 11, 2009

Б.Ганчимэг : Зүгээр л нэг орхъё гэхээр

Зүгээр л нэг орхъё гэхээр
Зүс минь үзэгдээд зовоодог байх
Зүг зүгээ бодъё гэхээр
Зүүдэнд нь би уйлдаг байх
Үргэлж бодохоо болъё гэхээр
Үнсэх минь хүртэл ондоо байх
Үглэн шивших гэнэн шүлгэнд минь
Үйлийн үргүй дуртай байх
Уруулын амтыг мартъя гэхээр
Уйтан бор нүд минь нэхэлтэй байх
Удаан тогтоож ширтье гэхээр
Уйлмаар дуулмаар хэцүү байх
Тэр минь надад ирье гэхээр
Тэнтэр тунтар хонх жингэнэдэг
Өөрөөн би явчихъя гэхээр
Өөдөсхөн гар даллаад байдаг
Өнөөх л замаар алхахгүй гэхээр
Үг сүггүй бороо шаагидаг
Өнөөдрөөс эхлээд мартъя гэхээр нь
Өөрөө би очдог байх

Г.Мэнд-Ооёо: Гэрэлтэх агшин бүр

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй
Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцөд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй

Г.Мөнхцэцэг : Гунигтай бадаг

Нуурын шувууд ганганавч намар буцсангүй
Бууриа тамгалж, цас ханзарсан ч хавар харьсангүй
Үүлэн жихүүцээд, шүүдэр жиндсэн ч зун зугтсангүй
Үндсээ далдалж, модод нүцгэрсэн ч өвөл өнжсөнгүй ээ
Хөл тавьсан газрын мөр бүхэн салхи хундагалж
Хөлчүү саран дүүрэн хоносон ч сүүдэр бүдэрсээн тэр л үдэш
Чинэрсэн хөхний товч үнгэчих шиг хур залгисан ч
Чийг нөөж, зулай нь битүүрээд мөр минь алгаа, тэр толгодод
Хоргодсон бүхэн минь холоо үлдэж
Хожим нь надаас дурдатгал нэхээд ирчихэж
Байсан бүхнээ хайж, бодлоо дагаад үүргэлсэн ч
Будаг, зураг хоёрыг нь сэтгэлд дэлгээд багтсангүй ээ
Араг үүрсэн жилүүд эмээ бид хоёроос цаашилж
Аргал, ааш хоёрт минь тээглэж унаад ирсэнгүй
Хэвлий, хөх хоёр бие биенээ бараадсан юм болов уу
Хэлэхийн өөгүй эжий минь бөгтөр эмгэн болох нээ
Аньсага, сормуус хоёр гэгээ нэвчээх бүрийд
Алдаа оноогоо үүрч, хүслээ дагаад бидэрнэм
Араншин бүхнээ гээж, авс дэрлэхийн цагт
Амьд явснаа мэдэрч, хясал дагаад холдоно

Tuesday, March 10, 2009

Омар Хайяам

Ай, нэг ч бай мянга ч бай зовлонд ялгаа алга
Амьд амьтанд долоон гараг өршөөлгүй
Амьд амьтанд дөрвөн мөр шүлэг өршөөнгүй
Аяга дарснаас өөр тайтгарал ер алга
+ + +
Тоогүй цуурхал дэгдвэл буруу нь чинийх биш
Толгой тархи ойчвол буруу нь чинийх биш
Ай, нүгэл буян хоёулаа чамд
тулгарваас
Ахиад энэ үгийг сана, буруу нь чинийх биш.
+ + +
Хайр сэтгэл цалгихуйяа энхрийхэн царай
Хапгисан үгсийг хэлье гэтэл модон хэл
Хамар доогуур минь ус урсч байхад
Хатаж цангадаг нь юуных вэ, бурхан минь.
+ + +
Хөөрхий сэтгэлээ нүглээр дүүргэж
Хөөрхийлж хэнийг ч хайрлалгүй, гэмшилгүй амьдарсан ч
Гайгүй ээ, чамайг булшиндаа орохын цагт
Газар дэлхий нүүрээ буруулах байлгүй
+ + +
Өдөр бүр талхны булантай сууж
Өөртөө таарсан оромжиндоо
Хэний ч боол биш, хэний ч хаан биш
Хэр тааруу амьдарвал, тэнгэрт таларх
+ + +
Ертөнцийг би шатрын хөлөгтэй зүйрлэнэ
Ерийн өдөр, жирийн шөнө-харин бид хүүнүүд нь
Хөдөлгөж шахна, хөөж цохиод идчихнэ
Хар хайрцагт чихээд дараа нь мартчихна.

А. Лхагва : Хvvхнvvдийн нvдэнд нvгэл байдаггvй

Хvvхнvvдийн нvдэнд нvгэл байдаггvй
Зөрж өнгөрөх хvvхнvvдийн нvднээс
Зөндөөн олон шvлэг уншиж чаддагаа би
Ихэмсэг, даруухан, эрх танхи, эрд очоогvй
Харцнаас нь, нvднээс нь
Хайр гунигийн аялгууг сонсож чаддаг аа, би
Хайртай хvндээ яарсан бvсгvйн нvд
Хав халуун, тунарсан их гэрэлтэй байдаг
Жаргалдаа халууцсан тэдний харцанд
Жавар уярч, цас ханзрах шиг санагддаг аа
Далдуур нэгнийг мөрөөдөн шаналах бvсгvйн нvд
Дарсгvй жvнз мэт халуун гунигтай байдаг
Далд хайрын шидэнд нь саран уйлж хоном
Дан утастай хөгжим эгшгээр цангах шиг санагддаг аа
Хартай нөхрийнхөө атганд хавчуулагдсан бvсгvйн нvд
Хайлган намрын шувуудгvй нуур шиг байдаг
Далд гунигийн уйтай цагаан салхинаас
Давс мэт гашуун эгшиг цалгидаг
Зөрж өнгөрөх зөөлхөн харцнаас
Гоёхон эрвээхий нислээ ч даль нь бэртсэн байдаг
Дvvрэн жаргалтай омголон харцнаас
Дvрсгvй хараацай дураар халин дvvлдэг
Зөрж өнгөрөх хvvхнvvдийн нvднээс
Зөндөөн олон шvлэг уншиж чаддаг аа, би
Хадамдаа гомдсон, хайртдаа хаягдсан
Харцуулын vгэнд зvрх нь шархалсан
Харьд суугаа ижийгээ санасан
Хаа холын нутгаа мөрөөдсөн
Гуниг баярын халуун хvйтэн аялгууг
Гудамжинд зөрөх хvvхнvvдийн нvднээс сонсож чаддаг аа, би

Monday, March 9, 2009

Д.Баттогтох : Мөрөөдлийн шүлэг

Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан…
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан.
Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юмсан.
Урины шувуу мэт нисч ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юмсан.
Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юмсан.
Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.
Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхөрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юмсан
Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юмсан.
Араг үүрч аргалд явах юмсан, бодол түүх юмсан.
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юмсан.
Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юмсан.
Бор бор бялзуухайг исгэрч хангинтал дуулах юмсан.
Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юмсан.
Таагүүрийг ойлгож, тасарсан навчисыг өрөвдөж, гэгээ татуулан унах харавсан одны хэлтэрхийг үзэх юмсан.
Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юмсан.
Хоног өдрүүдийг тоолон
Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юмсан.
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юмсан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юмсан

О. Нандинцэцэг :Буруу зүгийн салхи

Амсаад байхад дундардаггүй аягатай сүү шиг чи
Аргадаад байхад тогтдоггүй буруу зүгийн салхи чи
Уйтгарын бэл рүү зөндөө их мацлаа
Уруудаж над руу бас зовлон шидэж зугтлаа
Даарахдаа даллаж дулаацдаг хүсэл байдаг
Даан ч бүтэхгүйд нь цөмөрч унадаг сэтгэл байдаг
Инээдэнд чинь эргэж шунадаг хайр байдаг
Ийм их ачааг чинь хаана очиж буулгах вэ
Урд минь жимгүй атал ухрах газаргүй
Учралын болзооноос дандаа хов хоосон буцах уу
Одод хүртэл эзэнтэй бүгд л минийх гэх юм
Он цагийн дараалалд чинь би хаана байдаг юм бэ
Мартаж болох бас мартахгүй
Манан зангирсан нутагт минь очихгүй
Зүрхэн дээр минь сүүдрээ ч орхихгүй
Зүс андуухан танил минь аль зүгийн салхи вэ
Цэцгийн гоё дээр би харцаа тогтоохоо больчихсон
Чимээгүйхэн дотроо хайраа булаад үлдсэн
Сүүлчийн ганц навчны тоосыг нь илбэж арчсан
Сүүлд нь тэгээд би олон тасдаад хаячихсан.

Бавуугийн Лхагвасүрэн :Этюд

Эрхэм бүсгүй чиний
Надад бичиж байсан
Инээд нулимсаар дүүрэн
Захидлуудыг урлаа
Зэрлэг үнэн хайрандаа хорсож
Зэлүүд тэнгэрт нисэхийм гэж бодлоо . . .
Үгүй байнаа . . .
Үхсэн шувууны өд шиг хийсэн газар уналаа . . .
Үнэн үг тэнд байгаагүй байж . . .

Saturday, March 7, 2009

Такабоку Ишикава

Эргийн элсэн дээр
"Их, агуу их" гэдэг үгийг
Зуунтаа бичээд
Амиа золих бодлоо орхин
Ахиад л гэрээдээ эргэлээ

Тайлбар: Агуу их гэдэг үгийг ханзаар зурах амархан байдаг ажээ

***
Зүггүйтэн
Ижийгээ үүртэл
Жигтэй хөнгөн болчихжээ
Гурав ч алхаж чадалгүй
Нулимс бүрхээд ирлээ

***
Уурандаа
Ваар хага цохихсон
Шууд л
Ерэн есийг хагалчихаад
Үхэхсэн

***
Яагаад ч юм мэдэхгүй
Галт тэргээр хурдлахыг
Яасан ихээр хүснэм би
Харин буугаад
Хаа хүрдэг билээ

Т. Содномнамжил: Амирлан оршихуй

Орчлонг би улам тод мэдэрнэ
Орон зай цаг хугацаанаас гэтлэнэ
Таамаг төдий үнэнээр сэтгэлээ дулаацуулавч
Тамын гал тэртээд сүүмэлзэнэ.
Амьсгалаа би буйгаар ажиглана
Амирлангуйн гүн рүү хөлөг дөтөлнө
Нинж сэтгэлийн эрхэнд хураагдах бүр
Нисваанис хэрхэн гадагшлах нь мэдрэгдэнэ
Үзэгдлийн мөн чанар өнгөө гээнэм
Үлэмж үзэхүйн агшныг цаламдана
Үйл үрийн гинжин хэлхээг тасалсаар
Үргэлжид хураасан нүглийн хүч барагдана
Аяндаа үүсэх, алга болохыг ойлгоно
Амьдрал эргүүлэг гольдролоос нь зугтана
Тэгш оршихуй, мөнх бусын ухаарал
Тэнгэрлэг язгуурын үндсийг чийглэнэ
Буй биеэр долгионы урсгал хөвөрнө
Бусдаас тусдаа бишээ ухаарна
Яг л тэр агшинд гэрэл туяа түгэн цацарч
Ямагт амгалан бодь навчис гэрэлтэнэ

Цэвэгжавын БАТБААТАР "Энх улирал"

Хавар болжээ
Газраас биений нь загас гэссэн охин улирал
Хамрын өмнүүр гэзэг задрах шиг анхиллаа
Баруун голын мөс шөнө торхийн мултарч
Байгаль бүсгүй үүдээ түгжихгүй хонодог болжээ
Хөлийн чимээ шиг сэмхэн шиврэх бороонд
Хөрс шороо нь нялхарч, бие сул тавилаа
Аль намраар хүлээсэн үү,нөгөө л хуучин бороондоо
Ахин бас гэнэдэж газрын өнгө туяарлаа
Амраг болжээ... Тэнгэрээс сэтгэл рүү хөрвөөсөн
Галийдаасын бийбаа нь
Аянгын үүлэнд цахилгаан хөгжим шиг дуурслаа
Уул тайгын жимс эрдэнийн чулуу шиг хүндэрч
Уснаас тунгалаг шувуу үүрээ цэцгээр гоёдог болжээ
Ургамал ногоо хүртэл есөн өнгөөр гэрэлтэж
Уран солонгын туяа агаарын давхрааг будсанаар
Утай Таван Богдын ариун орон бүрэлдэж
Угаасан бурхны сургаал арван зүгтээ дэлгэрэхүй
Ус цорголон годгонож, лус баярлан бүжиглээд
Улам л хурц эрвээхэй нь цацран галзуурч нисэлдсээр
Улиас жаахан хуучирмагц юу болдгийг ойлгов уу
Уйлж ягаарсан хацартай залуу ногоон ертөнц
Уруул нь нэрс болчихсон л хэнтэй ч суухгүй ээ гэдэг юм
Хэнтэй ч суухгүй гэж гэзгээ шидэн намжирдавч
Хэвлий доорх үр нь часхийн соёолж дэлгэрсээр
Удахгүй ээж болсон нутгийн ариун хөрсөн дээр
Улаан буудайн тариалан халиуран шуугиж давалгаална аа

Friday, March 6, 2009

П. Батхуяг - Модон байшин хүйтэн

Модон байшин хүйтэн
Шилэн аягатай ус хөлджээ
Морьтой хүн сарын өмнө
Сарын өмнө хоног төөрүүлжээ
Эзгүй орхигдсон хуучин байшинд
Эзэн нь ганцаардал болжээ
Хээрийн салхи дураар сэлгүүцэн
Хээтэй ханын цаасыг нь хуулж орхижээ
Хуучин хүйтэн байшин шиг
Хүмүүст мартагдахыг л хүснэм
Бие минь модон байшин шиг хүйтэн
Сүнсээ л дулаан байлгахыг хүснэм

Thursday, March 5, 2009

П.Нямлхагва : Надад шvлэг бичихийн шалтгаан байна

Адуу янцгааж, шувуу жиргэсэн Монгол нутгийн vvр
Аяа, ямархан тунгалагаар гэгээрэн тэмдэгрэхийг мэдэрч
Элсний нургих чимээг чихээрээ сонсон
Эрвээлжин шарга оддыг сэтгэлээрээ тэмтэрч
Ээж л таныхаа аялсан бvvвэйн дуугаар хєглєж
Энэ орчлонд би шvлэг бичихийн шалтгаан байна
Гоо охидынх нь мєнгєн сvлжээт гэзэг
Шєнийн хатан цэцгийн анхилам vнэрээр задлаж
Голт зvрхнийхээ хєндvvр бяцхан совинг
Шvvдэр шvvдрийн гангар дуслаар аргадаж
Хайранд умбасан ертєнцийн алтан ятгыг чавхдан
Хан орчлонгийн элгэн дээр шvлэг бичихийн шалтгаан байна
Надад дурласан бvсгvйн гомдлын vрэл нулимсыг
Нарны цацраганд сvвлэж єєрийг нь чимэхийн цагт
Уулгамч ертєнцийн будангуй нэг л их сэлvvрээд
Уй гунигийн аяс алга болсон болохоор
Уянгалаг зєєлєн сэтгэлийнхээ мєнгєн бишгvvрийг vлээн
Уудмын цагаан орчлонд шvлэг бичихийн шалтгаан байна
Тэшээ тэшээ айзамтай цэнхэр зэрэглээ сэмлэн
Тэрлэгээн гандтал гvйсэн багын хонгор насандаа
Омголон тvрэмгий салхин ч туулж баралгvй сульддаг
Олдохын уудам талыг алдалж єссєн болохоор
Бардам бардам зангийнхаа их тэнгэрийг дэлдэн
Бадрангуй цагаан орчлонд шvлэг бичихийн шалтгаан байна
Надад шvлэг бичихийн шалтгаан байна

Д. Урианхай : Монголын чулуу

Аргал шиг хөх чулуу...
Энэ чулуу, - Цагаас ах чулуу!
Гэрэл шиг гэгээн чулуу...
Энэ чулуу, - Бурханаас гэмгүй чулуу!
Нулимс шиг дуугай чулуу...
Энэ чулуу,- Үгнээс үнэн чулуу!
Хүүхдийн амьсгаа шиг энхэр чулуу...
Энэ чулуу,- хүүгийн минь зулайнаас эмзэг чулуу!
Хүний толгой шиг үнэтэй чулуу...
Энэ чулуу, - Монголын чулуу!

Sunday, March 1, 2009

Данзангийн Нямсүрэн : Үзэсгэлэнтэй төрсөн чи минь

Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай...
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй

Monday, February 16, 2009

Эмүжин : Хачин....

Торгомсог алчуур хөлийн дор
Тогтоол ус мэт тунаран унахад
Гэзгээрээ би хөхөө халхлаад
Гэнэт ассан дэн мэт
Гэрэлтэн үлдсэн
Биегүй хоосон, бас харцгүй
Битүүхэн оргилсон дурлалгүй
Бүтээж орхисон натур мэт
Надад бүү шуна.
Энд хайр байхгүй
Энэ зүгээр л агшин, ахуй...

Гүр. НЯМДОРЖ : Богино мөртүүд

Тугалын зэлээр
Турлиах шувуу сүрэглэх нь
Хөлдүү хүйдэс мэт
*
Аргалын хөх утаанд
Аараг толгод сая гэсч
Цасны ус урсмой
*
Юмаа гэж сонин юм даа
Юүдэн ч үгүй, цув ч үгүй байхад
Юүлэх мэт бороошино
*
Нэг усны охь шиг
Нэг голын жаахан тэр минь
Зэлнээсээ айсуй
*
Шүүдрийн мөнгөн усанд
Шалба норсон хормой чинь
Цэцгийн хур, балтай

Sunday, February 15, 2009

Нямбуугийн Нямдорж : Мөчир

Өнгөлөг навчсаа намрын салхинд алдчихаад
Өөрөө зөвхөн цулгүй үлдсэн мөчир
Өвдөж өвдөж үхэхийн өмнө байсан
Өвөг эцэгийн минь хатангир гарыг санагдуулна.

Friday, February 13, 2009

Назим Хикмет - Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Цэнхэр нvдэн vлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бvсгvйд хайртай болжээ.
Бяцхан бvсгvй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг vргэлж мєрєєддєг байжээ.
Vлэмж биетнvvд vлэмж томыг л бvтээдэг болохоор,
Vзэсгэлэнт бvсгvйдээ цонхон доороо сарнайн буттай
Vлгэрийн юм шиг тийм жижиг хєєрхєн байшинг
Vнэндээ тэр урлан єгч чадсангvй ээ.
Цэнхэр нvдэн vлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бvсгvйд хайртай болжээ.
Бяцхан бvсгvй vлэмж биетний алхааг даган
Бахардтал гvйхээс залхаж гvйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илvvд vзжээ.
-Баяртай! Гэж цэнхэр нvдэндээ бvсгvй хэлжээ,
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.
Цэнхэр нvдэн vлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргvй байжээ.

Thursday, February 12, 2009

Б.Ичинхорлоо - Давалгаа

Ахиад л гэнэтийн цохилт
Айдсыг мэдрэх бvр vхэх амар
Амьдрах хэцvv, мэдээж
Амьд явах тvvнээс ч хэцvv
Амгалан шєнийн тєгсгєлд
Айдас
Аяа яасан бэрх
Амьдрал
Хувьгvй ганцаардал анд минь
Хундага дарс, нvцгэн натур
Хямдхан зvйлд дурладаг
Хорин нас vнэ минь биш
Амьдрал харин тоглоом биш
Айхгvй нь vхэл хэцvv биш
Биш, биш…
Би ямар чи биш

А.Эрдэнэ-Очир :Санамсаргvй

Санамсаргvй л цаг хугацаа эхэлсэн, vvлс нvvж эхэлсэн
Салхи салхилж, бороо орж, цас хаялж эхэлсэн
Сансрын ийм болзоогvй, учрал ерөөлөөр дvvрэн он жилvvдэд
Санамсаргvй л хvмvvн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн
Нартай бороо гэнэт зvсрэх нь уяралт цэцгийн нулимстай
Намхан толгод биесээ тvшээд зvvрмэглэх нь ижийн гэгээн зvvдтэй
Нуур цөөрмөөсөө ангир ижлээ дуудан ганганах нь навч унагасан гунигтай
Номхон хул морь чөдрөө тасдаад алга болох нь ижилдээ vvрсэлтэй
Санамсаргvйгээр чамдаа очих минь болзсоноос илvv догдлолтой
Санамсаргvйгээр нэг хvн энгэрт гарах нь жамын хагацлаас харамсалтай
Санамсаргvйгээр нvд сэтгэлийн чинь гэгээ энгэрт цэлсхийх арван хэдэн жилийн илчтэй
Санамсаргvйгээр нvvдэл хөсгийн бараа гvвээн дээр гарч ирэх нь алс цагийн удиртгалтай
Амгалан зvvдэнд гэнэт орж ирээд уйлах чинь сэтгэл өвтгөх хөндvvртэй
Анирхан Хэрлэнгийн шугуйд хайрын гуниг дуулах чинь итгэл дуудсан гэгээтэй
Амьсгал зөөлөн дорнын салхи өвөрт орж ирэх нь хvvгийн минь санаа алдаастай
Азаар би энэ жилvvдийг чимэглэн дуулсан минь хожмын алтан хуудастай
Санамсаргvйгээр нөхрөө гомдоож, уучлал эрэх минь цээжнээ амгалан нарны туяатай
Санамсаргvйгээр цэцэг тасдаад хээр замд гээсэн минь талын салхины эмзэглэлтэй
Санамсаргvйгээр голын усанд чулуу шидээд эргэж харалгvй явсан минь нvгэлтэй
Санамсаргvйгээр гоёмсог нарны гэрлийг алгаар хаасан минь зуны алтан зурагтай
Шувууны өндөг гэнэт хагарч ангаахай гарч ирэх нь хувь төөрөгтэй
Шуугиант он жилvvд тэнгэрийн хаяа тvлхэх нь газрын мөнгөн зураатай
Сураг битvv алс, цээжин дотор будангуйрах нь зvvдэн хөшигтэй
Суль өвс гортиг татаад бөхөлзөх нь нар зурсан уртай
Санамсаргvйгээр цасны гэгээ тэнгэрт тусч борооны солонго газарт нумрах
Сайхан энэ орчлонгийн өнгөнд хууртаад хvмvvний амьдрал дуусах гунигтай
Санамсаргvйгээр дvvрэн он жилvvдийн тааварт хөшгийг сөхөж
Салхинд зогсоод уул талыг ширтэх минь амьдын жаргалтай

Friday, February 6, 2009

Данзангийн Нямсүрэн - Нэгэн морины дууль

Намрын сарын шинэд…
Ялгуун саарал морь
Өрөөлтэй давхиж ирсэн өдөр
Яг үд дунд билээ.
Салхи зүүн хойноос
Сэв сэв үлээгээд
Сандуутай модны мөчир дээр
Нарны гэрэл тусч байж билээ.
Цамнан хуухирах хүлгийн
Самбай дэл хийсч
Цайдмын энүүхнээр
Цас орох нь уу гэмээр байж билээ.
Шөмбөн шувуу хошуугаа
Сарталзуулж
Чөдөрт холгогдсон хөлөө
Шөнийн шүүдэр унасан
Цэцгэн дотор
Эмнэх мэт зогсож билээ.
Дөтөд нь хүн ойртох аргагүй
Дөрвөн туурайн хооронд нь
Дөрвөлжин намрын сүмэн өвс
Дөнгөж сая асаасан
Зул шиг үзэгдэж билээ.
Зөв талынх нь хөлд
Зөөлхөн сууж хүрвэл
Цэцэгс эмзэглэж,
Цэн тогорууд
Дээр доор нисэлдэн бууж байлаа.
Эр үхрийн сураар хийсэн хаа
Идэр шилбэнд нь чивчиртэл шигдэж
Ганц нэг ногоо
Түүний цаагуур хавчуулагдан
Гадагшаа цухуйх нь
Жаахан хүүхэд
Чарлан зүтгэх шиг санагдаж билээ.
Ийм нэгэн морь
Тэр нэгэн өдөр
Эрээнцав нутагтаа
Гүйж ирсэн билээ.

Шүнтаро Таникава


Японы суут шүлэгч Шүнтаро Таникава 1931 онд төржээ. Тэрбээр 17 настайгаасаа эхлэн шүлэг бичсэн бөгөөд 21 насандаа анхны түүвэр болох "Хорин тэрбум гэрлийн жилийн уйтгар" номоо хэвлүүлсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг утга уянгын илэрхийлэл болж чадсан байна. Шүнтаро Таникаваг дайны дараах Японы яруу найргийн тугийг өргөсөн манлайлагч хэмээн үздэг. Өнгөрсөн онд түүний шилмэл 100 шүлэг бүхий "Сонгомол шүлгүүд" номыг орчуулагч С.Хадаа монгол хэлнээ орчуулан хэвлүүлжээ.


ЦУС

Эр хүн дайнд цусаа урсгана
Эм хүн шинэ амь төрүүлэхийн төлөө цус алдана
Умай бол эгшиглэдэггүй гайхамшигт аялгуу
Умай бол хайрын хамгийн сүүлчийн цайз



МИНИЙ БҮСГҮЙ ХҮНИЙ ОНОЛ

1.
Хөгжим юм чи,
Хөгжмийн мэдрэмжтэй юм би
2.
Могойтой адилхан юм чи
Хаана чамтай адил могойтой таарснаа санахгүй нь
3.
Улаан, цагаан өнгө биш
Хар бас цагаан өнгө биш
Харин улаан, хартай төстэй ч юм уу
Гурван бүлэг ийм онолыг
Хурхирах нойрондоо сонсох
Би дуртай
4.
Тэр гэрэлтэй зүйлсийг
Тайлахын тулд өмсдөг үү
Өмсөхийн тулд тайлдаг уу
Энхрий чиний минь өгзөг том байлаа ч
Эх дэлхий чиний эргүүлдэг сандал юм
5.
Эерэгээр төсөөлөхөд чи бол миний зөрчил
Эсрэгээр төсөөлөхөд би бол чиний гэнэн бодол
6.
Эхлээд нүд рүү тань харсан эрчүүд
Эелдэг сайн хүн
Эхлээд цээж рүү тань харсан эрчүүд
Эргэлзээгүй муу хүн
Эхлээд нүд салгалгүй
Бүгдийг чинь харж, тэвэрсэн эрчүүд
Үнэнч шударга
7.
Чи бол очир эрдэнэ
Би бол нүүрстөрөгч
8.
Эсхүл,
Чи нэгэн байгалийн өнгө бүхий зураг
Би чамд тусгал өгч
Жилийн жилд тасралтгүй гэрэлтүүлсээр...


НАС БАРСАН ХҮНИЙ ҮЛДЭЭСЭН ЗҮЙЛ

Нас барсан эрэгтэйн үлдээсэн зүйл бол
Эхнэр, хүүхэд
Өөр юу ч үлээдээгээгүй
Өөрийн бунхны хөшөөний хэлтэрхийг ч.

Нас барсан эмэгтэйн үлдээсэн зүйл бол
Нэгэн хатаж хорчийсон цэцэг, бас хүүхэд
Өөр юу ч үлдээгээгүй
Өөрийнхөө ширхэг хувцсыг ч.

Нас барсан хүүхдийн үлдээсэн зүйл бол
Булгалан гэмтээсэн хөл ба хатсан нулимс
Өөр бусад ямар ч зүйл үлдээгээгүй
Энх тайван ч үлдээгээгүй.

Нас барсан тэд нарын үлдээсэн зүйл бол
Амьд байгаа би бас чи
Өөр бусад хэн ч үлдээгүй.

Нас барсан түүхийн үлдээсэн зүйл бол
Гэрэлтэх өнөөдөр, гэтлэх маргааш юм
Өөр бусад юу ч үлдээгүй.


ГОЛЫН УРСГАЛ

-Ээжээ, голын урсгал яагаад инээгээд байна?
-Түүнийг нар оролдоод байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад дуулаад байна?
-Болжмор давалгааных нь чимээг магтаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал яагаад хүйтэн байна?
-Цастай дурлалцаж байсан үеэ дурсаад байгаа юм
-Ээжээ, голын урсгал хэдэн настай вэ?
-Цэл залуу хавартай чацуу
-Ээжээ, голын урсгал яагаад амардаггүй юм?
-Далай ээж нь түүнийг ирэхийг хүлээж байгаа

Л. Өлзийтөгс

Ертєнцийн хязгаар дахь
Модон гvvрэн дээр
Ер бусын том
Саран тусдаг.
Ерєєс тэнд
Євс усны чимээгvй
Гєрєєс хийгээд
Шувууны мєргvй
Гvн аниргvй л
Тэнд ноёлдог.
Дvн шєнєєр нь
Yvр цайдаг.
Он оны
Навчист даруулж гудайсан
Єнє эртний
Модод нь бєхгєр
Чимээгvйн хязгаар дахь
Модон гvvрэн дээр
Чийгт vдшээр би
Хааяахан очдог.
Чичигнэсэн бvдэг
Гэрлээр сvvмийсэн
Ичингvй ганц
Дэнлvvнд нь мэхийдэг.
Дєлгєєн сарны
Гэгээ цалгиулсан
Бvлээн усанд нь
Харц урсгаж
Дєрвєн цаг
Таван улирлын
Дєрєєн чимээг
Анирдан суудаг.

Wednesday, January 28, 2009

Болор цом 2008 дэд байрын шүлэг

Э. Цэнд-Аюуш - Он солигдох мөчийн шүлэг


Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо
Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа
Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа


***************


Э. Цэнд-Аюуш - Үүрд

Үүрд би
Гандах навчис, будрах цас
Гадаа хүйтэн болоход хайртай байх болно
Үүрд би
Нуур хөлдөж зэгс шуугиад
Нугас ангирын дуу усанд живэхэд гунигтай байх болно

Үүрд би
Сар их үзэсгэлэнтэй, тэнгэр их гүн гэж
Амттайхан бусдын нойронд ад бололгүйгээр бодож суух болно

Үүрд би
Хэдэн бороо алгасаж нар гараад
Охид хувцсаа нимгэлэхэд
Одоо л нэг шүлгийнхээ дэвтрийг шүүсээр байх болно

Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно
Үүрд би
Цонхоор тусах сарны гэрэлд нойрсохыг чинь үзээд
Цох болж тэнгэр болж үзээгүй нууцыг чинь тэмтэрч байна гэж зүүдэлсээр л байх болно

Болор цом - 2008

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана


***********

Л. Хасар - Он цаг

Он цаг урсана.
Он цаг...
Он цаг...
Он цаг...
Ид эрхлэх гэхэд минь
Эмээг минь надаас булаасан
Өссөнөө гайхуулах гэхэд минь
Өвөөг минь надаас булаасан
Өгсөнөө авдаг хатуу он цаг

Он цаг...
Он цаг...
Он цаг...
Эжий аавын минь залуу насыг
Хэцүүгээр солиод авчихсан
Эрх танхил насыг минь
Хэрсүүгэзр солиод авчихсан
Атаа хорсол, үзэн ядахуй
Үхэх төрөхтэй
Улаан нүүрээр минь тулгаж
Тархины сүүдрийг минь нэмсэн
Үзэсгэлэнт бүсгүйтэй намайг учруулж
Үхэн хатах хайрын зовлонд унагасан
Үр надад өгч, үнсэж үлгэх,
Хайрлахын зовлонд унагасан
Он цаг чи
Намайг тосож ирсэн
Он цаг чи
Намайг үдэж үлдэнэ.
Он цаг үл тасалдах амьсгал
Он цаг
Үхэлд хүртээлгүй
Эрх чөлөө
Он цаг
Өгсөнөө буцааж заавал авдаг
Үгүйсгэлгүй мөнхийн дарангуйлал
Он цаг

*************

Л. Хасар - Миний нэг өдөр ингэж санагдаад

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд

7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хөөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад

18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны нүд хорсож улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна
Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор гудмаар алхаад

Tuesday, January 27, 2009

Д.Баттогтох - Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь
Шувуу шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь
Ногоо ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм

Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм

Шивэр шивэр савирсан зуны салхи гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм
Харгана бүдаргана хатгаж ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм

Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж
Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм

Ижий минь намайг гомдоогоод байхаар
намрын шувууд шиг нисээд явчихсан юм
Ижий минь намайг уйлаад байхаар
шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар
хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Ижий минь намайг эрхлээд байхаар
өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм

Thursday, January 15, 2009

Б. Лхагвасүрэн - Солонго билээ би

Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

Эрхий ороох сур шиг хүний богинохон заяанд
Элбэг дутуу нь ялгаагүй амьдын эрээн зүүдэнд
Нэгэн үзүүр нь тэнгэрээс хөллөж
Нөгөө үзүүр нь газарт уллах
Зуурхан төдий татаад арилах
Зургийн алаг солонго билээ би

Хүн дээгүүр гишгэлсэн он жилүүдийн
Зуурын төдий босоо үзэгдэл
Хувилгаан бор газар хөх тэнгэрийн
Зугаа төдий хоосон чанар
Нумын бөгтрөг шиг болж ирээд чулуу жийж татсан
Нарны тал шиг болж ирээд цэцэг илж татсан
Оногдсон заяаныхаа ааг омог дээгүүр олойртож татсан
Олдохгүй хоёр буурлынхаа булшин дээгүүр бөхийж татсан
Эхлэх үзүүр нь сүүнд дүрээстэй
Эцэслэх үзүүрт нь нулимсанд дүрээстэй
Солонго билээ би

Friday, December 12, 2008

Данзангийн Нямсүрэн - Үйлийн үр




Шаргал өвс халиурах толгодын энгэрээр
Шарга янзагатай олон зээр бэлчмүй
Шарга янзагатай олон зээрийн дээгүүр
Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ
Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна
Цуутын цагаан талд оонууд цуглаж
Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.
Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй

Шаргал өвс халиурах талын уудмаар
Цавьдар морьтой нэгэн хүн шогшуулна
Цавьдар морьтой гандмал хүний мөрөнд
Шар модон ака буу доёогноно
Цавьдар морины хондлойд нэг юм тэгнэжээ
Цатгалан өнөөх саарал чоно ажгуу
Цуутын цагаан талд өлөгчингүүд цуглаад
Цусан өшөө нэхэн улих сонсогдоно
Орой дээгүүр сэмжин цагаан үүл хөвсөөр л
Орчлонд юу ч болоогүй... юу ч болоогүй ээ

Оройн шингэх нарны доогуур нэгэн хүн
Олон гөрөөс хөөж бургас руу орно
Оройн нарны улаан туяатай чөлөөг өгсөөд
Олон гөрөөснүүд хүнгүй гарч ирлээ
Ойролцоох модон дээр нэгэн хэрээ сууна
Одоо энэ гурван зуу дахь нь гэж тоолно
Цулбуураа чирсэн цавьдар морь
Цуутын цагаан талд үүрсэх сонсогдоно
Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л
Орчлонд юу ч болоогүй ээ... юу ч болоогүй.




Данзангийн Нямсүрэн - Амитаба
















Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томъёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо унтахыг далайн татралт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, эхийн умайд хөврөл явагдахыг далайн түлхэлт гэх вэ?
Яаж би Амитаба шиг, энэ биеэрээ нэгэн сайхан аялгуу болох вэ?

Яаж би Амитаба шиг, үүдний цоорхойгоор тусах наран лугаа цацрах вэ?
Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?
Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?
Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ?
Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?
Яаж би Амитаба шиг, үхэл гэгч амьдаас агуулгатайг мэдэх вэ?
Яаж би Амитаба шиг, дэнгийн гал руу эрвээхэй үйхэд жишимгүй суух вэ?
Яаж би Амитаба шиг, дэргэдийн ээжгүй болоход уйлахгүй байх вэ?
Яаж би Амитаба шиг, нэг дуу нэг зөгийг хөнөөдгийг мэдэх,
Яаж би Амитаба шиг, нэг шүлэг нэг цэцгийг үрдгийг ойлгох,
Яаж би Амитаба шиг, оргүй хоосон - алсад буй ертөнц гэдгийг таних,
Яаж би Амитаба шиг, орон цаг, амьдрал хоёр үгүйг мэдэх...



Бавуугийн Лхагвасүрэн - Булшин дээр минь ирээрэй




Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна




Бавуугийн Лхагвасүрэн - Оршуулгын газар



Орчлон доторх аниргүйн хаант улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
"Үүрд дурсана" гэж бичсэн үгийг салхи шоолно

Атаа алдар мохож мухардсан энэ газар
Амьдын заяа цуг ирж төгсөнө
Амар болоочийг үдсэн амьдчууд
Амархан мартах гэж яаран одно

Үгүй болохын шалтаг ододоор даравч
Үүсэхүйн шалтаг өвсний голоор гадагшилна
Тарж тэнэсэн сүнснүүд цуглан инээлдэж
Та нар тэнэг гэж өтөөр нулимна

Олон зууны нулимсанд бялуурсан атлаа
Оршуулгын газар дандаа цангаж байдаг




Бавуугийн Лхагвасүрэн - Нулимстай дурсамж



Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хàйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй...

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа...

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө...

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын мèнь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан...

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн...

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна...

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай бàйх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ...

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.



Шагдарсүрэнгийн Гүрбазар - Хоршоо Дэрэм



Шар хамба шиг толгод зээгэлтсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзуулж алхана

Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан

Цэцэн вангийн хушууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөөн гомдсон юм гэнэлээ

Холын хол сумнаас өнчнийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөрөөн элссэн Дэрэмийг
Дүүрэн бэрхтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа

Гэхдээ...
Цавьдар гоёхон хоймор бол хийморь нь явсан Дэрэм
Цаваг уугсан халуундаан бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоон бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаан бол эзэн нь явсан Дэрэм ээ

Дэрэмийн түшилцсэн нэгдэл
Жаран жилээн тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн
Жаахан гэртээ халуунтай байсан

Хоршоо, холбоо, "хөлөөб" гурвыг
Хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй
Зулгаараан санаа алдах шиг гунигтай байсан

Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд ичсэн Дэрэмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ

Магтая гэж магтаагүй ээ
Манай сумыхан мартдаггүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ
Өөрөөн бодогдоод болдоггүй юм

Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаа алхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм

Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон
Хоршооны Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан
Хорвоогийн Дэрмээ
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан



Ренчиний Ройном - Нүцгэн биеийг алдаршуулъя



Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр
Нүцгэн биеийг алдаршуулъя!
Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя!

Янаг минь чи хувцсаа тайл
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь бүр мөсөн нүцгэл

Альбрехто Дюрерийн зурсан Адам Ева хоёр шиг
Ариун хүйсээ ягаан навчсаар бүү халхлаа
Раффелогийн бийрээр амилсан амирлангуй мод шиг
Алган дээрээ нар мандуулан хүүгээ өргө

Үүрийн гэгээ нэвт Афурадитийн дагина шиг
Үзсэн харсан бүхний нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцасаа бушуухан тайл
Ялдамхан хорвоотой анх ингэж л мэндэлсэн гээд
Яг л өмнө минь бүр мөсөн нүцгэл

Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Ган халуун уруулаа нүүрэнд наан мансуурдаг
Гар хүрэхээр хиртчихмээр тунгалаг ариухан
Ган шиг цагаан цээжийг чинь би магтъя

Залуу насны чадал овдсон оргил шиг
Замба тивийн тахил болгон шүтмээр
Гангар шаазан ижилдүүлэн хөмөрсөн юм шиг
Ганган товчлуурт мээмийг чинь би бахдъя

Бүх л зуунаар шагшин дуулах найрагчдын
Бүжин хархан нүднээс албаар би доошилж
Бүлээн халуун амьд эсээр цангаа тайлах
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя

Тансаг дээд лавсан, капрон, нейлоныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул
Нүцгэн биеийг онцгойлон би алдаршуулъя

Нөмөрсөн хувцас нүгэл далдална
Нүдээрээ түүнд бүү хууртан итгэ
Нүдний өмнө бүхнээ дэлгэн туяарах
Нүцгэн бие нүглээ нуудаггүй юм

Нүцгэн биенээс нүцгэн бие тасарна
Нүгэлтэй юм энүүнд чинь хаа байнаа
Гүйлсний өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харахын хүслэн надад байнаа

Усны цээлэнд жараахай булхах шиг
Уяхнаар туялзах бэлхүүсийг чинь би бахдая
Жавартай шөнө зүрх халууцтал энхрийлж
Жавхаалаг биеийн эсийг хүртэн хайрлах
Хуурын хялгас шиг уян зөөлөн
Хун цагаан хуруугий чинь би магтъя

Сар хиртэх шиг сүүдэртэн туяарах
Сайхан цагаан хацрыг чинь би магтъя
Уруул хацраас чинь улам доошилж
Уудам хорвоотой учран золгохноо
Уйлан хайлан тэмүүлэн гарсан
Хамгийн анхны хаалгыг алдаршуулъя

Хүн болгон энэ л хаалгаар дуу алдан цуварч
Хүж дэлхийтэй анх удаагаа мэндэлдэг
Эр болгон энэ хаалгаар дуу алдуулан зүтгэж
Эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг
Хүн бүхний мах цусанд шингэсэн
Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулъя

Эрт эдүгээ хэдийд ч гэсэн
Эр хүн эр хүнээсээ төрсөнгүй
Эгэлгүй энэ бүсгүй хүнээс төрснийг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн хүндэтгэж
Эр хүний итгэл хайраар ижилдэн дассан
Эмэгтэй хүний онгон цогцсыг алдаршуулъя

Энэ орчлонд өөрсдөө нүцгэн ирснээ санаж
Энгүй сайхан нүцгэн биеийг алдаршуулъя
!



Thursday, December 4, 2008

Дорждамбын Баттогтох - Ертөнц даяар гунигтай



Юм бүхэн гунигтай
Юүдэн малгайтай цувны минь хормой хийсэх нь гунигтай

Хэзээ ч дахин уулзахгүй байж мэдэх
Хэн нэгэн андаасаа салж одох минь гунигтай
Хэсэг хэсэгхэн үүлний сүүдэр гэрийг минь дайрч өнгөрсөөр
Хэзээ хойно мартсан юм шиг бороо орох гунигтай

Цэцэг ч гунигтай
Цэцгийн хөлөнд ассан өвсний гэгээ ч гунигтай
Чулуу ч гунигтай
Чулуу дэрлэж унасан цэцгийн дэлбээ ч гунигтай
Чухамдаа сэтгэл минь гунигтай

Ижий минь хийж өгсөн дээлний өнгө элж хуучрах нь гунигтай
Их л дотно санагдах найзын минь нэр санаанд бүдгэрэх нь гунигтай

Салхи ч гунигтай
Салхинд дэрвэх өрхний чимээ ч гунигтай
Үүлс ч гунигтай
Үүлэн завсраар сиймэх гэгээ ч гунигтай
Үнэндээ сэтгэл минь гунигтай




Wednesday, December 3, 2008

Дэлгэрмаа - Намрын тухай шүлэг



Би намарт уусна
Биеэ гээж аниргүй болно
Нүдээ би тэнгэрт өгнө
Нүүх үүлс гуниг минь болно
Зүрхээ би навчинд өгнө
Зүүдэндээ л харин хавар болно
Хүйтэн салхины аясаар газарт тэмүүлж
Хөл дор чинь би зүрхээ дэвсэнэ.

Намар надад уйтай санагддаг ч
Би яагаад ч юм түүнээс зугтдаггүй
Намар надад гэрэл бэлэглэдэг ч
Би юунд ч юм түүнд талархдаггүй
Гунигийн бороо, бүдэгхэн нар
Гудамж, модод, навчис нь цөм
Нулимст уйтгар ... уйтгарт нулимс
Нууцхан догдлол, шүлэг илгээдэг.

Намар надад үзэсгэлэн нэмдэг ч
Намрын намарт би дотроо гунддаг
Намар надад хайр авчирдаг ч
Надад зүрхний энэлэн болж үлддэг
Намрыг би танин яддаг ч
Навчин нулимстай шаналанг мэдэрдэг
Намрыг би үзэн яддаг ч
Намар болохыг л дандаа хүлээдэг.

Мөдхөн дөө, би намарт уусна
Мөрөөдөл минь тэгж биелнэ
Мөнх гэж хаа ч байдаггүйг
Мөчир нахиа л үүнийг мэддэгийг
Хэн нэгэнд хэлэхийн тулд
Хэмгүй гунигтай өөрийгөө ч гээж
Хүйтэн хөндий, хачин зэврүүн ч
Хүслийг минь соронзодсон
Тэр намарт уусна ...
Тэгээд зөвхөн
Тэвчин хүлээх л надад үлдлээ ...



Мулцангийн Уянсүх - Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!



Уйтгарт цээжнээ наргүйд итгэ, саргүйд итгэ!
Уйтгарт цээжнээ навчгүйд итгэ, цэцэггүйд итгэ
!
Уйтгарт цээжнээ харанхуйг сэтгэ, харанхуйн тэртээ
Удган эрвээхэй гэрлийн үзүүрт уйтай ниснэм
!

Эрвээхэй гэвч далавчаа дэвэх нь уйтгар байдаг
Эрвэгэр нүд, дэрвэгэр сормуус, зургар хөмсөг,
Хасын гэгээ, жүнзтэй дарс, янагийн уруул,
Хайрын шүлэг, гунигт модод, намрын улирал ...

Наргүйд итгэ
! саргүйд итгэ! уйтгарт цээжнээ
Навчгүйд итгэ
! цэцэггүйд итгэ! уйтгарт цээжнээ
Харанхуйг сэтгэ
! уйтгарт цээжнээ... харанхуйн чанадаас
Харь эгшиг гэгээн зүгт биегүй алсарнам.



Wednesday, October 15, 2008

Болор цом 2007 он


Ш. Лхамноржмаа - Газрын үг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм

Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь ертөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй цувгүй
Юндэн Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай




Wednesday, September 10, 2008

Нэр нь тодорхойгүй яруу найрагч - Оюутан нас



Оюутан байхад олон шүлэг уншдаг байж билээ. Тэр дотроос доорх шүлгийг би гэж нэг их шүлгийн цагаан солиотой хүн ширээн дээр гарч зогсоод чанга дуугаар уншдаг байлаа. Яагаад ч юм өнөөдөр гэнэт санаанд ороод блогтоо нийтэллээ. Оюутан цагаа гэж эргээд санахаар уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг сайхан цаг байж дээ.



Гантай зуны элсэн цөл шиг
Галтай нас минь дурлалаар ангасан
Очтой ассан хуурай мод шиг
Омогтой зүрх минь хайраар дүрэлзсэн
Нэр сайхан ч ядуухан заяатай
Бэл нимгэн ч бардамхан яриатай
Оюутан байлаа хөөрхий

Олон шүүлэг давалгүй онхолдчихоод
Орон нутаг зорихдоон уйлаагүй зүгээр л нүдээ арчсан
Охидын харцанд ээрэгдэж орой нь сэтгэл жиндэхдээн
Уурлаагүй зүүдүү энэ чинь гээд л инээсэн

Тээр жилийн тэнгэр дор эргээд нэг зогсоё уу
Талхны булан тэврээд дотуур байраа зорьё уу
Моторын дуу шиг чийртэй цахилгаан хонхны чарлаан
Мулгуу тархины дайсан хуруу зузаан консвект

Багш шавь хоёрын цаг нөхцөөдөг хэрүүл
Бичгийн ширээ сандайлсан шүлгийн цагаан солио
Намтар шигээ навтгар намайг андахгүй ээ
Намрын гэгээн өдрүүдээн би мартахгүй ээ

Засаг төрийнхөө буянд хөц будаа идэж
Мацаг барих үдшээр тасаг дамжин хөлхөж
Хими фицикийн теоромд навсайж унатлаа даруулж
Хөлдүү толгой хэмээн сод ухаантанд чичүүлсэн
Оюутан байлаа хөөрхий

Одоо бодоход гунигтай ч юм шиг уянгатай ч юм шиг
Гадаа нь ирэхэд сэрүүхэн ч юм шиг дулаахан ч юм шиг
Алаг нүдэн бүсгүйтэйгээ уулзмаар ч юм шиг зугатмаар ч юм шиг
Ай хөөрхий санаа алдан уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг
Оюутан байлаа хөөрхий


Sunday, August 17, 2008

Л. Өлзийтөгс - Энэ байшинг нураагаад ...



Энэ байшинг нураагаад єєр байшин баримаар байна
Энэ замыг таглаад єєр зам гаргамаар байна
Эгчийнхээ vсийг хусаад, ахынхаа vсийг ургуулмаар байна
Ээж ээ! би энэ орчлонг орвонгоор нь эргvvлмээр байна

Цас орж байхад ногоохон євс ургуулж
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Yхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Yлдэж буй насаа намрын навчинд єгмєєр байна

Шунал, хvслийн эзэн баймааргvй байна, би
Шувуу эсвэл шоргоолж болмоор байна
Ертєнцийн хойд захаас бvхнийг шинээр эхэлмээр байна
Ерєєсєє энэ амьдралыг савандаж байгаад сайн гэгч угаамаар байна


Л. Өлзийтөгс - Одоо ганцхан...



Одоо ганцхан дурлачихаад үхье
Одоо ганцхан дурлуулчихаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад
Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад

Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчихаад
Явъя


Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг дүрчихээд
Бүр явъя

Сүүлчийн удаа, ганц л удаа
Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя
Ээ, хичнээн их хүсэл вэ, сэтгэл яасан ч их вэ
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л...



Б. Энхтуяа - Охин үрээ хайрла



Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла




Р. Энхтуяа /Эмүжин/ - Зулуу нас



Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж гомдлохоо болъё
Хор шар атаа хорслын цаана насаа нууж явъя

Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр хань болсон нь үгүй ээ

Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас

Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай



Г. Мөнхцэцэг - Холоос ирэх шувууд



Холоос ирэх шувууд гуниг далласаар одох юм
Хоёр нүдний мэлмийд нулимс дүүргээд буцах юм
Хэний нутгийн нууранд очоо бол доо, та нар
Хэдэн нь харин эргэж ирэх бол доо, хөөрхийс

Нууцгайхан сэтгэл гэгэлзээд
Нуугдмаар, нуугдмаар болох юм
Нуугаад хэлээгүй үгэнд нь
Нулимс амтагдаад байх юм

Зүггүй нэгэнд нь гомдож яваа шувуудыг
Зон холын гаригт ямархан асуулттай угтах бол
Зүйдэлгүй цаасан дээрх хайрын үгс
Зүрхэнд очихдоо халуун байдгийг би мэдлээ

Битүүхэндээ шивнэлдэх голын урсгал
Бие биесээ дэрлэн хоржигнохуй
Хавирган сар үүлэн цаанаас ичингүйрч
Хайрын хорвоо нам гүм

Бодолд минь сэтгэлийн сүү хөөрөн дэвэрч
Болох, болохгүй бүхнийг оддоос л асууж зогсоно
Хаа нэгэнтээ нь миний од бий
Хайртай гээд шивнэсэн хэн нэгний од ч бас байгаа

Газар дэлхийн аялгуу бүхнийг
Гариг ертөнц, тэнгэрийн эрхэс сонсож байгаа
Гарцаагүй намайг явахад хэн нэг нь минийх биш гэж нулимна
Ганцхан надад хайртай од уйлах ч юм билүү,

Орчлон гэж бөөрөнхий юм хойно доо
Одод ч гэсэн бие биедээ хайртай ч байдаг юм билүү

1990.09.24

Омар Хаяам



Дуулим энэ хорвоод богинохон амьдрах тавилантай та бид

Дурлал дарс хоёргүйгээр насыг илээвэл нүгэлтэй биш үү
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө л бид орхихоос хойш
Мөнхрөх эсэхийн талаар бодож суух илүү ажил гэлтэй

Чимэг зүүлтээ хүүхнүүд гоёлоор л зүүдэг биз дээ
Чи бидэнд эрчүүд минь гоёх гоёл байх биш
Цамхаг дээрээс тэр тэнэг улс төрчид юу гэж хашгирах нь хамаа алга
Цаана нь гагцхүү үхэл байгаа цагт бүхнийг март нарги, цэнгэ, ид, уу

Дүүрэн дарстай жүнзээ бариад бос залуусаа
Дурлал үхэл амьдралын төлөө тулгаж орхиод хөнтөрцгөөе!


Wednesday, November 28, 2007

Б. Ичинхорлоо - Чамдаа

video

Tuesday, November 27, 2007

Р. Чойном - Чи явчлаа



Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...

Эргэн тойрон нам гүм болов
Элдвийн гэрэл сүүмийн сүүмийн бүдгэрэв
Өөрийн минь мэдэрч байгаа эл амьдрал
Өчүүхэн бээр нам гүм зогсов

Ингэж чи минь явчлаа
Инээж бяцхан гараа өргөөд
Хүн хүний хэлдэг БАЯРТАЙ гэдгийг
Хэнэг ч үгүй хэлээд явлаа

Олон зочин ирсэн, шуугисан
Онцын завгүйд чи явчлаа
Оройн наран сүүмийнхэн
Салхи сэнгэнэхэд чи явчлаа

Онгорхой орхисон хашааны гулдан хаалга
Овилгогүй согтуу мэт савж салбахад чи явчлаа
Гадаа уяатай бяцхан шар гөлөг
Гаслан гангинан цовхчиж байхад чи явчлаа

Явахдаа чи энэ гэр дотроос биш
Яая даа гэсэн зүрхэн дотроос гараад
Уйлан байгаа зүрхийг орхиж
Дуулан одох мэт чи явчлаа

Ганьхарсан зүрх минь энэ гөлөг шиг
Гашлан гангинан цовхчиж байна
Хөрч гүйцсэн дөчин хоёр нас минь
Хөх төмөр гинж мэт харжигнан чангааж
Ийнхүү би үлдэж, чи явчлаа

Ирэх нь магад учирах нь олон гэлээ ч
Итгэл багахан бүүдгэр өдрүүдийн минь өмнөөс
Идэр багахан төлөөлөгч хүн төрөлхтний маргааш өөд
Инээсээр зүү мэт биеэ цэмцийлгэнхэн одлоо

Шүлэг бичдэг үеийн минь үүрийн гэгээ шиг тунгалагхан зүстэй
Шүлгийн минь амт мэт анхил улаахан уруултай
Шүлэг бичээ нь үгүй цаас мэт цав цагаахан шүдтэй
Шүлэг бичих гэж байгаа бэх мэт хав хар нүдтэй

Ийм нэгэн сайхан бүсгүй
Ид арван естэй бүсгүй
Тэргэл сарны завсарт
Тэргэл сарны гэрэл мэт дүүрэн

Эр хүний сүнс мэт цэвэрхэн
Эх нутгийн дуу мэт цээлхэн
Эрх чөлөө мэт омог бардам
Эхний дурлал мэт үзэсгэлдэн төгс

Алхан алхан одлоо
Алс үзүүр нь үл харагдах
Амьдралын замаар тэмцлийн талбар луу
Айх өчүүхэн ч зүйлгүй зориг золбоо төгс
Чи явчлаа ...


Sunday, November 25, 2007

Гийом Аполлинер - Сарнайн ертөнц


Довжоо өөд алгуурхан алхсаар
Домгийн юм шиг хатагтай гэртээ оров
Алсаас ч болов нүдээрээ л үнсэх гэж
Амстердамын гудамжаар түүнийг л бараадан
Аз жаргалтай хоёр ч цагийг үдэв

Хотын гудам аль хэдийн
Хов хоосорч эл хуль болов
Бүртэлзээд өнгөрсөн хоёрхон цаг
Бүтэн өдөр улирсан мэт санагдав
Бүхий л амьдралаа түүнд бэлэглэсэн мэт бодогдов

Үзэсгэлэнт авхайг сарнайн ертөнц гэж нэрлэмээр
Үймээнт Голландын цэцэгт хаалгыг дурсмаар
Ертөнцийн гоо сарнайг орхиод явж түвдэхгүй
Ер бусын удаанаар удаанаар би алхана


Жак Превер - Парисын шөнө



Гүн шөнийн харанхуйг нэвтлэн
Гурван удаа шүдэнз зурав
Ялдамхан царайг чинь харах гэж
Янагхан нүдийг чинь үзэх гэж

Улаахан уруулыг чинь ажих гэж
Удаа дараа гэрэл гаргав
Далай хайрыг чинь мэдрэх л гэж
Дараа нь чамайгаа энхрийлэн тэврэв

Анир чимээгүй балар харанхуй
Алаг дэлхийг дахад л нөмрөв


Акияа Ютака - Сүүдэр



Хүмүүн сүүдрийнхээ дунд эргэлдэмүй
Хүсэвч сүүдрээсээ үл ангижирмуй
Буй юмсыг буйгаар нь яахин таних вэ
Бум бужигнасан хүмүүн урсгал дунд

Галав эртний тэртээх гялбаанаас
Гарцаагүй буй юм сүүдэртэй
Алтан бурхад сүүдэргүй гэж үү?
Аяа юу гэхэв, амраг минь!

Улангассан бид хоёрын үнсэлдээнээс
Улаан гал дүрэлзэж, дарь мэт тэсэр лүү?
Ээжийн агар зандан ой дунд
Эцгийн унагасан сүүдэр буюу би



Жерар Де Нервал - Ойд



Хаврын шувуудын гуниглангуй ганганааг
Хайрт минь яагаад тоохгүй байна
Хайлам уярам намуухан анир сонсогдохгүй байна гэж үү?
Хаа сайгүй шувууд жиргэсээр л

Зуны ойд шувууд сүрэглэн ниснэ
Зуурдын дурлал гэж тэдэнд байдаггүй
Шунан тачааж өөр бусдыг тэд хайдаггүй юм
Шувуудын үүрнээс дурлалын жиргээ дуурссаар л

Манант намрын улирал хэвийж оджээ
Маргааш гэхэд л хүйтний эрч чангарна
Шувуудын хичнээн жаргалтай байсан ч
Шугуйд бас л хагацал тасардаггүй
Юутай гуниг . . .


А. Эрдэнэ-Очир - Голын тохой дээр



Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа


Ц. Хулан - Би ч бас ийм л явсан



Залуу хос хөтлөлцөн өнгөрч, инээлдэн одно
Зам тавьж өгөөд би араас нь ширтэнэ
Аз жаргал гэдэг алга урвуулахын төдий мэт
Амьтны энэ хоёр үр сална гэдэг ч өдий мэт

Нэгэн цагт би ийм л явсиймаа
Нэхэлгэж гайхалгүй чиний гараас хөтлөөд
Инээд хөөр цалгиан, хүзүүдэн тэвэрч
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж л явсаан

Алдрайхан чамтайгаа
Амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй
Яваад л байх юм шиг андуурсаан

Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд
Айсуй салхи шуурганд хацраа тавьж өгөөд
Алслан холдох чиний зүгээс гүйхдээ ч
Асгарах борооны нойтон нударгаар
Алгадуулахдаа хүртэл инээж л явсаан

Тэр бүхнээс одоо юу үлдэв?
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тээртэй ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг

Барсаар л дуусах цагт өөдөөс минь
Бас дахиад л залуу хос, өөр нэг залуу хос
Гараа хөтлөлцөн өнгөрч инээлдэн одно
Гайхахын хэрэггүй, би ч бас ийм л явсиймаа


Ц. Хулан - Чи л битгий



Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо

Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь

Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хvлээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй


Р. Чойном - Залуу нас



Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!


Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


Б. Явуухулан - Алаг дэлхийд төрсөн минь учиртай



Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай


Б. Явуухулан - Би хаана төрөө вэ?



Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойд
Yлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчинд
Yрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би


Б. Лхагвасүрэн - Боржигины бор тал



Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь


Б. Лхагвасүрэн - Аргаа барсан шүлэг



Өдөр өдрөөр архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь

Архиар иссэн уураг тархи
Аавыгаа бодохтой манатай болдог юм байна
Бурууд алдсан ухаан гэдэг
Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна

Үүл буусан толгой гэдэг
Үгэнд дийлддэг эд биш юм байна
Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх
Үүрдийн их лай юм байна

Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой
Их л сайн хүү байсан даа, чи
Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж
Янаглан хорлож дотроос чинь хэмлэв

Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн
Сар наран дор чи намайг жаргаасан
Жимс шиг хацрыг чинь үнсэж
Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн

Жирийн заяа азаар тэгширч
Жаргал гээчийн бэлд нялхарсан
Ижий бид хоёрын чинь амьд яваа нь
Илүү юм биш биз дээ . . .

Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож
Эндүүрч яваа юм биш биз дээ . . .
Эцсийн амьсгал татахдаа би
Чамд зовж хахмааргүй байна . . .
Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод
Чамайг орхиход аймаар байна

Аргиж хатсан хоёр хайлаасны сүүдэр дор
Архины шилээр тоглож суугаа үр минь
Амьдын энэ хорвоо чинь
Алаг л гэнэ, хар нь дийлэнх юм шүү дээ . . .

Өдөр болгон архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Ухаарлын их бяр өөрөөсөө гарга л даа чи
Ухааны тэр их дарсыг чинь аав нь залгилж
Жавар инээдийн энэ их хорвоод
Жаргалтай аав яваад авс жийе, үр минь


Б. Лхагвасүрэн - Ижийтэйгээ байхад



Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан

Уул уулын орой уулздаггүй шиг үнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг үнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон

Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан



Wednesday, November 21, 2007

1903 он Бьёрнстьерне Бьёрнсон (1832-1910)

1902 он Теодор Моммзен (1817-1903)




Германы түүхч Теодор Моммзен тэр үед Данийн мэдэлд байсан Германы Шлезвиг-Гольштейне гэдэг газар нэг их чинээлэг биш протестант шашны ламтаны гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг Теодорын хар багаас нь уран зохиол болон герман хэлний амтанд оруулж авъяаслаг хөвүүн гимназиа төгсөөд Килийн хууль цаазын факультетад хялбархан элсэж 1843 онд төгсжээ. Улмаар Данийн засгийн газраас тэтгэлэг авч эрдэм шинжилгээний томилолтоор Итали руу явах боломжтой болсон бөгөөд тэндээ очоод Моммзен 4 жилийн туршид Ромын түүхэн гар бичмэлүүдийг судлан шинжилжээ. Эдгээр он жилүүдэд цуглуулсан материалууд нь Моммзены бүхий л амьдралын туршид хэвлэгдэн гарсан хорин боть бүхий томоохон бүтээл болох "Corpus Inscriptionum Latinarum"-ын үндсэнд шингэсэн юм. 1847 онд Киль хотод эргэн ирээд тэрээр Шлезвиг-Гольштейне дахь Данийн ноёрхолын эсрэг бослогод оролцсон байна. 1858 онд тэрбээр Берлинд үүрд суурьшив. Энд тэрбээр Берлины их сургуулийн эртний түүхийн тэнхимийг удирдах болжээ. Аль Цюрихт байх үедээ Моммзен өөрийн гол бүтээл болох "Ромын түүх" дээрээ ажиллаж эхэлсэн аж. Уг бүтээлийн эхний гурван боть 1854-1857 оны хооронд гарсан бөгөөд дөрөв дэх боть бичигдэж дуусаагүй юм. Харин сүүлийн тав дахь боть 1885 онд хэвлэгдэв.

"Ромын түүх" зохиол Германд ихээхэн амжилтанд хүрсэн аж. Зохиогчийг амьд сэрүүн үед л гэхэд уг бүтээл есөн удаа хэвлэгджээ. Уран зохиолын гайхалтай хэв маягийг шинжлэх ухааны дүн шинжилгээтэй чадварлагаар хослуулж чадсан нь түүхчийн бүтээлийг өнөөдөр ч гэсэн сонирхолтой хэвээр байлгаж байна. Энэ л бүтээлээрээ Теодор Моммзен түүхэн сэдвээр бичдэг томоохон зохиолчийн хувьд 1902 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Теодор Моммзен 19-р зууны II хагасын нийгэм улс төрийн салбарын идэвхтэй зүтгэлтэн байсан төдийгүй нэг бус удаа Пруссийн парламент, Герман нэгдсэний дараа Рейхстагийн гишүүнээр сонгогдож байв. Германы нэрт түүхч Теодор Моммзен Нобелийн шагналтан болсноос нэг жилийн хойно хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Хүн төрөлхтний хамгийн хүчирхэг орон зай өөрийн хязгаартай байдаг. Түүний дотор өөрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж арвин ч хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч үл биелүүлнэ.

***

Яруу найраг нь тачаангуй яриа. Харин түүний хувьсах айзам аялгууг бүтээдэг. Энэ утгаараа яруу найраг төдийгүй хөгжмийн урлаг бүхий л ард түмний сэтгэлд оршино.

***

Аугаа хүн болоод арчаагүй арчаагүй нэгнийг ч авс үл ялганам.

***

Эх дэлхийг эзэгнэх гэдэг хэцүү. Харин тэрхүү ноёрхлоо хадгална гэдэг бүр ч амаргүй.


***

Хэн нэгний эрхшээлд байсан ард түмнийг гартаа барихаас илүү эрх чөлөөт үндэстнийг эзлэн түрэмгийлэх нь амар байлаг.


1901 он Сюлли-Прюдом Франсуа Арман (1839-1907)





Францийн нэрт яруу найрагч Сюлли-Прюдом Парис хотноо төржээ. Хүү дөнгөж 2 настай байхад түүний эцэг насан эцэслэв. Авъяас чадвартай хүү лицейд маш амжилттай суралцсан бөгөөд тооны хичээлд тун сайн байв. Гэвч нүдний хүнд өвчин нь цаашид суралцахад нь саад болсон тул тэрээр нотариатын танхимд албан хаагч хийжээ. Ажиллахын сацуу тэрбээр өөрийгөө боловсруулж байсан ба энэ л үеэс шүлэг бичиж эхэлсэн байна.

Шүүмжлэгчид түүний анхны түүвэр болох "Стансууд хийгээд шүлгүүд"-ийг маш дотно хүлээн авчээ.



"Авгиевын адууны хүрээ" /1866/
"Ганцаардал" /1869/
зэрэг удаах номуудыг нь уншигчид амтархан уншсан гэдэг. Түүний энэ үед бичиж байсан шүлгүүдэд хайр сэтгэлийн сэдэв голлож байлаа.
1870 онд (нэг жилийн дотор) түүний хамгийн ойр дотны хүмүүс болох ээж ах хоёр нь нас барж, найрагч хүндхэн шалгуурыг даван гарсан юм. Сюлли-Прюдом сайн дураар цэрэгт татагдан Прусстэй хийсэн дайнд оролцсоны үр дүнд сайн бус эрүүл мэндээ бүр мөсөн муутгасан аж.

"Дэмий энхрийлэл" /1875/ шүлгийн түүвэр
"Шударга ёс" /1878/
"Аз жаргал" /1888/
гэсэн хоёр найраглал бичсэн ба
"Яруу найргийн гэрээслэл" /1900/ нэртэй өгүүллийн түүврээ хэвлүүлжээ. Улмаар түүний ном зохиолууд утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 1901 онд утга зохиолын салбарын анхны нобелийн сагналтан болгосон юм. Энэ шийдвэр зарим нэг талаар утга зохиолынхонд гайхшрал төрүүлсэн бөгөөд олон хүн уг шагналын анхны эзнээр Лев Толстойг нэрлэсэн байжээ.

Амьдралын сүүлийн жилүүдээ
Сюлли-Прюдом хүндээр өвчилж байгаад Парисаас холгүй орших гэртээ насан эцэслэжээ.

Янз бүрийн хүмүүс. Гэгээ болоод харанхуй.
Хавцал хийгээд хүрхрээн чимээ ...
Энэ бүгдийн адил чанар бол
Ихэмсэг зантаны хоосон дэмийрэл!

***

Зон олон гэгч наран дор холхисон хүн сүрэг юм.

***

Дээрэмчин хийгээд гэгээнтний зам салшгүй холбоотой ...

***

Хайр сэтгэл бүхнийг ялна.

***

Хүн хорвоод мэндлэхдээ ч, буцахдаа ч ганцаараа.

***

Хүмүүний амьдрал зхэлд бэлтгэх өдөр тутмын хичээл байдаг. Бид амьдрахад бус үхэхэд суралцдаг. Гэхдээ маш муу дүн авах юм.


Friday, November 16, 2007

Омар Хайяам



Дуулим энэ орчлонд богинохон амьдрах тавилантай та бид

Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөөн бид орхихоос хойш
Мөнхрөх эсэхийн талаар бодож суух нь илүү ажил гэлтэй

Чимэг зүүлтээ хүүхнүүд гоёлоор л зүүдэг биз дээ
Чиний минь царай наддаа гоёлын чимэг гэлтэй
Цамхаг дээрээс тэнэг улс төрчид юу гэж хашгирах нь хамаа алга
Цаана нь гагцхүү үхэл байгаа цагт бүгдийг март


Thursday, November 15, 2007

Эртний Герегийн 7 мэргэн - 2 Питтак






Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (651 онд төрж 82 наслаад 596 онд нас эцэслэжээ) Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак (Pittacos) нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чадахгүй тийм бүдүүн хүн байжээ. Мэдээж хэрэг хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байсан ба чадварлаг дайчин байжээ. Афинтай хийсэн тулаанд эсрэг талынхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичигдсэн нь бий. Язгууртны хүрээнд орох гэж сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гарлаар нь ямаргт дорд үздэг эхнэр нь үүнийгээ олны өмнө ч нуудаггүй байсан гэдэг. Питтакийн хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгнээс бүрддэг юм. "Сайн Хүн Байх Хэцүү" хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ.

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу?
Сайн ХҮН байх хэцүү юу?
Сайн хүн БАЙХ хэцүү юу?
САЙН хүн байх хэцүү юу?

Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй. Тиймээс өгүүлбэр тус бүрийн утгачлан буулгавал:

Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?
Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?
Сайн хүнд ОРШИН АМЬДРАХ НЬ хэцүү юм уу?
Хүн байх нь бус харин САЙН ХҮН байх нь хэцүү юу?

Дөрөвхөн үгний цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид философийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакийн ухааны цар болой.

Золгүй явдлыг болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаантны зан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэнэ гэдэг зоригтны араншин.

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан.

Ажил хэргийн хагасыг бүтээнэ гэдэг бүгдийг нь хийснээс ч дутуугүй үр дүн билээ.

Сэдсэн ажилаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно.

Питтак


Эртний Герегийн 7 мэргэн - 1 Фалес






Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (625 онд төрж 78 наслаад 547 онд нас эцэслэжээ) Бага азийн Милет хэмээх хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог билээ. Яагаад Фалес эн тэргүүнд бичигдэх болов? Энэ их учиртай.

Нэгэнтээ Герегчүүд өөрсдийн дунд амьдарч байгаа хамгийн ухаантай хүнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулах болжээ. Бүгд зөвлөлдөөд мөнхүү бэлгийг Фалест хүргүүлжээ. Гэтэл Фалес даруу зан гаргаж, өөр нэг ухаантныг нэрлээд "Тэр л энэ бэлгийг авах ёстой" хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан 3 дахь ухаантныг нэрлэх нь тэр. Ийнхүү үнэт бэлэг 7 мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест ирсэн гэдэг. Эртний сод сэтгэгчидээс 7 мэргэн хэмээн онцолсон нь чухамдаа энэ л түүхтэй холбоотой болотой.

Фалес байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн бөгөөд нар хиртэх нь нарыг сар халхалж буй явдал болохыг анх баталж, диаметр тойргийг 2 тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийн эхэлж томьёолсон
ажээ. Геометрийн ололтуудыг анх Герегт дэлгэрүүлэн хөгжүүлсэн Фалес цац суврагуудын өндрийг сүүдрээр нь тооцоолон гаргаж байсан гэдэг. Фалес насан туршаа орь ганцаар аж төрж, улс төрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа:
- Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад:
- Ямар ч ялгаагүй гэхэд нь,
- Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоох гэж оролдоход нь суут мэргэн:
- Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг.

Аристотель: Фалес бол эртний герегийн анхны философич.
Цицерон: Ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн. Тэр анхных нь байв.

Өөрөө хамгаас шилдэгт суралц. Бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.

Фалес.


Monday, November 12, 2007

Эдгар По - Хайрын тангарга



Тэнгэрийн диваажин дахь ариун бурхад ч
Тэнгисийн гүн дэх албин чөтгөрүүд ч
Аль нь ч миний сэтгэлийг үзэсгэлэн гоо
Аннабел Лийн сэтгэлээс хагацааж үл чадна


Ф. Гарсиа Лорка



Далайг харахад чинь гуниг төрөхгүй бол, чамд ямар ч найдлага алга.



Такабоку Ишикава - Намрын тэнгэр уйтай хоосон



Намрын тэнгэр уйтай хоосон
Ядахнаа хэрээ ч нисэхгүй


Дёрдь Петри - Эрин үе ...



Эрин үе амь тавьлаа, ялзарсан үнэр ханхийнэ.
Эвдэрсэн тэр л тоглоомд дуртай байсан минь тоогүй


Уоллес Стивенс - Тэнгисийн эрэг дээр ...



Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна
Тэр хоолойн суу билэг давалгаанаас өндөр ...


Б. Эрдэнэбулган - Ээждээ



Хаанаас ч юм бэ тэр мөнхийн усийг олвол
Хайртай ээждээ өгөлгүй асгаж л орхиноо би
Орчлон ертөнцийн хаалгийг цөмөөрөө бид түлхэхээс хойш
Орь ганцааранг нь үлдээж амьдын тамд унагахгүй ээ би

Цохлоод ирдэг үйлийн үрээр ар араасаан цуварч
Цор ганцааранг нь үлдээгээд үр бид нь явчихаар
Үсэн буурал ижий минь өөрийн гараар биднийг үдсээр
Үхэлгүй хутгийг олсон ч мөнхийн шаналалд орно биз ээ

Үймүүлж сахилгагүйтэж өчнөөн хэл ам таталж зовоодог
Өнөөх гайхал Булгаа чинь өнхрөөд л таны өмнө орох юм бол
Үргүй хүн жаргадаггүй биз дээ миний ээжээ
Үнэндээ та бид хоёрт мөнхийн ус хэрэггүй биз дээ


Б. Эрдэнэбулган - Гэрээслэл



Тэнгэр таалсан зарлигийг тэрсэлж хэн зөрчих юм бэ?
Тэргүүн гудайх цаг нэг л өдөр ирнэ ээ.
Эрлэг номун хааны нясалж орхисон хясаа
Эрт орой нэгэн цагт онох л болно оо намайг

Мөнхийн зүүдээ манах хожмын тэр цаг дор
Миний хойно үлдэгсэд харамсаж бүү гашуудаарай
Үхсний хойноос дагадаггүй үйлийн хуулийг дагаж
Өөрсдийн эдлэх зовлонгоор жаргалын муврагаа урлаарай

Шарилыг минь тойрч зогсоод нулимсан дусал бүү унагаарай
Сайн хүн байсийм гэж хоосон бүү магтаарай
Алга дарам цаасны шажигнах чимээ ч бүү гаргаарай
Алсын аяндаа би чинь тайван явж л чадахгүй шүү

Өөжин цэнхэр хангайн минь наран ээвэр энгэрт
Өвгийн өвөгтэй минь зэрэгцүүлж нутаглуулах гэсний ч хэрэггүй
Өнгөцхөн энэ хорвоод мөнхийн бадагаа тэрлэчихээд
Өөрөө өөрийгөө гагцхүү шүлгэндээ би оршуулнаа



Б. Эрдэнэбулган - Найздаа



Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө хатуу байдаг болохоор
Аманд чинь ороx нулимс гашуун байна уу найз аа

Халуун зүрхнээс шиврэх гунигийн зөөлөн бороо
Хархан сормусанд бүдрэх ганцхан дусан нулимсанд
Хан хорвоогийн амьдрал бүхлээрээ багтдаг болохоор
Хайртай чинийхээ нулимсыг арчиж өгөхгүй би

Өвсний шүүдэр адил бөнжийх дуслыг арччихвал
Өөрийн гараар чиний амидралыг бусниулчих болохоор
Сормусан ширхэгт хуваагдах зүрхэн хээтэй нулимсыг
Солиороо нь үгүй юм бол би юу гэж арчих юм бэ?

Он цагийн тоосонд даруулж хэзээ нэгэн цагт
Орчлон хорвоог орхихоос хойш уйлаад яахав найзаа
Амьдрал гэдэг өөрөө гашуун байдаг болохоор
Аманд чинь орох нулимс шорвог байна уу найз аа


Такабоку Ишикава - Си Матын дууч хүүхэн гэж ...



Си Матийн дууч хүүхэн гэж
Сэдэж чамайг хэн хочилсон юм бэ?
Хэлээрээ шүр гижигдэхийг
Хэдийдээ ингэтлээ сурчихсан юм бэ?
Ай жаргалан, ашдийн жаргалан.


Кобаяши Исса - Өвлийн хайку



За тэр, миний өмнөөс
Шинэ оны анхны усанд
Хэрээ шумбаж байна.


Като Коко - Өвлийн хайку



Юутай гүн бэ?
Цэв цэнхэр тэнгэрт
Нүцгэн модод живжээ


Като Сюсон - Өвлийн хайку



Өвлийн цагаан сарнай
Хэвтрийн хүний нүдийг
Яасан их гялбуулнав!


Накамура Кусатао - Өвлийн хайку



Шарилын чулууг
Өвлийн талд би
Замын тэмдэг гэж харлаа


Накамура Кусатао - Өвлийн хайку



Өвлийн тэнгис!
Тэргүүлэгч цэцгийн тасарсан дэлбэс мэт
Цахлайнууд хөвнө


Иида Дакоцу - Тоншуулын чимээ ...



Тоншуулын чимээ -
Ууланд суусан алсын үүл рүү
Цуурай нь долгилно


Ошима Рёта - Гэрийн эзэн ...



Гэрийн эзэн,
Гийчин хоёрын дунд
Цагаан цоморлиг нам гүм -


Ёса Бусон - Зуны хайку



Сэрүүсчихлээ!
Хонхны дуу
Холын холд замхарна ...


Мизухара Сюос - Модон хүүхэлдэй ...



Модон хүүхэлдэй -
Хэдэн зууныг нэвт
Амарлингуй нүдээр ширтэнэ


Ёса Бусон - Гар дээр суусан эрвээхэй ...



Гар дээр суусан эрвээхэй
Хичнээн тунгалаг билээ,
Хэн нэгний сэтгэл шиг!


Ёса Бусон - Бургаас булгарчээ ...



Бургаас булгарчээ,
Горхи ширгэжээ,
Нүцгэн чулууд ...


Масаока Шики - Хаврын налгар өдөр ...



Хаврын налгар өдөр

Хатаахаар дэлгэж тохсон
Улаан торгоны үнэрийг ээ!


Масаока Шики - Дуусч байгаа намрын



Дуусч байгаа намрын

Гунигт автсан надад бол
Бурхад ч, Будда ч эс орших ...


Шико - Чамд би юутай атаархана вэ ...



Чамд би юутай атаархана вэ!
Гоо сайхны оргилд хүрээд
Унах юм, чи, навч минь!


Кобаяши Исса - Гунигт орчлон ...



Гунигт орчлон!
Интоор цэцэглэж байхад ч ...
Бүр ийм үед ч гэлээ ...


Кобаяши Исса - Интоорын цэцэгс



Интоорын цэцэгс
Тэнгэрээс унасан мэт,
Тийм сайхан!


Кобаяши Исса - Амьдрал гэдэг шүүдэр ...



Амьдрал гэдэг шүүдэр.
Шүүдрийн дусалхан байг,
Гэлээ ч гэсэн дээ ...


Тиё - Цаасан цонхыг ...



Цаасан цонхыг

Цоолох хүнгүй боллоо.
Гэтэл гэрт хичнээн хүйтэн!

Япон орны хойд нутгийн өвөл их хүйтэн. Хятад маягийн цаасан цонх л хүйтэн жаврыг халхална. Тие ядуу хүний эхнэр байсан ба томоогүй хүү нь цонхыг хуруугаараа цоолж төвөг удна. Тэр жаахан амьтныг эрлэг аваад явчихсан тул хэн ч цонх цоолж хүйтэн жавар гэрт оруулахгүй. Салхигүй дулаан байшинд гэвч ямар ч жаргал алга. ХИЧНЭЭН ХҮЙТЭН! Унших бүрт уйлмаар ...


Мацуо Башё - Дэндүү хурц нар ...



Дэндүү хурц нар
Хайр гамгүй шарна,
Намрын салхи


Мацуо Башё - Үг хэлмэгц ...



Үг хэлмэгц
Уруул жиндэнэ -
Намрын салхи


Мацуо Башё - Хуучин цөөрөм



Хуучин цөөрөм.
Мэлхий үсэрч,
Ус цалгилаа.


Мацуо Башё - Нүцгэн мөчир дээр ...



Нүцгэн мөчир дээр
Ганц хэрээ сууна ...
Намрын үдэш.


Sunday, November 11, 2007

Ш. Гүрбазар - Ижий танаа



Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ

Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч ижий минь та гарын хаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ

Ээжээ
Та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү

Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж бодож чаддаггүй дээ
Үрийнхээ нүдэнд эх өтлөж
Үлэгсэн мээмээ ширэгсэн гэж бодож чаддаггүй дээ

Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүй дээ алдаж мэдхийм аа
Гэлээ ч миний намхан эжий та хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү!


Ш. Гүрбазар - Орчлонгийн дутуу



(Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа)

Аавдаа би эрхэлдэг байсан
Аавдаа би эрхлэхдээ
Алтан гадасны од аргамжааг буулгаж зээрийн шагайгаа холбоё гэж
Аадрын сүүлчийн солонго барьж шилбүүрийн үзүүртээ уяя гэж
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан
Ээждээ би эрхлэхдээ
Өлзийт булгийн халгайны өргөс болгоныг түүлгэе гэж
Өвдөг шалбалсан чулууны өөрийнх нь уйлахыг үзье гэж
Намайг өсгөсөн өвөөгөө холоо явахад нь авчирна гэж
Намрын шувууг буцаахгүй нуурын хөвөөнд тоглоно гэж
Ээждээ би эрхэлдэг байсан

Одоо тэгэхнээ

Алтан гадасны од аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа алга байна
Өлзийт булгийн халгайны өргөс болгоныг түүх гээд
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа эзгүй байна

Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд
Миний хоёр буурал одоо эзгүй байна