Tuesday, March 13, 2012

Үггүй гомдол

НУЛИМС
Нулимс- үггүй гомдол
Надад бичээгүй захиа
Нулимс-өгүүлээгүй үг
Чихэнд хэлээгүй цээжний зангилаа
Хацар дээгүүр урсах чимээгүй гол
Халгиж цалгисан сэтгэлийн үер
Зуун шөнө хурсан бодол
Зураглан буух амьдралын хүсэл

Monday, March 12, 2012

Буян санаж өргөсөн зулын тосонд эрвээхэй унаж үхэх нь олонтаа


  • Алдар бол авъяас билигтэн дээр овоолсон зусрын чулуу.
  • Ариуссан гэгээнтний мөрөн дээр мөргөлчдийн хөлөөр боссон тоос ч бууж л байдаг.
  • Бурхан буйн баталгааг бидэнд ганцхан чөтгөр л баталж өгч байгаа юм.
  • Бие нь сайхангүй ч сүүдэр нь үзэсгэлэнтэй харагдах тохиолдол бий. 
  • Буян санаж өргөсөн зулын тосонд эрвээхэй унаж үхэх нь олонтаа.
  • Гуниг цөхрөл гэгч ус мэт чимээгүй мөлхөн ирж итгэл зоргийн ирмэгийг хүлхэнэ.
  • Жоом бялдууч хоёр элбэг идэштэй дулаан газар амархан үрждэг.
  • Зайлшгүйг ирэхэд бурхан хүртэл чөтгөрийн талд ордог.
  • Замыг аль болох түргэн орхихгүй бол зам чамайг дагахгүйд хүрнэ. 
  • Ном унших нь бусдын багжаар өөрийн худгийг уужимсгахтай адил.
  • Оргилын чулуу бүхэн бэлд байдаг.
  • Өнгөрсөн ч цөл, ирээдүй ч цөл. Эдүгээ гэгч их цөлийн дундах өчүүхэн баян бүрд.
  • Өдөр бүхэн шинэ юм эхэлдэг хүн, тал хомоол уугиж дуусахыг эс үзнэ.
  • Өндөрт нисэж яваа шувуу руу хэн чулуу шидэх юм
  • Толь томрох тусмаа дүрээ муухай болгодог
  • Хүн бол диваажингаас заларсан бурхан биш, тамаас оргосон оргодол. Тийм учраас эрлэгийн элчдээ баригдаж буцдаг.
  • Худал гэгч оронгоо олж хэлбэржин тогтоогүй байгаа үнэн.
  • Эр зориг харуулсан кино, жүжгийг хулчгар хүмүүс бусдаас илүү сонирхдог. Тэд бусдын эр зоригоор өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэхийг эрмэлздэг. 

Sunday, March 11, 2012

Шүлэг бичихгүй байхын аргагүй...

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг, бөглүү хязгаар
Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал, гажаагүй амьдрал

Thursday, March 8, 2012

Non plus ultra /шүлгийн түүвэр/ Г.Аюурзана

Гарыг минь хүйтэн гээ юү?
Зүрх минь хав халуун,
Хөрөхөөс нь өмнө урж идмээр халуун шүү.

Хуруу минь чичирч байна уу?
Хуйлран түрхрэх далай
Төвдөө нам гүм биш үү?

Wednesday, March 7, 2012

Зун гээсэн чөдөр /шүлгийн түүвэр/ Х.Нямхишиг

Яруу найраг гэж чухам яг юуг хэлдгийг би сайн мэдэхгүй.
Мэдэхгүй хэрнээ яруу найраг бичихсэн гэж хичээдэг.
Хичээхдээ бичье гэж бичдэггүй, бичихгүй байж чаддаггүй юм аа.

Шүлгийг би хэн нэгэн хүнд, аль нэгэн уул овоо, гол усанд,
 ямар нэгэн цаг  үе,  үйл явдалд, ялангуяа алга ташилтанд зориулж
тэдгээрийн эрхшээл, таашаалд нийцүүлэх гэж бичдэггүй.
Гагцхүү өөртөө л бичдэг. Гэсэн ч хэнд ч, юунд ч эс зориулсан шүлгүүд маань
мөн чанартаа бүхий л орон зай хийгээд цаг хугацаанд зориулагддаг.
Х.Нямхишиг

Friday, March 2, 2012

Шувууны нүд шиг нар /чөлөөт шүлгүүд/ Г.Сүхзориг


***

Гэртээ харих цэцэрлэгт гудамжны
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэл
Ялаа шумуулаа залхуутайяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүй.
Үнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дор
Хөгшид хааяахан бодлогоширч суух модон сандал
Зүүрмэглэнгүй.