Wednesday, October 10, 2012

Томас Транстрүмэр

Үхлийн дараа

Зурсхийтэл харваад өнгөрсөн сүүлт одны
Зурааснаас үлдсэн ганц чичирхийлэл
Угтаа биднийг багтааж, зурагтын дэлгэцийг жирэлзүүлж
Утасны шугаман дээрх хүйтэн дусалд шингэнэ.

Хэдхэн навч өлгөгдөж хоцорсон бут сөөгийг дайран
Хэн нэг нь өвлийн нарнаар яаралгүйхэн цанаар гулгана,
Хуучин утасны лавлахаас тасдаж авсан хуудсууд болоод
Хүйтэнд залгиулсан нэрсийг нь тэд адилтган тулгана.

Бянь Жи-Лин


Дутуу бадаг

Ганцаар гүүрэн дээр зогсоод
    орчлонг ажих чамайг
Гадагш харуулдах нэгэн
    цонхоор сэмхэн ширтэнэ.

Өөлөн сар одоо
    танай цонхоор гийнэ.
Өөрөө ч мэдэлгүй чи
    түүний зүүдэнд гэрэлтэнэ.

Ши Мөрөн

Хүж өвс

Бяцхан горхи далайн зүг яаран яаран урсана,
Бялхсан давалгаа эх газартаа ахин дахин тэмүүлнэ,
Цагаан цэцэгтэй ногоохон модны дэргэдээс
Цалгардуухан, гар далласаар салсан сан,

Алив бүхэн хувирчихсан хорин жилийн дараа ч
Амраг хайрын маань сахиус шөнө бүхэн ирнэм,
Аясхан салхи зөөлөн илбээд өнгөрөх бүр
Анхилам үнэртэй цэцэрлэг болон хувирганам...

Цөлөгдсөн умард арал

Хариулт
Гэм бол гэмтний нэвтрэх хуудас,
Гэгээрэл бол гэгээнтний бичигт хөшөө,
Хар даа! алтан шармал тэнгэрээр нэг,
Аль эрт талийгчдын муруй дүрс унжсан байна.

Орчин үеийн хятад яруу найрагаас 1


Юй Гуан-Жун(余光中) - Нутгаа санах
Эрх багад
Нутгаа санах гэгч нь шуудангийн бяцхан марк байлаа
Би энд
Ээж минь тэнд