Monday, January 18, 2010

Сергей Есенин : Сонгомол шүлгүүдээс

Дуучин өвөл гуугална

Дуучин өвөл гуугална
Дуулган ой хүүглэнэ
Нарсан төгөл шуугина
Бөөн уйтгарт умбана
Бөмбийх үүлс умбарна
Бөртийх алс руу шуударна


Явган шуурга товилзоно
Ямбуу даавуу шиг гүвэлзэнэ
Яасан ч хүйтэн юм бэ дээ
Сөрөвгөр хэдэн бор шувуу
Шоовдор хүүхэд шиг бөөвийлдөн
Цонхны шилэнд бүртэлзэнэ
Бээрсэн хэдэн бялзуухайн
Бор ходоод нь хоосорчээ
Бөөрөө нийлүүлэн шахцалдана
Цонхны хавтас дэрчигнэнэ
Цасан шуурга тэлчигнэнэ
Цочмог цочмог ширүүснэ
Хөөрхий хэдэн бялзуухай
Хүүглэх шуургыг мартаад
Хөлөө атийгаад зүүрмэглэнэ
Усгал наран мишээж
Урин хавар ирлээ гэж
Унтах нойрондоо зүүдэлнэ.

1910


Нохойн тухай дууль

Үүрийн гэгээ улбартан цайж
Сийрсэн дээвэр шаргалтан байхад
Хөөрхий гичий гөлөглөжээ.
Хөөрхөн, долоон шар гөлөг гаргажээ.

Долоохон гөлөгнийхөө нойтон үсийг
Долоон долоосоор үдэш болгожээ.
Халуухан хэвлийнх нь илчинд уяраад
Хайлсан цас урсаж байжээ.

Бээрүү тахиа пийшинд наалддаг
Бүрий барай нөмрөн буухад
Догшин царайлсан эзэн нь ирээд
Долоон гөлгийг шуудайлан үүрчээ.

Хөөрхий гичий түүний хойноос
Хунгар захлан даган гүйжээ...
Хөлдөж аниагүй цооногийн ус
Хэзээ хойно нь ч бургилсаар л байжээ...

Хөөрхий гичий гуйвлан хариад
Хөлөө долоон цагираглан хэвтэхэд
Дорноос мандсан өнчин саран
Долоон гөлөгнийх нь нэг шиг харагджээ.

Холдоо хөхрөх үдшийн тэнгэр лүү
Хоншоороо өргөөд гийнан улихад нь
Шинийн сарны хавирган мандал
Шилийн цаагуур шингээд орчихжээ.

“Хөөш гөлөөг май, май!” гээд
Хууран шидсэн чулуунд гомдох шиг
Хөөрхий жингэрийн халуухан нулимс
Хөр цас руу алтан од шиг унажээ.

1915

No comments: