Monday, July 20, 2009

Омар Хайяам

Гахай шиг тэнэгүүдэд таалагдах гэж удаан ингэж гүйх үү?
Ганцхан цадахын төлөө ялаа л амиа өгдөг байх
Зүрхээ чангал хүний царайг бүү хараач!
Зүйгүй шавхруу сорсноос нулимсаа залгисан нь дээр шүү
**
Мэдэж ав.Дурлалын халуунд мөс шиг байх хэрэгтэй
Мэргэн түшмэлийн найранд согтохгүй байх хэрэгтэй
Хэл, нүд, чихээ бүтэн байлгая гэвэл
Хэлгүй, дүлий, сохор мэт яв
**
Аяга дарсны төлөө хорвоогийн хамаг улс гүрнийг өгье
Аагтай дарсны төлөө номын хамаг ухаанаан өгье
Зөөлөн хөөсрөх дарсны төлөө хамаг алдраан өргөе
Зөвхөн бүл бүл хийх дарсны төлөө хамаг ая дуугаа өргөе
**
Хамаг анхилам үнэрийг шунан сорж амьсгалав
Хамаг туяаг залгилж, эмсийг хүсэв би
Хай амьдрал гэдэг юу вэ? Наранд гялалзснаа
Хаа нэгтээ харанхуй ангал руу алга болсон горхи
**
Хуурамч янагт хайр дурлалаа өгсөн чинь
Хуу бие минь тахалд өртөж ухаан самуурлаа
Эмч домч маань өөрөө өвдсөн болохоор
Эмзэг зүрхийг минь одоо хэн эмчлэх билээ
**
Зүрх минь надаас салан тасарваас
Зүглэн хаашаа очих бол эргэн тойрон хүнгүй
Хавчиг духтай, өрөвдөлтөй тэнэгүүд
Халаад ирэхээрээ бүгд л Хаан болохыг нь яана
**
Сав ертөнцийн амьдралыг би олон жил эргэцүүллээ
Сарны дор надад мэдэх юм алга боллоо
Би юу ч мэдэхгүйгээ сайтар мэднэ
Биеэр нээсэн сүүлчийн ганц үнэн энэ
**
Архи ууж сэтгэлээ амраагсад ч
Амгалан шөнө бурханд мөргөгсөд ч адилхан
Хөмөрсөн тогоон дор унтаж байна гэсэн үг
Хөөрхий бидний дээр тэнгэр л мэлтийж байна

No comments: