Thursday, October 22, 2009

Намрын тухай найрагчид /1-р хэсэг/


















 
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан
Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан


Хол ойрыг санагалзаж уярах сайхан
Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан
Торолзох барааг харж зогсох сайхан
Торгон алчуур дэрвэх сайхан
Сэмжин цагаан үүл нүүх сайхан
Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан
Шивэр авир бороо салхилах сайхан
Шивээн толгой ганхах сайхан
Морьтой хүн давхин одох сайхан
Морин төвөргөөн дуулдах сайхан
Тэнгэрийн хаяаг харах сайхан
Тэрэг хөсөгний зам зурайх сайхан
Өмнө зүгт шувуу нисэх сайхан
Үүлсийн дунд ганганах сайхан
Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан
Шаргал бороо нартай орох сайхан
Шанз ятгын утас буйлах нь сайхан
Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан
Шальдар бульдар дүү минь түүнийг санах нь сайхан
Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан
Ганган морьтой хүн буух сайхан
Намрын сарын шинийн гурван ирэх сайхан
Намуун үдэш аргын тооны cap гарах сайхан
Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан
Хуучин сүмийн тууринд... хэмээн ярилцах нь сайхан
Цонхоор cap тусах шөнө үлгэр ярих сайхан
Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан
Cap орой болж хүйтрэх нь сайхан
Салхинд одод зүлгэгдэх нь сайхан
Өдөр шөнө тэнцэх нь хорин хоёрон болох сайхан
Хүлэг хүн хоёр адилхан цаг унтах сайхан
Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан
Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан
Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан
Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан
Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан
Монгол аялгуугаар жиргэх сайхан
Дээр төрийн сүлдний нар мандах сайхан
Дэргэд алтан соёмбоны гал ноцох нь сайхан
Хэн нэгэн ирээд дуулах сайхан
Хэн нэгэн одоод гуних сайхан
Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан
Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Алаг нүдний нулимсан дусалд багтсан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа.
Аяа, хөөрхий гэж... /Д. Нямсүрэн Дөрвөн цаг шүлгээс/

Ай, үнэхээр юутай сайхан бэ. Түүний сэрж мэдэрсэн энэ намар бол үнэхээр жинхэнэ "Монгол" намар. Гол мяралзан урсахыг хараад суутал морин тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх,
модны мөчирт шувуу навчны оронд суугаад Монгол аялгуугаар жиргэх...
Юутай уянгатай агшин бэ?















 
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Намрын тал шаргал өвсөөр халиурч
Навч цэцэг гандан гундан унасаар
Эргэцүүлэн бодох бодлоос минь хурднаар
Эргэж ирэхгүйгээр аяархан буцаж байна
Үүргэлсэн юм шиг бүхий орчин дүнсгэр
Үдшийн гэгээ ч цаанаа л нэг нуумгай
Уйлж явааг минь бусдаас нуух гэв үү
Усан бороо л хаа нэг дусагнах юм даа
Монголын намар...Үгээрч хэлэмгүй
Морьдын явдал ч зөөлөрч гишгэнэ
Үлгэрийн төгсгөл шиг жаргалтайн дэлгэр байхад
Үдэш болтол би юуг хүлээн санааширна...
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна /Ж. Болд-Эрдэнэ - Баяртай гэж би яахин хэлж чадна/

Намар яагаад ийм яруухан, ийм хүлцэнгүй байдаг юм болоо. Эсвэл намрыг яагаад ийм яруухнаар, ийм хүлцэнгүйгээр мэдэрдэг юм болоо.















 

Найранд уригдаж ирчихээд
Уйлж суугаа хүн шиг
Намар аа гэж... /Б. Эрдэнэсолонго/

Намар аа гэж... Яг л нулимс шиг. Тийм тунгалаг. Аргал түүгээд яваа хэн нэгний ээж шиг. Тийм өрөвдмөөр. Уул шиг эсвэл уйлж суугаа аав шиг. Тийм хайралмаар. Өнгө нь нар шиг болоод үнэр нь хаа нэгтээгээс ирсэн хэн нэгний санаа алдалт шиг.















 

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билvv
Найранд барьсан ая сан билvv
Нахийтал сойсон морь сон билvv
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн
Зvрх шиг улаан хөвгvvн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгvй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн
Наалинхай харцны торгон vзvvрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намар аа! гэж шvvрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гvйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглvvлэшгvй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зvггvй насаа орхиод ирсэн
Зvvн зvгийн уудам талд минь
Зvрх нь эмтэрсэн монгол найраг
Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишvvний
Улаахан навч зvрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн vзvvр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигvvр
Үүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус
Бадамын талиман нvдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрvvн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ. /Р. Чойном - Намрын тухай бодол/
 

Аяа хөөрхий... Хаврыг учрал хэмээгээд, зуныг дурлал гэвэл, алтанхан намар минь чи яалт ч үгүй хагацал санаашрал нь байна биз. Намар л навч шарлаж мөчир нүцгэрдэг. Намар л шувууд буцаж нуур эзгүйрдэг.
...Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын чинь хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна... Дуулъя даа дуулъя намар юугаа. Дууланхан байж уйлая даа.

















 

Шар торгон дээлэндээ
Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар
Арын толгодод хяруу өлгөж ноолоход
Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорно
Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж
Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно
Өлмий гижигдсэн нутгийн минь чулууд жиндүүлж
Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ /Г. Мөнхцэцэг - Арван зургаан насны намар/

















No comments: