Friday, October 23, 2009

Намрын тухай найрагчид /2-р хэсэг/
















Навч минь би чиний

Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?
Намрын бороонд хамтдаа даарч хонох
Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч
Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод
Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье.
Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж
Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч. /Б. Лхагвасүрэн - Чамдаа/

 

Мөчир дээр гав ганцаархнаа үлдчихсэн навчыг харах ямар байдаг гээч. Харахаас нүд хальтрам... Тийм навчийг яг олж "харсан" хүн л ийнхүү зөвшөөрөл нэхэн халаглах байсан биз. Хүмүүний сэтгэл гээч яасан агуу, яасан энэрэнгүй.
Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна
Гадаа намар ирчихсэн
Газар түүнд ойрхон байна.















Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчис аа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! /Д. Урианхай - Намрын навчинд өргөх шүлэг/
 
Навч билээ би... Хэзээ нэгтээ мөчир-хорвоог орхин хийсэн одоход. Ийм халуун сэтгэлтэн олон байвал. Намайг дээрх навч мэт хүндэтгэн гишгэчихгүй бол яасан сайхан. Яасан халуун, яасан энэрэнгүй.
















Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр /Л. Өлзийтөгс - Моддын дээр цас орно/

Агуу их үхэл - намар... Агуу их марталт өвөл...

















Би намарт уусна
Биеэ гээж аниргүй болно
Нүдээ би тэнгэрт өгнө
Нүүх үүлс гуниг минь болно
Зүрхээ би навчинд өгнө
Зүүдэндээ л харин хавар болно
Хүйтэн салхины аясаар газарт тэмүүлж
Хөл дор чинь би зүрхээ дэвсэнэ.
Намар надад уйтай санагддаг ч
Би яагаад ч юм түүнээс зугтдаггүй
Намар надад гэрэл бэлэглэдэг ч
Би юунд ч юм түүнд талархдаггүй
Гунигийн бороо, бүдэгхэн нар
Гудамж, модод, навчис нь цөм
Нулимст уйтгар ... уйтгарт нулимс
Нууцхан догдлол, шүлэг илгээдэг.
Намар надад үзэсгэлэн нэмдэг ч
Намрын намарт би дотроо гунддаг
Намар надад хайр авчирдаг ч
Надад зүрхний энэлэн болж үлддэг
Намрыг би танин яддаг ч
Навчин нулимстай шаналанг мэдэрдэг
Намрыг би үзэн яддаг ч
Намар болохыг л дандаа хүлээдэг.
Мөдхөн дөө, би намарт уусна
Мөрөөдөл минь тэгж биелнэ
Мөнх гэж хаа ч байдаггүйг
Мөчир нахиа л үүнийг мэддэгийг
Хэн нэгэнд хэлэхийн тулд
Хэмгүй гунигтай өөрийгөө ч гээж
Хүйтэн хөндий, хачин зэврүүн ч
Хүслийг минь соронзодсон
Тэр намарт уусна ...
Тэгээд зөвхөн
Тэвчин хүлээх л надад үлдлээ...
/Ц. Дэлгэрмаа - Намрын тухай шүлэг/

Олон олон хүний бие, сэтгэл, гунигийг өөртөө шингээсэн болохоор магадгүй намар ийм уянгалаг байх. Мөдхөн дөө, би ч бас намарт уусна. Энд, миний амьдардаг газар далай байхгүй. Гэхдээ яг далай хараад зогсох шиг тийм намар болдог.

















Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар /Б. Ичинхорлоо - Зуун намар/

Нэг намар...
Арван намар...
Зуун намар...
Амьдрал яасан ч уйтгартай юм бэ дээ. Намрын өөдөөс эгцлэн хараад инээмсэглэж чадахаар тийм хатуужилтай болохсон.

2 comments:

Nurbol Davis said...

Надаас өөр намарт дуртай хүмүүс олон байдаг бололтой. Намарын ой үнэхээр сайхан шүү. Би тэр үед бараг л шоконд орж байсан юм байна.

Single_Leaf said...

намар дэндүү сайхан... цаанаасаа л нэг уянга хөврөөд...
Тодоос тод дурайх дурсамж үгүй мэт боловч төнхөөд санахлээр бүх нандин үе минь намар л тохиосон байдаг.
Намраас намарт навчисийн тэр л нялуун үнэрт шунан дурладаг...