Wednesday, February 10, 2010

Р.Чойном - Ази


Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талынхаа тухай
Дуут өндөр сарьдагийнхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна



Гүн зузаан хөвчийнхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голынхөө тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсгээн үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээд шингэсэн найргаараа би дуулнам

Хаана чи төрсөн юм бэ гэж
Хатан дэлхий чи асуу
Хамгийг захирдаг омог дүрээрээ
Хавтас нээгээд асуу
Александр Дюмаас
Асуусан шигээ асуу
Алишер Навоиг залууд нь
Асуусан шигээ асуу
Хаан судар бичсэн Предиусыг
Харангадуулсан шигээ асуу
Ханасан цэнгэлээс Пушкиныг
Хагацаасан шигээ асуу
Үлэмжийн их Байроныг
Үхүүлсэн шигээ асуу
Үүнд чинь би гав ганцаараа
Уйтмэн шиг хариулъя

Ази тивд би төрсөн юм
Ази тив миний нутаг
Аварга энэ орчлонгийн хаанаас нь ч
Ахиад олдошгүй
Ази миний нутаг
Арван галавын дэнсэн дээр
Арчигдаж хусагдаж явсан
Азаар дульхан дөрвөн тивийн
Алийг нь ч би тоож төрөөгүй юм

Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
Амьдарахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амрахад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулим их Азид миний бие мэндэлсэн юм

Ази тив намайг Австрали тив шиг
Араатан амьтнаар айлгалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг Америк тив шиг
Алтан зоосонд алга тосуулалгүй хүлэжж авсан юм
Ази тив намайг Африк тив шиг
Ангаан цангаалгүй амраглан тэвэрч авсан юм
Ази тив намайг адгийн европ шиг
Аллаганд дуудалгүй алгаан тосож хүлээж авсан юм

Хүний уужим сэтгэл шиг
Хүй цагаан талд нь би
Хүү нь юм шиг дэлчигнэнхэн байж
Шунхан улаан хаяатай
Манхан цэнхэр тэнгэрт нь би
Шувуу нь юм шиг шулгананхан байж
Захгүй талын одон болсон
Зааны сүү шиг нууранд нь би
Загас нь юм шиг шумбанхан байж
Орчлон их дэлхийг тойрс явсан
Ороо морьдын зоон дээр би
Онгон сахиус шиг дөрөөлөнхөн байж
Азийн алтан шооны
Арван цагаан нүдэн дээр
Ам цагаан хулганы
Асаасан галын дөлөн дээр
Есөн цагаан мэнгэний
Нүх таарууланхан төрсөн юм би
Ертөнцийн гуа хүүхнүүдийн
Нүд дагууланхан өссөн юм би...




















No comments: