Friday, October 15, 2010

Г.Аюурзана - Амьдарч амжих



Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо
тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,-

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч
байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсогийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр
наранд хувилахаас өмнө,
Үг хоолой дээр чинь гацахаас өмнө,-
Өглөөг зарласан оддын бүдгэрээ
бүрмөсөн цайж дуусахаас өмнө,
Өтлөхийн хэрээр сэтгэл чинь царцахаас өмнө,-

Хэзээ нэгтэй уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд,
жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шалан дээр унаад,
өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах
2008.9.21
Сэтгэл рүү шагайгч Түүнд номоос...

3 comments:

Р.Улам-Оргих said...

Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,
Амьдарч амжих...
saihan shuleg shuu

Anonymous said...

oilgosonguiee

Б.Батзаяа said...

Ой санамжаа гээхээсээ өмнө,
...Сүнсний ертөнцийг нээхээсээ өмнө,
...Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,
...Зүс чинь хийсч гандахаас өмнө,
...Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,
...Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө

Амьдарч амжих
Амжиж амьдрах...