Saturday, December 1, 2012

Борооны зүрх /шүлгийн түүвэр/ Г.Лхагвадулам

Ганбатын Лхагвадулам "Борооны зүрх" нэртэй шүлгийн түүврээ 2006 онд хэвлүүлэн гаргажээ.



***
Бичсэн бүхэндээ эрдэвч
Минийх шиг шүлгүүд
Хаа нэгтэй амьдарч,
Дотор байгаа бүхнийг минь
Хэн нэгэн
Харчихсан л байгаа.

Бичигдэхгүй төгсгөлд хоргодовч
Минийхээс их гунигийг
Ганц мөрөнд багтааж,
Мэдрээгүйг минь мэдрэх
Чихээ огтлогчид
Ирж л яваа.
2006.8.3.


***
Цохилоогүй шуналыг лугшуулсан
Энгэрийн чинь нарийхан туяа
Миний бүдэг жимийн
Эцэст хүрэхгүй.

Таван жил мацсан өндөрлөгөөс
Ахиад унахад
Танил ирээдүй (чи явчихсан)-
Идэгдсэн шат гишгүүргүй.
2006.5.6.

***
Зүрхээ бяцлан хэвтвэл
Үнэрээр чинь цангасан дэр.
Зүүн чихэнд орон дороос
Чиний урьд шөнийн инээд.

Тархины цөмөөс ялгарсан шүүс
Дээд нүднээс мөлхөж
Тарчлалыг минь авчрахаар
Доод нүдээр дотогш орно.
2006.4.9

***
Атаархтлаа шүтэх,
Үзэн ядталаа хайрлах,
Бусдын үгийг
Өөрийн болгож догдолтлоо төөрөлдөх

Ямар сайхан байлаа!
Ахиад би хэзээ ч жаргахгүй,
Надад өдрүүдийн хэлхээс
Тасархай санадаж,

Найраг ердөө л
Яруу үгс байхаа
Больсноос хойш.
2006.1.27.

***
Чамайг мэндлэхэд
Тэнүүлч үзэсгэлэн гэртэй болсон.
Ярьж эхлэхэд чинь
Тэнгэрт чамин үгс дууссан.

Алхах газрыг чинь зөөллөх гээд
Ээжид чинь нулимс үлдээгүй.
Цочимхой нүдэн минь!
Энд чамд илүүдсэн зовлон байхгүй.

Миний анх тэвэрсэн цагаан өлгий-
Үеэлхэн минь!
Чиний сүүдэр-бидний хайр
Чамайг дааруулахгүй.
2006.6.23.

***
Би урд шөнө мэндэлсэн, мянган настай.
Би дэлхийгээс том, нян шиг.
Би гэрэл үзээгүй, гучин нүдтэй.
Би цоо эрүүл, зуун сорвитой.
Миний хөл гишгээгүй гариг үгүй,
     би зогсож чадахгүй.
Миний хэлний үзүүр, бодлын уг
     би биеэ таньдаггүй.
Би суутан бүртэй энгэр зөрүүлсэн,
     шүлэг бүр минь дутуу төрсөн.
Би цагийг хөлдөөхийг мөрөөддөг,
     өглөө болгон үхдэг.
2006.3.12.


No comments: