Friday, November 30, 2012

Философийн шүлгүүд /шүлгийн түүвэр/ Г.Аюурзана

 Зохиолч яруу найрагч Г.Аюурзана "Залуу насны шүлгүүд", "Философийн шүлгүүд", "Цэцэгсийн амьсгал" хэмээх гурван бүлэг, нийтдээ 120-ийд шүлгээ эмхтгэж "Философийн шүлгүүд" хэмээх нэрээр 2001 онд хэвлүүлжээ. 




***
Хэзээ нэгтээ чиний амнаас
Сонсох вий гэж халгамаар үг шиг
Хүзүүнээсээ мулталж тавих
Сондор чинь эмзэг, харц халтирам.

Бурхны биеийг бунхалж хорьсон
Авс л төдий миний дотор
Бусдад заяадгаас ямар ч алгаагүй
Амрагийн сэтгэл, хардаххын хэцүү.


Хардахын хэцүү. Хардахын хэцүү,
Хардахын хэцүү. Хардахын хэцүү.
Бусдаас би ямар ч ялгаагүйг
Бухимдан мэдрэх минь хардахаас хэцүү.

1998.7
1999.10.31.
------------------------------------------------------

Хуучин "мерседес"

Цардмал зам дээр сулхан чахрах
     Дугуйн чимээн дунд
Чавхдан айсуй өнчин навч
Цонх мөргөөд унана.
Дутуу хаагдсан хаалган завсраар
Намрын хөхөлбий салхи
Шүдэн завсраар сийгэх зэвүүн үгс шиг
Намайг зүглэж ирнэ.
Дурсгасан бүхнийг нь зарж үрчихээд
Эргээд амрагтаа очиж яваа нэгэн шиг,
Дуу шуугүйхэн навчин аадар дундуур
Хуучин "мерседес" минь гунигтай урагшилна.
Урьд, явган туулсан замаа
Навчны мөртэй зузаан шилэн цаанаас сонжиж,
Урьдынхаа харцыг өмнөх толиноосоо олох гэж
Намайг будилж гүйцэхүйд

Хайхрамжгүйг минь зандрах, ууртай
Хачин чанга дуут дохио хангинаад
Хажуугаар гоёмсог жийп шурхийн одлоо.
Араас нь ширтэхүйд, миний залуу нас шиг...

1998.9.30.
------------------------------------------------------------------

***
Чиний тухай бодол минь
Бусдын тухай биш.
Чихэнд шивтнэж дуулдах
Бороог хүртэл илбэдээд,

Чиний амьсгаа болгож
Миний сэтгэлд дуулгах
Ийм хорвоо байгааг ч
Эргэцүүлэх зай алга.
Хичнээн хичээгээд ч хүсэлд миинь
Өөр бүсгүй багтахгүй.
Гэвч би хүүхэд мэт
Үнэнч дурлаж чадахгүй.
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч дийлэхгүй.
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй.
Чийгтэй агаарт татаатай
Солонгын төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг.
Гэвч гадаа салхитай байна.
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна.
1999.4.16-20.
------------------------------------------------------------

***
Ууж үзсэн, амтыг нь мартсан дарс.
Шимж үзсэн, амтыг нь мартсан уруул.
Уншиж үзсэн, амтыг нь мартсан шүлэг,
Угтаа эд цөм нэг юм байсныг
Ухаарч үзсэн. Ухаарлынхаа амтыг мартсан.

Манантай өглөө шиг,
     гэхдээ өнөөдрийн биш өглөө шиг,
Манан нь яг манан биш, будан биш, үүл шиг,
Мартагдсан бүхний бүдэгхэн гоо үзэсгэлэн
Усан будгаар буулгасан борооны үнэр шиг
Магад энэ өвлийн турш намайг дагах нь байна.

Энэ насан туршид намайг дагах
Элэнц хуланцын сүнс, хий үзэгдэл шиг,
Энэ амьдралд минь учирсан ч шиг, үгүй ч шиг
Амтыг нь мартсан уруул ямархан амттайг
Эргээд нэг саная гэтэл зүүд дууссан байна.

Борооны үнэр сэтгэлд анхилавч, зун дууссан байна.
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ урд өнгөрсөн байна.

1999.12.12

----------------------------------------------------------------------

***
Гучин нас хүрэхэд, итгэж болох хүмүүс
Гудамжаар хийсэх сүүлчийн навчис шиг
     улам л ховордоно.
Ойд хашгирсан,
     хүүхэн хүний богинохон нэр шиг
Олон дахин цуурайтавч сураггүй замхрах

Хүн чанар, шударга ариуны тухай
Хүүхэд насны цагаахан төсөөллөө өрөвдөнө.
Цагаахан итгэлийг минь туучлах гутлуудын дороос
Цас нужигнах, өвөл айсуй дуулдана.

Ий-тий. Хорин хэдэн өвлийн дурсамж
Энэ намар намайг юутай их хайрна вэ!
Итгэж болох хүмүүс гудамжаар хөглөрөх навчис шиг
Тэр л дурсамж руу цувна.

Тэр л дурсамж руу,
Тэгэхдээ ганц нэгээрээ, тасралтгүй!
1999.10.1
--------------------------------------------------------------------

Нэг шөнийн таталбар

1.
Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй.
Сэтгэл минь тийм гүн.
2.
Дээл өмсч, тагш бариад
Шүүдэр түүхэд,
Ханцуй л норно.
3.
Чи намайг
Мөн ч зовоосон сон.
Ахиад тэгж нэг зовох сон.
4.
Өөр ертөнц рүү
Авч одох дурсгал минь-
Чиний үнсэлт.
5.
Нойр-ариун учрал.
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас маань ч илүү амттай.
2000.10.3
------------------------------------------------------------------------------
***
Эхнэрээ гомдоочихоод, шүлгийн ширээнээ суухад
Эртээдийн цаснаар эвлүүлсэн үгс минь амтгүй.
Эртээдийн цаснаар тагтанд минь хоргодсон богширго
Одоо хаагуур нисч яваа бол?

2000.11.2
------------------------------------------------------------------------------

Жорж Ивановын ховс дор

1.
"А могла бы быть иначе"
Слышу я, как обещанье.

Учрахгүй байж болох л байсан.
Үг солихгүй ч байж болох л байсан.
Утасдахгүй, ахиж тааралдахгүй,
Үүрд таг чиг болчихож болох л байсан.

Тэгсэн бол,
      бүх юм сайхан өнгөрөх байсан.
Тэгтэл энэ үг яагаад хараал шиг сонсдоно вэ?

2.
Жизнь доложив навесы,
Вижу, что жизнь мне не так дорога...

Чамаас болсон юм биш л дээ, ер
хэнээс ч болсон юм биш.
Цасан шуурга, өвлийн жавар,
Хэд гурван төгрөг...
       Ер юунаас ч болсон юм биш.

Зөнгөөрөө л, энэ ганц амьдралынхаа
Эцсийн дүндээ утгагүйг харж байна.
Зүгээр л, яруу найрагч болохоор, надад
Ийм бодол төрж байна.

Хаалга тогшоод гаднаас ороход
Хайртай охин минь баясан дэвхцэж угтана.
Хамрын уг шархираад
Сэвлэгний нь үнэрт тайтгарна.

Гэлээ ч, энэ жаргал минь хүртэл
Цаанаа хоосон санагдана.
Гэргий минь, чамаас болсон юм биш ээ,
Залуу нас минь дууссан байна.

3.
...Разучились любить, разучились прощать,
Забывать никогда не научимся...

Тээр жил Варшавт харсан охин шиг
Сэтгэлийг минь хэн нэгэн сандаагаад хаячихаасай.
Тэр охин өөрөө хүрээд ирсэн ч,
Сэтгэл минь догдлохооргүй болчихоо биз дээ.

Одоо бол би түүнээс
Нэрийг нь асууна. Хаа нэгтэй урина.
Орой нь үнсэлцэнэ. Отель хайна.
Тэгэхээр юуных нь хайр байх вэ дээ.

Танихгүй польш охины ширэв татах нь ч
Таатай... Зүрх минь баяраар дүүрч билээ.
Одоо бол, тэгж харсан бүсгүйг
Оройжин бараадаж дагах минь юу л бол?

Бүтэлгүй дурлал цайлган итгэлээс
Биеэ татан авч насны эрхээр сурчээ.
Бүр эрт болоод нэгэнт өнгөрчихсөн
Шалдир булдирхан юмсыг л мартаж сурахгүй нь.

4.
...И слышу, как в небе по азбуке Морзе
Звезда выкликает звезду,
И мне-а не ей-обецает беду.

Яг одоо нэгэн хүн
Намайг бодон суугаа мэт,
Ялааны алуур дээрх
Хэн нэгний цус
Нялуухан үнэртэнэ.

Цонхон дээр тавьсан
Ваартай цэцгийн дэлбээ чичирч,
Чичирсэн дэлбээг илэх зуур
Алган дээр бурхны сийлсэн
Хувь заяаны хэрчлээс өвдөнө.

Хэзээ ч билээ, хоёр цыган бүсгүй
Энэ хэрчлээснээс болоод маргаж билээ.
Нэг нь намайг жаргана,
нөгөө нь зовно гэсэн юм.

Хий агаарт мэргэ төлөг нь
Замхарч гүйцсэний хойно
Хэдэн жил ор тас мартагдсан тэр явдал
Гэнэтхэн санаанд орчихлоо.

2001.1.7.
---------------------------------------------------------------------------------------
Улаан навч
Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө
Энэ цэцгийг тасалъя.
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэрлэж байсан хайрыг гишгэснийхээ төлөө
Энэ цэцгийг тасалъя.
Тасарсан цэцгийг
     залуугийн алдаа гэж нэрлэе.
Алдаа бүхнээ салхинд хийсгээд уйлъя.
2001.7.23.
-----------------------------------------------------------------------------------------
***
Эргэсэн морийг
Хэн ч зогсоож чадахгүй.
Эрх чөлөө минь! Чамд би
Хичнээн дуртай вэ!
2001.10.9.
------------------------------------------------------------------------------------------
Богинохон шөнө

1.
Даанч харамсмаар богинохон энэ шөнө
Даарч хоносон хүнд хичнээн урт байсан бол...
Та жаргалтай байна уу?
     Өглөө болчихлоо.

2.
Чиний дэргэд цаг хугацаа
     дэндүү хурдан өнгөрөх юм.
Хэн нэгний хувьд, тэр шөнө
Өнөө ч дуусаагүй шаналгасаар л байгаа даа.

3.
Жаргал: "Хэзээ ч битгий дуусаасай!"
Зовлон: "Бушуухан дуусаасай!"
Дууссан нь болж ээ.

2000.7.31.
---------------------------------------------------------------------------------------
***
Хөдөө газар зусах юутай тайван!
Хөөрхий хуруунд минь гарсан
Бөгжний ором ч бүдгэрлээ.
2000.8.13.

***
Намайг онох гэсэн борооны ширхэг
Салхинд хийсээд,
Санаандгүй өөр дусал чихнээ унав.

2001.7.14.

***
Бүү ай!
Булшин дорх тэнгэрт ч
Шувууд нисэлдэх л болно.

2001.8.26

***
Усан будгийн зураг шиг
Ууланд татсан будан...
Бурханы бүтээсэн бүхэн сайхан.
Уншсан хүний сэтгэлд
Шүлгийн минь гэгээ тусвал
Би ч бас Бурхан.
2001.8.24.

3 comments:

Solera said...

хөгшин тэгээд хүйтэн... аймшигтай бас аюултай

Anonymous said...

bi yag l Ayur ah shig huntei gerlehsen gej boddog oo.

Anonymous said...

31-тэйдээ тэр үнэхээр 55-тай гмээр хөгшин байжээ... Гал шиг төөнөөд... Энэ ном гарсны дараагаас үеийнхэн нь түүнээс айдаг болсон... Тэр шүлэг бичдэг нэгэн биш, яруу найргийн дээд түвшинд хүрчсэн аюултай амьтан болохоо тунхагласан... Одоо ч үеийнхэн нь үг дуугарч зүрхэлдэггүй юм шигээ