Saturday, December 1, 2012

Эрвээхэйн зүүд /шүлгийн түүвэр/ Г.Лхагвадулам

Ганбатын Лхагвадулам "Эрвээхэйн зүүд" нэртэй шүлгийн түүвэрээ 2008 онд хэвлүүлэн гаргажээ.

***
Нэгэн цагт найраг ч бүсгүйн
Дурлаж явсан аялгуунаас
Нимгэхэн, шаргал жавар
Хацар шүргээд одно.

     Амьдрагсдын дунд үхэж байх шиг...

Нээлттэй цонхны наагуур татсан
Ягаан хөшиг
Охин галбираар дэрвэж
Сүнс шүргээд амилна.

     Үхэгсдийн дунд амьдарч байх шиг...
2007.7.1.

***
Хажуугаар чинь зөрөөд
Хар бошинз минь хүндэрчихлээ.
Харц, шунал, гомдол чинь
Хормойноос зүүгдчихлээ.

Баг, нөмрөгний минь бүчийг
Хайж ядах харц чинь
Өрөө нэхэх шиг.
Балга хүслийг чинь тосон
Ам ангайхгүйн төлөө
Үзэн ядах шиг.

***
Бичигдэшгүй шүлгүүд
Цаасан биеэр минь дүүрэн ч
Бэх, үзэг, хэл, үсэг нь
Энэ ертөнцөд үгүй.

Үл үзэгдэх өнгө,
Аялгуут гэрлийг нь
Үгээр илэрхийлж чадахгүй нь,
Энэ биеэ л тараая.
2007.8.1.

***
Хэлэхэд хэтэрхий үнэтэй
Хэвлийдээ тээмээр үгс
"Найрагч, ... минь, хайр ..."

Аймшиггүй нэгнийх нь амнаас
Аягүй үнэр мэт асгарах...
Хөөрхий миний хүүхдүүд,
Хөөрхий...

3 comments:

Anonymous said...

Үл үзэгдэх өнгө,
Аялгуут гэрлийг нь
Үгээр илэрхийлж чадахгүй нь,
Энэ биеэ л тараая.

Anonymous said...

Dotno als nomoos n oruulj uguhiig huseye

Anonymous said...

Sksts