Monday, February 27, 2012

Дамдинсүрэнгийн Урианхай

Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь уйлах шиг... Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг.



Хийц этгээд монгол цамцтай, халуунд үүртэсхийн, их үсэн дороосоо нарыг нүд буландан харсхийж нуруугаа үүрэн айсуй нь Улаанбаатарын зуныг ер бусын бодлогоширонгуй болгодог. Тийм л содон хүн. Юунд ч үл халирах хэнэггүй мэт, тэгсэн мөртлөө хачин нарийн хүниас нугалаастай шүлэг бичиж түүндээ автаад уйлна. Бодь амгалан ч юм шиг, тэгсэн мөртлөө жигтэйхэн улстөржиж “Ганц хүний хөдөлгөөн” хүртэл байгуулсан. Бүхнийг таньж нэвтэрсэн гүн ухаантан мэт, тэгсэн мөртлөө амьдралын хамгийн энгийн зүйлсийг гайхаж хачирхана. Хуучин цагт манай өмнөө барих эдийн засагчдын нэг явсан атлаа зах зээлийн аашийг өнөө болтол ойлгож ухаарахгүй халаглана.
Өвгөн хүн мэт, тэгсэн хэрнээ үс сахлын цаанах нүүр царай нь хачин толимог саруул. Буддын шашны ёс жаягийг төгс мэднэ тэгсэн мөртлөө Есүсийг бас шүтнэ. Тийм л оньсого мэт ертөнц. Тэр ертөнцийн гүн рүү өнгийж үзэх амаргүй. Гэвч тийш өнгийх нэгэн үүд-өрх бий. Тэр бол яруу найраг.
Аглаг шугуйн салхи үнэрээ гээж Амраг шувууд уйлалдсан намрын орой Навч унахын тоогоор хагацалд элэх моддоос Эцсийн навч нь салхинд харвахуй Нар тэмтрэн бүлээцэх голын ус Эгшин зуур урсаа зогсохыг сэрнэ… “Салхи үнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай төсөөлөхөөс халшрам энэ үгс бол дээд яруу найргийн өнгө аялгуу. “Навч унахын тоогоор мод хагацалд элнэ” гэдэг, “Нар тэмтэрч бүлээцээд голын урсгал зогсоно” гэдэг дээд яруу найргийн сэрэл мэдрэмж. Ийм өнгө аялгуу, ийм мэдрэмж сүлэлдсэн ертөнцөд бүсгүй хүн орж ирээд, Б.Галсансүхийн хэлсэнчлэн, “хормойгоо засан суугаад шүлгийн ном уншвал” ямар байх бол?
Урссан лаа шиг бөхгөр cap Уулын хэцэд зүүрмэглэжээ, Аморэ! Үгийн дарс цээж дүүрлээ Үүдээ тайлаад шүлэг сонс оо Үнсээд үхэхэд л жаргах Аморэ! Б.Явуухулангийн ” Аморэ”-тэй харьцуулахад Урианхайн энэ үгс яруу найргийн илүү нарийн дүрслэлүүдээс бүтжээ. “Урссан лаа шиг бөхгөр cap” гэж их гоё юм аа. Ийм саран доор “үнсээд л үхэхэд аз жаргалыг амсч болох” тийм гоо бүсгүй суугаад энэ мөрүүдийг уншвал үнэн сэтгэлээсээ уншиж хэрэв зээ чадвал, тэр эмэгтэй туйлын дээд аз жаргалыг мэдрэх биз ээ.
Галын дөл шиг Ганц улаан навч Намрын салхинд тасраад Тэнгэр өөд хийсч явна Би уулын бэл рүү Уруудаж явахдаа зөрлөө гэсэн үгс бас тэр ертөнцийн хаа нэгтээ мөнхөрч сийлэгдсэн байдаг. Бэлээс хийссэн навч уулнаас бууж яваа хүнтэй зөрнө гэдэг яруу найрагч л сэрж чадах гайхамшиг болой. Ер нь яруу найргийн амин сүнс дэвшүүлсэн санаанд гэхээсээ, тухайн агшны гоо сайхныг олж харахад л байдаг. Тухайн агшны гоо сайхныг мэдрэхэд үндэстэн ястны зааг ялгаа, ахуй амьдралын хэв маяг, цаг үеийн ямарваа хувьслыг даван туулах мэриймж гэх мэтийн зүйлс, тунхаглал цол хэргэм, юм мэдэхгүй уншигчдын тархийг угаах сурталчилгаа зэргийн заль мэх ямар ч нэмэргүй. Гагцхүү тухайн хүний дотоод ертөнц жинхэнэ яруу найргийн ертөнц л байхад бүрнээ хангалттай.
Урианхайн ертөнц ер бусын, дасал болоогүй, этгээд хачин үзэгдлээр дүүрэн. Нэгэнтээ Дугтуй дүүрэн өвөл хэмээх ганцхан мөр шүлэг тэр бичжээ. Ганцхан мөр, “Захиа” гэдэг нэртэй энэ өвөрмөц шүлэгт өчүүхэн ч чамирхал байхгүй. Яруу найрагчийн ертөнц дэх гээгдмэл, мартагдмал шуудангийн хайрцагт тийм л захиа ирж. Солгой, товчхон, хүйтэн захидал. Захидлаас үүдсэн эмзэглэл. Ийм эмзэглэлгүй яруу найрагч бол яруу найрагч биш. Магадгүй ийм эмзэглэлийг мэдэрч үзээгүй хүн бол амьд явж үзсэн хүн биш дэг ээ.
…Голын бургасанд хоёр дуугай шувуу Гомдсон ч ижлүүд шиг баярласан ч ижлүүд шиг Өөд өөдөөсөө дуугай нисэх нь Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг харагдан Харахаас нүд хальтрам… Тэдгээр шувууд учрах болов уу, зөрөх болов уу? Шувуудын өмнөөс яс нь хавталзаж буй найрагчийн зүрхнээс унасан энэ үг бол орчин цагийн монгол яруу найргийн олз юм. Яруу найраг гэдэг ийм халгам, ийм зовиуртай, ийм амттай. Яг л хурц нар руу харахад гялбасан нүднээс урсах нулимс шиг, тийм гайхамшигтай гэрэл гэгээний цочирдон балмагдам их цутгалан. Харамсалтай нь, манай яруу найрагт ийм үгс цутгаж, оволзож хуралдсангүй. Нулимс мэт өчүүхэн багаар ивлэсээр л төдийлөн их бус савыг үл бялхан үзэгдэж байна. Сав руу тонгойгоод бичилхэн далайг төсөөлж болно. Тэр л бяцхан усанд тусагч нарыг харж, тэр бяцхан ус “нар тэмтрэн бүлээцэж буйг” мэдэрч болно. Энэ л бидний олз юм.
2005.06.02
Гүн овгийн Г.Аюурзана

No comments: