Monday, February 27, 2012

А.Урантогос: Өдөр бүхний элегия


Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг
Урсаад өнгөрөхөд нь харамсахгүйн тулд
Ийм амьдралд хөлөө дүрдэг
Доошоо харахад тэнгэрийн хаяа мэт цэлгэр
Доромжлол мэт хайр намайг өлгийдөн тэвэрдэг
Яруу найраг шиг нулимс хацар дээр бөмбөрөхөд
Яг л над шиг чамайгаа ингэж байсныг санадаг
Чичрэх, мөр чинь чичрэх тэр л эгшинд
Зүрх чинь жигүүртэй байсныг баяртайяа дурсдаг
Харгислал мэт хүйтэн, ийм хүйтэнд дасах
Ийм хүйтэнд дасгасан өдөр бүхний элегия
Унаад дуусахаар нь гуниглахгүйн тулд
Өдөр бүхэн үсээ тайрдаг ч
Урсаад л өнгөрөх
Яруу найраг шиг нулимс
Улам цаана нь харуусан өвдөх
Өдөр бүхний элегия...

No comments: