Wednesday, October 10, 2012

Томас Транстрүмэр

Үхлийн дараа

Зурсхийтэл харваад өнгөрсөн сүүлт одны
Зурааснаас үлдсэн ганц чичирхийлэл
Угтаа биднийг багтааж, зурагтын дэлгэцийг жирэлзүүлж
Утасны шугаман дээрх хүйтэн дусалд шингэнэ.

Хэдхэн навч өлгөгдөж хоцорсон бут сөөгийг дайран
Хэн нэг нь өвлийн нарнаар яаралгүйхэн цанаар гулгана,
Хуучин утасны лавлахаас тасдаж авсан хуудсууд болоод
Хүйтэнд залгиулсан нэрсийг нь тэд адилтган тулгана.

Битүүхэн цохилох зүрх чагнахад нэг л таатай ч
Бие бус сүүдэр л бодит санагдах нь олонтаа,
Хар луугийн өмсгөлөө самурай хэрэв тайлчихвал
Харахад хэчнээн сүргүй, дорой байдаг билээ дээ.

Мод, тэнгэр хоёр

Бороон дундуур алхах нэгэн мод
Борог саарал урсгал дор өнгөрсөн цагийг сандаачна.
Жимсний бутан дээр суух хөөндэй шувуу шиг тэр
Жиндүү бороонд өртөөгүй бүхнийг цуглуулахаар яваа нь энэ.

Бороо зогсож мод ч бас дороо хөшихүй
Болор мэт тунгалаг шөнө нам гүмд дарагдана.
Огторгуйд цасан ширхэг дэлбээлэх тэрхэн агшинд
Одоохон бидний юу ч юм хийхийг тэд сэмхэн хүлээнэ.

Удиртгал

Амьсгал давчдуулсан хуй эргүүлгээс чөлөөлөгдөж,
Амгалан өглөөний ногоон өнгөт дэвсэгт живж,
Сэрнэ гэдэг зүүднээсээ шүхрээр үсрэхтэй адилхан.
Сэм сэмхэн ахуй тодроно. Өндийн босоод тэр, жиргэх болжморын суугаа
Өвгөн модны үндсэн дор жигтэй сониноор ороолдсон
Цэцгэн дэнлүү мэт салаа мөчрүүдийг сонирхон ажна. Газар дээр харин
Үерт үйгдсэн халуун бүс дэх эх дэлхийн өвснүүд
Гараа өргөн зогсоцгоох нь, хаа нэгтээх
Үл үзэгдэх буун дууг чагнаархах мэт ээ. Тэрээр
Зунд живж доошилсоор, сүрдэм галт уулын тогоог өнгөрч,
Зуу зуун жил нарны хөдөлгүүрээс дэндүү холд
Дагжин чичирсэн чийгт ногоон эрин рүү унаж одно.
Дахин доошилж цаг хугацааны цавчил дундуур умбан гараад
Алдалсан далавч нь урсгал усан дээрх явлаг сарын зүсэлт болохуй
Арайхийн зогсном.
Хүрлийн үеийн бүрээ бишгүүр
Хүйтэн хахь авиа цуурайтуулж
Хөндий орон зайд хөдөлгөөнгүй унжина.

Наранд ээгдсэн бүлээн чулууг гараараа хавсрах шиг
Нам гүм өдрийн эхлэлд орчлонг ухамсар эзэмдэнэ.
Шүхэрч маань модон дор зогсоно.
Үхлийн эргүүлгэн дундуур шумбан
Үсэрч гэмээ нь, түүний тархинд
Үүрдийн гялбаа цацрах болов уу?

Эх сурвалж: Ногоон мөчир

No comments: