Friday, March 2, 2012

Шувууны нүд шиг нар /чөлөөт шүлгүүд/ Г.Сүхзориг


***

Гэртээ харих цэцэрлэгт гудамжны
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх гэрэл
Ялаа шумуулаа залхуутайяа үргээн зогсоо үнээ мэт хүлцэнгүй.
Үнээ мэт хүлцэнгүй шөнийн гэрэл дор
Хөгшид хааяахан бодлогоширч суух модон сандал
Зүүрмэглэнгүй.

Цагийн зүү цохилох мэт
Хосын озолдон үнсэлдэх яанагийн чимээ харанхуй зүгээс
Эгшиглэх агаад
Хүлцэнгүй зүүрмэглэгчдийн бодлогошрох
дурсамжид хүртээлгүй.
Хэнхдэг цээжинд ер бусын нууцлаг орших зүрхний
Цэцэрлэгт гудамжнаа
Далавчит түмэн шавьж бүчин нисэлдэх
Хүлцэнгүй үнээ мэт гэрэлд
Зүүрмэглэгч модон сандал бий...

Хааяахан
Хуучин дурдатгалын манан дунд
Бясалгаж би суух дуртай...

***

Хураалттай хөнжлийн маань завсар
Чиний үлдээсэн 
-"үзэн ядаж байна" гэсэн өгүүлбэр
Тархины маань нугалаасны завсар
Бурханы бэлдсэн
-"их хувь тавилан"-гийн төлөвлөгөө...

***

Би-хүн мод.
Энэ хаалга-
Цовдлогдсон мод.
Энэ бичгийн ширээ-
Занданшуулсан мод.
Энэ номын шүүгээ-
Дүүжлүүлсэн мод.
Энэ шүлэг тэрлэх цаасыг ч
Цаазын тавцангаас урсах
Моддын цусаар хийсэн.
Энэ шүлэг маань-
Моддын requiem.
 requiem-гашуудлын дуулал.

***

Охин минь
-"Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон"
Миний хөдөө нутагт
Чиний даашинз мэт
Хөв хөх тэнгэр байдаг
Түүний дор
Мөхөөлдөстэй төстэй
Мөнх цаст уулс байдаг
Тэр мөхөөлдөстэй төстэй
Уулс нь утаа шиг
Мананд умбаад сүрлэг

Уулнаас ширүүн урсгалт гол урсаад
Ширүүн урсгалт голын эргээр
Ханын цаасан дээрх хээ мэт
Эрвээхэй тэргүүтэй соно, тэмээлзгэнэ
нисэлддэг юм.
Миний охины тоглодог
Бамбаруушнаас хамаагүй том
Хонь ямаад бэлчиж
Миний охины зурагтай номон дээрх
Адуу тэмээ үхэр бэлчдэг
Тэнд өвс цэцэгс
Хивс шиг талыг бүрхээд
Хүмүүс дээр нь гэрээ бариад
Аз жаргалтай амьдардаг
Охин минь
"Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон"

***

Яг чам шиг амьдарч үзэхсэн
Яваад л өгдөг, буцаад л ирдэг...
Алдуурсан сэтгэлийг минь аргадах гэж ирчихээд
Шаргал навчистай хамт хийсэн одчихдог
Яг л чам шиг амьдарч үзэхсэн

Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлж нисэхсэн

Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...
Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...
Намайг хайрлах гэж ирдгийг чинь хэн ч мэдэхгүй...
Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь
хэнд ч би хэлэхгүй

Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг
Атаархагчид
Үгүйсгэж чадахгүй...
Чам шиг би ихэмсэг амьдрахсан

Хүсэл шиг, хагацал шиг
Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар
Үл ойлгогдом, учирлаж гуймаар
Атаархмаар
Чам шиг дүүлэн нисэхсэн...

Г.Сүхзоригийн "Шувууны нүд шиг нар"
чөлөөт шүлгийн түүвэр 2011он
Цахим хаяг

No comments: