Wednesday, March 7, 2012

Зун гээсэн чөдөр /шүлгийн түүвэр/ Х.Нямхишиг

Яруу найраг гэж чухам яг юуг хэлдгийг би сайн мэдэхгүй.
Мэдэхгүй хэрнээ яруу найраг бичихсэн гэж хичээдэг.
Хичээхдээ бичье гэж бичдэггүй, бичихгүй байж чаддаггүй юм аа.

Шүлгийг би хэн нэгэн хүнд, аль нэгэн уул овоо, гол усанд,
 ямар нэгэн цаг  үе,  үйл явдалд, ялангуяа алга ташилтанд зориулж
тэдгээрийн эрхшээл, таашаалд нийцүүлэх гэж бичдэггүй.
Гагцхүү өөртөө л бичдэг. Гэсэн ч хэнд ч, юунд ч эс зориулсан шүлгүүд маань
мөн чанартаа бүхий л орон зай хийгээд цаг хугацаанд зориулагддаг.
Х.Нямхишиг


***

Давхар, давхар төмөр хаалга
Дан чулуун хананы цаана
Харанхуй бид хоёр суудаг
Хэзээ ч энд хоригдсон юм бүү мэд
Намайг ирэхэд л байсан
Харанхуйгаас би жийрхэж, эмээж, жигшиж
Харин, одоо бол дассан
Яая ч гэхэв дээ, хэн хэндээ уусч
Янаг нь болсоон...
Чанх дээр үл мэдэгхэн гэгээвч байдаг
Чагтага шиг нарийхан гэгээ тэндээс буудаг
Тэр гэгээнээс, харанхуй бид хоёр
Тэврэлдээтэй чигтээ, боомилж үхэхээр шийдсэн.

***

Элж одогсдын
Эзэнгүйдсэн мэнгэнүүд цуглаж
Эрвээхэй болдог.

***

Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...
Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан
Дээрээс нь он цаг дарчихсан
Цонхоор нь шагайдаг саран уйдчихаад
Тоохоо больчихсон
Цоонотол нь ээрдэг наран ч бас уйдчихаад
Тойрдог болчихсон
Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг
Бас, чоно шиг ульдаг
Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг
Байшин биш шиг харагддаг
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт
Дүрс нь голын усанд
Чулуу мэт...

***

Хөгшин ээж минь намайг дагуулаад
Хонинд явдаг байсан
Би, хөл нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Аргалд явдаг байсан
Би, нүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Усанд явдаг байсан
Би, гар нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулаад
Айл руу явдаг байсан
Би, шүд нь байсан
Хөгшин ээж минь намайг дагуулалгүй
Ихээ хол явчихсан
Би, залуу ээжийнхээ өгсөн
Ихээ гоё
Чихэрт хууртаад үлдчихсэн.

***

Гунигийг би
Гутал шиг, малгай шиг, дээл шиг өмсдөг
Цоолж, цуулж урдаг
Цоо шинэ гуниг дахин авдаг
Сольж өмсдаг гунигаасаа шалтгаалж, сэтгэл минь
Солиорсон мэт тогтворгүй хэмнэлтэй
Хэлбэлзэл ихт сэтгэлээсээ шалтгаалж, шүлгүүд минь
Хэвийн бус этгээд хандлагатай
Гунигийг би
Гутал шиг, малгай шиг, дээл шиг өмсдөг
Дээл, малгай, гутлыг
Дээрээс нь бас давхарлаж өмсдөг.

***

Чимх өдөр
Атга шөнө
Хөнжил дотроо, нүдээ тас аньж
Хүмүүст унтаж буй мэт харагдаж шүлэг зохионом

Балга өдөр
Шүлэм шөнө
Ам, нүд, гар огт завгүй
Амь зууж буй мэт харагдаж шүлэг зохионом

Сөөм хүсэл
Дэлэм хясал
Зоргоор бодлогоширч, гуньж бас жаргаж
Зохиохуйн тулд л буй мэт харагдаж шүлэг зохиохсон

***

Чамайг санах
Сахал ургах шиг
Санамсаргүй
Сайхан, бас муухай.
Чамайг мартах
Сахал хусах шиг
Зориуд
Зовлонтой, бас тааламжтай.
Мартлаа ч, мартлаа ч
Маргааш нь бас л
Сахал ургах шиг санагдах
Чи
Үхсэний минь дараа, арай
 Үс ургадаг шиг...

***

Бүх яруу найрагчдад

Шорвог нуурын усанд
Шүүдрийн дусал
Шоовдор

Х.Нямхишигийн "Зун гээсэн чөдөр"
шүлгийн түүвэр 2010он