Thursday, March 8, 2012

Non plus ultra /шүлгийн түүвэр/ Г.Аюурзана

Гарыг минь хүйтэн гээ юү?
Зүрх минь хав халуун,
Хөрөхөөс нь өмнө урж идмээр халуун шүү.

Хуруу минь чичирч байна уу?
Хуйлран түрхрэх далай
Төвдөө нам гүм биш үү?


***

Нам жим, бүрхэг шөнө.
Гагцхүү хялмаалах цас л сэм анхилна.
Намайг дуудагч хэн нэгний гүнд хөл алдах шиг
Хав харанхуйн дунд би нүдээ анина.

Гараа өргөж байгаад хүчтэйхэн дэвчихвэл нисчихмээр
чиггүй харанхуй дунд
Гагцхүү нүд минь л, усанд юуг ч юм хаях шиг,
Цэнхэр хүрээ татуулж өөрт үзэгдэнэ.

Хэн нь юугаа гээчихэв дээ?
Хэрэв тийшээ зүгээр л чулуу шидсэн бол,
Тэр чулуу бид хоёрын хэн нь живчихэв дээ?

***

Чөтгөр мэт өвлийн моддын дундуур
Сайхан бодол нисэлдэнэ.
Чөлөөтэй, ядуу амьдралдаа тавьсан цэгийг минь
Чи олоод харчих надад ичгүүртэй.

Тэр ажигч харцнаас
Нуугдахын эрхэнд ганцаардана.
Тэвчээргүй учрал мартагдаж өгөхгүй,
Дутуу дулимаг санагдана.

Илүү ганцхан шөнийг
Цуг барсан сан бол,
Ингэтлээ санахгүй, бодохгүй,
Дурсамж минь ханачих байсан шиг.

Ахиад ганц амраглах дутуугийн амт
Насаар нэг гашуун
Азгүй дурлалын үр сад, бид.
Азгүй дурлалын үр сад!

***

Барагдашгүй мэт бүгчим халуунд түүртэж
Бадаг шүлэг тэрлэн ядахад, амьдрал урамгүй.
Баруун тийш санаандгүй суниагаад тэмтрэгдэгчийг
Барин үзвээс, Галсансүхийн бэлэглэсэн дэвүүр.

Эрвээхэйн далавч мэт энэ дэвүүрээс түгэх
Тэнгэрийн орны салхи эндээс юу хайгаа вэ?
Тогтож сайн чагнавал, салхины дуунаас
Сэмрэх үүлсийн гунигтай инээмсэглэл үзэгдэнэ.

***

Үүлсийг дээрээс нь ажиглахад
Мөсөн далайд аялах шиг.
Үл мэдэгхэн чөлөөнд нь
Амьдралын ёроол үзэгдэнэ.

***

Хайнаны агаарт
Утасны чинь дугаар нүүчихэж.
Чийгтэй хуудасны бэхийг дэмий л үнэрлэнэм.

****

Усан сангийн гэрэл унтарч
Жараахай мэт сэлэгч бүсгүй үзэгдэхээ болилоо.
Аз болоход, төсөөлөл минь сохор биш...

***

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.

Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.

Зурагтын ганцхан суваг гардаг
бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
өвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...

Намар гэж ер нь байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар модыг нь би дэндүү сайн ойлгодог.

***

Шуун дээрээ бүргэд суулгасан
Морьтой өвгөн давхиж явна.
Шувууг тэр барьж явна уу?
Шувуу түүнийг барьж явна уу?

***

Саран хийгээд шувуудын дууг
Салхитай сүлжиж нөмрөөд
Тагтан дээр зогсоход чинь
Даанч их дуртай, би.

Тагт минь баяртай байгаа болов уу?

Нэгэн гэрийн агаарыг хувааж,
Хоёр биеийн илчийг нэгтгэж,
Нимгэнээ зузаалж,
Үйлийн үрээ солилцлоо, бид.

Тагт минь мэдэрдэг болов уу?

Одны ганц ширхэг
Нар болоод мандлаа.
Одоо, гучин тавтай үхлээ гэхэд
Харамсах зүйл үгүй боллоо.

Тагт минь...

***

Чи-
Харцанд минь тогтож буй гуниг.
Хаашаа ч юм бэ хийсч буй үнэр.
Хэлэхгүй дээ гэж дотроо санавч
Мартаад хэлчихдэг үг.
Хэлчихсэнийхээ хойно харуусахад
Хамаг л аз жаргал минь агшин зуур арилчихдаг.

Чи-
Харцнаас минь арилахгүй байгаа гинигийн шалтгаан.
Хийсч замхарч барагдахгүй тийм нэг үнэрийн учир.
Хэлэхгүй байж яасан ч чадахгүй үг.
Алга болж дуусахгүй, ундраад л байх...
Юу ч гэмээр юм бэ дээ?
Чи.

***

Ариун судрын завсарт
Хатаж үлдсэн шумуулыг
Хэдэн настай гэх вэ?

Алин цагийн шавьжны сүнс
Сая эндээс хийсчихэв ээ?

Өөрийгөө нээнэ гэдэг
Өөрийгөө олохтой адилхан уу?
Өө! Бороо орчихлоо.
Уул хөндий нэлдээ цайрчихлаа.

Одоохон босоод, бороон дундуур
Манантай уул руу явчих юм сан.
Орхисон номын нойтон хуудсыг
Салхи эргүүлж хүчрэх болов уу?

***

...Эндхийнхээс илүү амьдрал
Хаа нэгтээ бий гэх шиг одод жирвэлзэнэ.
Итгэхэд хэцүү, мөн ч холын одод оо!
Non plus ultra.

Гун-Аажавын Аюурзана 
"Non plus ultra" шүлгийн түүвэр 2005он

1 comment:

Anonymous said...

Илүү ганцхан шөнийг
Цуг барсан сан бол,
Ингэтлээ санахгүй, бодохгүй,
Дурсамж минь ханачих байсан шиг.