Wednesday, October 10, 2012

Цөлөгдсөн умард арал

Хариулт
Гэм бол гэмтний нэвтрэх хуудас,
Гэгээрэл бол гэгээнтний бичигт хөшөө,
Хар даа! алтан шармал тэнгэрээр нэг,
Аль эрт талийгчдын муруй дүрс унжсан байна.


Мөстлөгийн үе хэдийн өнгөрчихсөн атал,
Мөс зайр яагаад хаа сайгүй үзэгдэнэ вэ?
Сайн Итгэлийн хошууг  хэдийн нээчихсэн атал,
Сөнөсөн тэнгист яагаад мянган дарвуул дэрвэнэ вэ?

Орчлонд би ирэхдээ,
Олс, цаас бас сүүдрээ л авчирсаан,
Хорвоогийн шударга шүүхийн өмнө,
Хоригдсон сэтгэлээ нээж эцсийн хэлэх үг минь:
Ай, дэлхий минь, чамд л гэж хэлэхэд
АЛИНД НЬ Ч БИ ИТГЭХГҮЙ БАЙНА!!!
Уланд чинь мянган тэмцэгч тарчилж буй бол,
Удаах нь болгож намайг ч бас ав.

Тэнгэр хөх өнгөтэйд би итгэхгүй байна,
Аянга буцах цуурайтайд би итгэхгүй байна,
Зүүд худал гэдэгт би итгэхгүй байна,
Үхэл өшөө авдаггүйд би итгэхгүй байна.

Далай тэнгис эргээсээ халихаар болбол,
Давстай тэр л ус зүрхэнд минь юүлэгдэг,
Хуурай газар түвшнээсээ өндөрсөхөөр болбол,
Хүн төрөлхтөнд шинэ оргил сонгох боломж олгог.

Сайхан боломж, гялалзах одод,
Саруулхан тэнгэрт дүүрэн байна.
Энэ бол таван мянганы тэртээх дүрст үсэг,
Ирээдүйгээс ширтэж буй хүмүүсийн нүд.


Нарны хотын тэмдэглэл

Амь бие:
Нар дахин мандлаа

Хайр:
Нам жим. Зэрлэг онгон талыг туулсан
Галуун сүрэг
Хөгшин модыг булгартал,
хөгийн дуугаар ганганалдахад
Гашуун болоод нялуун бороо
Тэнгэрээс унана

Эрх чөлөө:
Намирч буй
Навсайж салбарсан цаасны тасархай

Хүүхэд:
Аварга далайн бүхэл төрхийг
Агуулсан цагаан тогоруу

Хүүхэн:
Нисч буй шувуудын цэцгэн өдийг
Нийтгэж хураах чичирхийлсэн солонго
 
Хавар:
Ганцаардсан сэлүүрт нэвчиж буй
Галзуу улаан давалгаа

Урлаг:
Халгисан сая живаа нарны
Хагарсан толин дээрх тусгал
 
Хүмүүс:
Гэрэлтсэн арвайн үрэнд сар цуурч
Гэнэтхэн тэнгэр болоод газарт ургаж эхлэнэ.

Хөдөлмөр:
Газар дэлхийг тэвэрч буй
Гар

Хувь заяа:
Хүүхдүүд дураараа хашлага тогшино,
Хашлага дураараа шөнийг тогшино

Итгэл:
Хонин сүрэг ногоон нугад халгиж
Хоньчин жаал урамгүйхэн цуураа үлээнэ

Энх тайван:
Эзэн хааны тэнгэрт одсон газарт
Элж мартагдсан хуучин бууны гол
Нахиалж,
Эрэмдэг нэгний таяг болно.

Эх орон:
Зэс хавтангаар цутгагдсан тэр
Харанхуй музейн
Хана түшин зогсоно

Амьдрал:
Тор 


Явцгаая

Явцгаая!
Хагдарсан навч бэлийн гүн рүү хийсчихнэ,
Харин аялгуунд буцах гэр гэж үгүй

Явцгаая!
Мөсөн дээрх сарны туяа
Мөлхөө голын мандлаар асгарчээ

Явцгаая!
Үзэх нүд нэг л тэнгэрийг ширтэвч,
Үнэндээ зүрх бүрэнхийн хэнгэргийг дэлдэж байна

Явцгаая!
Ард үлдсэн дурсамжаа бид гээгээгүй ч,
Амьдралын нуурыг олох их эрэлд гарч байна

Явцгаая!
Урдах зам минь, зам минь
Улаан өнгөт намуу цэцгээр хучигдсан байна.

Эх сурвалж: Ногоон мөчир

1 comment:

Anonymous said...

Явцгаая!
Ард үлдсэн дурсамжаа бид гээгээгүй ч,
Амьдралын нуурыг олох их эрэлд гарч байна