Wednesday, October 10, 2012

Орчин үеийн хятад яруу найрагаас 1


Юй Гуан-Жун(余光中) - Нутгаа санах
Эрх багад
Нутгаа санах гэгч нь шуудангийн бяцхан марк байлаа
Би энд
Ээж минь тэнд

Эрийн цээнд хүрэхэд
Нутгаа санах гэгч нь завины нарийхан тасалбар байлаа
Би энд
Сүйт бүсгүй минь тэнд

Он жилийн хойно
Нутгаа санах гэгч нь булшны намхан чулуу байлаа
Би гадна нь
Ээж минь дотор нь

Одоо гэвч
Нутгаа санах гэгч нь далайн гүехэн хоолой боллоо
Би энд
Эх газар тэнд


Ян Лин-Е (羊令野) - Урагш дэлгэсэн цонх
Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ
Тэр зүгт уулс буй, далай буй,
Шувуудын жиргээн, цэцэгсийн анхилан цөм буй.
Урагш дэлгэсэн цонх бол чиний зурсан
Урин хаврын тухай зураг юм.
Энэ л зурган дунд зогсож буй чи харин
Эргэх дөрвөн улирлын үзэмжээ надад илчилж,
Эмзэг сэтгэлийн хуудсаа дэлгэсэн болов уу?


Дү Юнь-Сиэ (杜運燮) - Нарцисс
Бүх юм ердөө л, дүрийг чинь тусгах
Бүрсгэр толь, эсвэл ус.

Харцанд чинь л өртөх үзэсгэлэндээ төөрөх хэрэггүй.
Хамгийн гүндээ сэтгэл чинь базлан өвдөх болно,
Цус алдах болно, сэтгэлийн чинь дээд хязгаарт
Аз жаргалын гэрлийг халхлагч, аймшигт хар үүл бүрэлдэх болно.
Тэгээд л зовлон ундрах болно:
Тэмүүлэх зүг, эрмэлзэл үгүй болно,
Эх адаг ч гэж үгүй болж, дурсамжийн чинь эргүүлэг
Эцэс төгсгөлгүй чимээ шуугианыг хэлхэх болно...

Бүх юм учир зүйгээ алдана.
Бүдчих амьдрал чинь эмх замбараагүйн дунд гундах болно,
Дүр чинь хор болон хувирч, уйтгар зовнилд эзэмдүүлж,
Дүнсгэр саарал өнгөнд будагдаж, улам улам эхүүн үнэр ялгаруулах болно...
Харин, толин доторхи үзэшгүй муухай жинхэнэ дүр чинь,
Тоомжиргүйхэн мөрөө хавчиж, хүйтнээр инээгээд, чамд хандаж:
“Урьдны жаргалаа мартаж чадлаа” гэж хэлэхийг харах болно. Тэгээд
Усанд нүүрээ булхаж, толийг хагалах болно.

Орчуулсан: Нацагдоржийн Энхбаяр
Эх сурвалж: Ногоон мөчир

1 comment:

Anonymous said...

Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ
Тэр зүгт уулс буй, далай буй,
Шувуудын жиргээн, цэцэгсийн анхилан цөм буй.
Урагш дэлгэсэн цонх бол чиний зурсан
Урин хаврын тухай зураг юм.
Энэ л зурган дунд зогсож буй чи харин
Эргэх дөрвөн улирлын үзэмжээ надад илчилж,
Эмзэг сэтгэлийн хуудсаа дэлгэсэн болов уу?