Wednesday, October 10, 2012

Бянь Жи-Лин


Дутуу бадаг

Ганцаар гүүрэн дээр зогсоод
    орчлонг ажих чамайг
Гадагш харуулдах нэгэн
    цонхоор сэмхэн ширтэнэ.

Өөлөн сар одоо
    танай цонхоор гийнэ.
Өөрөө ч мэдэлгүй чи
    түүний зүүдэнд гэрэлтэнэ.

Нэргүй шүлэг /4/

Цэнгэг мөрний элсийг таслан өлмийд чинь асгалаа.
Цэцэрлэгийн хашаанаас горхи шилэн энгэрт чинь урсгалаа.
Далайн чанадын тансаг торгыг өмнө чинь хүргүүллээ.
Дараа нь би зам тээврийн түүх судлахыг хүслээ.

Өнгөрсөн шөнө ганц удаа хөнгөн санаа алдчихсаны хариуд
Өнөө өглөө хоёр удаа над руу инээмсэглэхийг чинь үзлээ.
Толинд туссан цэцэг өгөөд, усанд унасан сарыг хүртлээ...
Товчхон тэмдэглэчихлээ чамайг, урсгал дансандаа бүртгэчихлээ.

Тэмдэглэл

Одоо буцаад л чийдэн гэрэлтэх цаг болж байна.
Оройн гудамжны бүдэг агаарыг залгитал
Онгойж цэлмээд ирэв, хөшсөн нуруу минь ч тэнийв.
Олон хэцүү, өдрийн зүүднээсээ сая л нэг ангижрав.

“Үдшийн мэдээ!” гэх дуу алсаас цуурайлахад
Үл мэдэг сэртэсхийснээ, эв дүйгүйхэн алхалсаар би
Үрчийлгэж базсан хуудас цаасаа шидчихлээ.
Яв даа, энэ өдрийн тэмдэглэл минь!

Эх сурвалж: Ногоон мөчир

1 comment:

Anonymous said...

Өөлөн сар одоо
танай цонхоор гийнэ.
Өөрөө ч мэдэлгүй чи
түүний зүүдэнд гэрэлтэнэ.