Saturday, April 24, 2010

Г.Аюурзана - АНХНЫ ДУРЛАЛЫН НАМАР

Наймдугаар сарын 13.
Чөтгөр гэж! Ямар балай хүүхэн бэ! Өнөөдөр ахиад л нүцгэн байх юм. Цонхондоо хөшиг хийчихэд яана аа! Зориуд ингэдэг юм биш байгаа? Гоё биеэ гайхуулж...


Наймдугаар сарын 20.
Уг нь би одоо англи хэлээ давтах ёстой. Гэтэл энэ хүүхэн орой болгон гэр дотуураа нүцгэн гүйгээд байх юм. Уршигдар ч, өчигдөр ч, өнөөдөр ч.
Наймдугаар сарын 27.
Одоо би чамтай гудамжинд таарах юм бол шууд танина. Хямдхан дуран зарсан архичин өвөөд баярлалаа.
Наймдугаар сарын 29.
Чиний тухай би Баатараад ярьсан. Баатараа надаас дөрөв ах. Бид хамтдаа чамайг харж байгаад, тэр дөнгөж саяхан явлаа. Баатараа <<Их сайхан хүүхэн байна. Дурантай сан бол мөн догь оо!>> гэж байна лээ. Харин би дурангаа түүнд үзүүлээгүй.
Есдүгээр сарын 1.
Манай ангийн охидын байж байгааг! Чөрийсөн юмнууд... Хичээл дээр өдөржин нойр хүрлээ.
Есдүгээр сарын 3.
Өнөөдөр чамд юу тохиолдоо вэ? Чи 19.30-д биш бүр 22.55-д ирлээ. Чамайг хүргэж ирсэн юун <<Вольво>> вэ? Машин зогсож л байсан. Дотроос нь чамайг буугаад ирнэ гэж бодсонгүй шүү. Үнсэлцээ юу? Муу янхан!
Есдүгээр сарын 4.
Өчигдөр муухай үгээр хараасандаа гэмшиж байна. Чи яг 19.35-д шар таксинаас буугаад эртээр оройжин гэртээ өмсч үзсэн өндөр өсгийтэй, богино түрийтэй хар гуталтайгаа орц руугаа орлоо. Гэрэл ассанаас хойш удсан ч үгүй, өрөө рүүгээ орж ирэв. Гэртээ хувцастай сууж чаддаггүй болохоор чинь би ёамд хайртай. Яадаг юм бэ, <<Хайртай>> гэж бичихэд.
Есдүгээр сарын 9.
Танайх утасгүй юм аа даа? Эсвэл үүдний чинь хонгилд байдаг юм уу? Яг одоо би цонхныхоо хажууд тэмдэглэлээ хөтлөөд сууж байна. Чам руу утасдаж <<Цагаан дотоож л чамд гоё зохидог>> гэж хэлэх юм сан. Наад балай хар өнгөтэй юугаа чи л лав дөрөв дөхөө өмсч байна. <<Вольво>>-гоор хүргүүлж ирэхдээ өмссөн байсан. Тэр <<Вольво>> дэлбэрч сэг болохын төлөө энэ пивийг уучихъя.
Есдүгээр сарын 27.
Баатараа <<Нөгөөх чинь секс хийхгүй л байна уу? Чиний ярьж байгаа үнэн бол, тийм хүүхэн өнөө цагт ховор шүү>> гэж байна. Ганцаараа амьдардаг мөртлөө гэртээ эрэгтэй хүн дагуулж ирэлгүй сар гаруй боллоо. Нээрэн, чи сайн хүүхэн юм аа. Маргааш хоёулаа танилцана шүү!
Аравдугаар сарын 3.
Миний амьдралд ямарч утга алга. Өглөө 8.30-д чи ажилдаа явна. Үгүй, би ажил гэж хаанаас мэдэж байгаа юм бэ? Машин барьж чаддагсан бол, ах надаас <<Хонда>>-гаа харамлахгүй л дээ. Тэгвэл хаана ажилладагийг чинь мэдээд авахгүй юу. Үгүй би ёстой тэнэг юм аа. Өглөө бүр чамайг хүргэж өгөөд байж болно шүү дээ. Орцонд хулгайч шиг зогсож байхаас хамаагүй дээр. Тэгэхэд, чи надаас айсан уу? Хоёр орой дараалан шатан дээр сууж байдаг, би мөн дүүрчихсэн амьтан шүү. Гэрийнхээ тагтан дээрээс дурандаад л сууж байсан бол, чи энэ бүдүүнээр хүргүүлдэг болохгүй шүү дээ.
    Хөөе, бүдүүн минь чи миний амьдралаас зайлаач!
    Бүдүүнтэй үнсэлцэхэд чинь золтой л <<цус харвачихсангүй>>. Дараа нь чи түүнийг түлхсэн. Чи хөөчихсөн үү? Ерөөсөө гэртээ оруулах хэрэггүй байсан юм. Гэхдээ л надад тун хэцүү байна. Өнөөдөр үнсэлжсэн юм чинь, маргааж чи түүнтэй унтчих ч юм билүү...
    Гэхдээ л чамайг эрэгтэй хүнтэй яаж секс хийдгийг хармаар байх юм. Яагаад тэр вэ?
Аравдугаар сарын 4.
    Өнөөдөр миний баярын өдөр. Чи ганцаараа,  таксигаар ирлээ!
    Оройжингоо цагаан дотоожтойгоо байлаа. Дөнгөж сая гэрлээ унтраахын өмнө хөхний даруулгаа тайлсан. Тэгээд чи толины өмнө нүцгэнээрээ их удаан зогссон. Урьд нь би том хөхтэй хүүхэн л сайхан гэж боддог байсан.
    Гэрэл чинь унтарсан ч гэсэн би унтаж чадахгүй нь ээ. Тэгээд л үүнийг бичиж сууна.
Аравдугаар сарын 21.
Чи намайг хүн байна ч гэж хялайсангүй. Би чамайг сайн мэднэ шүү ихэмсэг зант минь! Чиний бөгсийг ч би нүцгэнээр нь түм бум харсан!
    Баатараа утсаар дуудаад байна. Хоёр охинтой ууж байна гэнэ ээ. Би тийшээ явлаа. Нэг охиныг нь гэртээ дагуулж ирнэ. Хохь чинь мэдэв үү?
Аравдугаар сарын 31.
Би тариа хийлгэж байгаа. Хайрт минь! Намайг уучлаарай. Тэр хүүхнээс авчихаж. <<Анхны өнгөний өвчин дурсгалтай>> гээд Баатараа ер тоохгүй байгаа юм даа. Үзэн ядаж байна! Үзэж ядаж байна! Үзэн ядаж байна!..
    Энэ намрын туршид чи анх удаагаа ном уншиж байна. Ямар ном бэ? Тэрлэг нөмөрч суух чинь чамд их зохих юм аа. Манайх ч гэсэн хүйтэн л байгаа.
Арван нэгдүгээр сарын 3.
Бүдүүнээ ирээд цонхыг чинь шиллэж байна. Тусчдаа биш дээ, чамайг л өвөртлөх гэж тэгж байгаа юм.
    Би чамайг орон дээрээ нүцгэн хэвтчихээд биендээ тос түрхэж байгааг мэдэж байсан л даа. Гэвч цонхруу чинь ямар нэгэн юм шидмээр санагдаад тэвчиж чадаагүй. Чи айсан уу? Тэр шөнө их даарсан уу? Сүүлд нь би гайтай дуран чамайг ончихсон байх вий гэж их айсан шүү.
    Чамайг хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байна, би чихрийн том цуглуулгатай эргэж байна гэж төсөөлөн бодсон. Гэхдээ чамайг өвдчихөөгүйд үнэхээр баярласан. Энэ бол яг үнэн. Би энэ тэмдгэлэлээ хэзээ нэгэн цагт чамд уншуулахын төлөө бичиж байгаа болохоор цонхыг чинь хагалсандаа уучлал гуйя. Би нисч чаддагсан бол, өөрөө очоод толгойгоороо цонхыг чинь мөргөх байсан.
Арван нээгдүгээр сарын 7.
Эмээгийн минь бие муу байгаа. Санаа дагаад ч тэр үү, намайг цонх руу чинь дуран шидэж хагалсанаас хойш л гэнэт хэвтэрт орчих шиг болох юм. Эмээгээ их өрөвдөж байна. Тэгэхдээ чамайг өи дандаа л бодож байгаа. Ойрдоо цонхруу чинь тухтай ч харж чадсангүй. Өчигдөр өглөө танайд эрэгтэй хүн байх шиг санагдсан. Нар гялбаад сайн харагдаагүй. Харагдаагүй нь ч дээр байж гэж одоо бодож байна.
Арван нэгдүгээр сарын 18.
    Сайн байна уу?
    Би чиний нэрийг мэдэхгүй тул, гэрийн чинь хаягийг бичээд танай орцны жижүүрт энэ дэвтэрийг орхилоо. Чи намайг танихгүй. Чиний унтдаг өрөөний цонх манай цонхтой харалдаа байдаг юм. Гэхдээ манайх нүүж байгаа л даа. Би эмээтэйгээ хамт танай хажуугийн байшинд амьдардаг байв. Эмээ минь нас бараад, би Хөтөл рүү явах болсон. Тэнд дунд сургуулиа төгсөнө. Одоо есдүгээр анги. Чамайг надаас тав зургаа эгч болов уу гэж би таасан. Зөв үү?
    Чи миний тэмдэглэлийг уншаад намайг шоолоорой. Тэгвэл би маш их баярлах болно. Бүдүүлэг үгс тааралдвал өршөөгөөрэй. Тэр үгсийг бичихэд надад сайхан байсан юм. Нэрээ би Х.Х. л гэе. Үнэхээр миний овог нэр хоёулаа Х үсгээр эхэлдэг. За, баяртай. Хэзээ ч уулзахгүй!
    Аа, тийм. Цонхондоо хөшиг хийгээрэй. Харин нөгөө дуранг чи хаячихсан уу? Хямдхан ч гэлээ, чамд их хайртай дуран байсан юм шүү.

***
Бүсгүй уншиж дуусаад аяархан инээв. Тэгснээ арай чанга инээж, яваандаа зогсолтгүй хөхрөн буйдан дээрээс гулган уналаа. Бараг хоёр минутын турш инээжээ.
Бүдүүнээ гэнэ ээ? Ёо, ёо, ёо, бүдүүнээ байхдаа яахав дээ. Бүдүү-нээ...
Ингэж хэлүүт ахиад л хөхөрч эхлэв.
Ханатлаа инээж аваад нулимсаа арчлаа.

4 comments:

Ulzii said...

he he hoorhon yum. nadad law mash ih taalagdlaa he he. tand avyas bn shu amjilt.

Purevdagva's blog said...

өвөрмөц бичлэгийн хэлбэр байна.таалагдлаа

Хүн санаа said...

Гоё өгүүллэг. Ахиад уншлаа

Anonymous said...

dajgui