Wednesday, October 10, 2012

Ши Мөрөн

Хүж өвс

Бяцхан горхи далайн зүг яаран яаран урсана,
Бялхсан давалгаа эх газартаа ахин дахин тэмүүлнэ,
Цагаан цэцэгтэй ногоохон модны дэргэдээс
Цалгардуухан, гар далласаар салсан сан,

Алив бүхэн хувирчихсан хорин жилийн дараа ч
Амраг хайрын маань сахиус шөнө бүхэн ирнэм,
Аясхан салхи зөөлөн илбээд өнгөрөх бүр
Анхилам үнэртэй цэцэрлэг болон хувирганам...

Дэлбээлж буй мод

Яахын аргагүй гоо сайхны минь оргил үед
Ямар азаар чи минь надтай учрав даа
Үүний тулд
Бяцхан сэжимээр биднийг холбож өгөхийг
Буддагаас би таван зуун жил гуйсан юм
Ийнхүү, тэр намайг мод болгон хувиргаж
Ирэх замыг чинь тосон, ургасан юм би.
Нарны туяан дор
Цэцэг бүхнээ дэлгэхийг хичээнэм
Цэцэг бүхэн өмнөх насны минь
Цэлэлзэх хүслийг төлөөлнөм...

Чи, дэргэдүүр минь өнгөрөх үедээ
Чихээ тавин, анхааран сонсоорой
Чичирхийлэн буй тэр навч бол
Чамайг л хүлээсэн миний сэтгэл шүү...

Ажиггүйхэн, өнгөрөн одоход чинь
Ард тань, газраар дүүрэн унах тэр бол
Ай, найз минь дээ
Тэр бол, хагдран буй цэцгийн дэлбээ бишээ
Зулран унаж буй миний сэтгэл билээ...

Удамбарын нууц

Үргэлжид
Хагдарч унасны минь дараах үүрээр
Хажуугаар алхаж өнгөрөхдөө л
Уртын урт урьд шөнө
цонхны чинь гадаа би
Ямархан үзэсгэлэнтэй бас ганцаардсан
Ялгуухан нэг цэцэг байсныг
Чи олж хардаг аа.

Чиний анзааралгүй өнгөрүүлсэн
Урьд шөнө
Тэнгэрт ямархан тунгалаг сар өлгөөтэй байсныг
Зөвхөн би л мэддэг ээ
Хайрт минь!

Уулын зам

Уулын тэр нам гүм замаар
Хамтдаа хоёул алханаа гэж
Хариулж байсан санагдана

Бэлийн дагуу хуайс, цайны модод
Нэлийн ургасан байдаг гэж чи хэлж билээ
Хамтдаа заавал алханаа гэж
Хаврын, тэртээд үлдсэн үдшээр
Хариулж байсан шиг санагдана.

Харин энэ л орой, дэнгийн гэрэл дор
Хяруу унаж буй үсээ самнан суухад минь
Бүтээгүй учралууд гэнэт бодогдон
Биелүүлж чадаагүй амлалтын өмнө
Битүүхэн гунигт эрхгүй дарагдлаа.

Уулын өнөөх зам дээр
Урьдын залуухан чи минь
Итгэл мөхөлгүй намайг хүлээн
Ирэх зүгийг минь ширтсээр буй болов уу?

Миний итгэл

Хайр гэдэг амьдралын
Хамгийн тунгалаг, энхрий зүйл гэдэгт
Би итгэдэг.

Аливаа гэрэл болоод сүүдрийн
Авцалдаа болоод тусгал гэдэгт
Итгэдэг.

Өнгөлзөгч цэцэгс бол хөр цасан доорхи
Өчүүхэн нэг үрээс үүсэлтэй гэдэгт
Би итгэдэг.

Гурван зуун бадаг шүлэгт
Үргэлж тааралдах тэр санаа бол
Насны залууд хэлж зүрхлээгүй
Тэр л үг гэдэгт
Би итгэдэг.

Мөнх хөх тэнгэрийн
Мөн бүхний зохицолд
Би итгэдэг.

Хамгийн анхны учрал руугаа
Хамтдаа явахыг чи зөвшөөрвөл
Энгийн, даруухан, холын тэр эхлэл дээр
Эцэстээ бид ойлголцож чадна гэдэгт
Итгэдэг ээ, би.

Эх сурвалж: Ногоон мөчир

1 comment:

Anonymous said...

Шүлгүүдийг уншихаар өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг юм.