Saturday, April 24, 2010

ИЛИОНЫ ТҮҮХ (Ilias)

(туйльсын найраглал)

    Газар дэлхий хүчирхэг баатруудыг “даахгүй болох”-ын үед бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайныг өдөөсөн нь Троя хотын дайн ажээ:
    “...Илионы хананы ёроолд
    Эрэлхэг баатрууд хагядаж,
    Зевсийн хүсэл биеллээ.” 

 
“Илион”, “Троя” гэдэг нь бага Азийн хойгт, Дарданелийн эрэг орчимд оршин байсан нэгэн хүчирхэг хот улсын хоёр нэр билээ.
Троягийн дайн арван жил үргэлжилсэн юм. Герегийн хэдэн арван хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Трояг дайлаар морддог. Цэргийн гол жанжин нь хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч Агамемнон болно. Түүний дүү Менелай, дийлдэшгүй Аякс, овжин Диомед, арга сүйхээт Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Герегийн урдаа барьдаг баатрууд энэ тулаанд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурханаас төрсөн Ахилл хэмээх залуу баатар бөлгөө. Ахиллыг дотны анд Патрокл нь дагалджээ.
Троячуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой. Гекторын дэргэд дүү Парис нь, мөн тэдний талд Азийн олон овог аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд троячуудад Аполлон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина хоёр тэтгэж байв. Хамгийн дээд бурхан аянга эзэгнэгч Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааран ажиглаж байжээ.
Дайн юунаас болж эхэлсэн гээч? Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л дээ. Энэ бол бурхан хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахилл төрсөн юм. Хэрүүлийн охин тэнгэр уг найран дээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд оногдох алтан алимыг хаясан байна. Мөнөөх алимнаас болж Гера, Афина, хайр дурлалын бурхан Афродита гурав эвдрэлцжээ. Зевс уг маргааныг тасла хэмээн Троягийн хунтайж Парист тушаасан аж. Охин тэнгэрүүд алим авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч: Гера Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж, Афина хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан  болгоно гэж, Афродита хамгаас сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ. Парис алимыг Афродитад өгсөн байна. Үүнээс хойж Гера, Афина хоёр Троягийн мөнхийн дайснууд болж, Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелайн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Трояд авчирахад нь Парист тусалжээ. Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Герегийн хамгийн шилдэг баатарууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг, харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд дайн зарлана хэмээн тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийн санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелайг сонгож, харин Менелайгаас Парис эхнэрийг нь булаачихжээ. Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд Трояг дайлаар мордов.
Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавъяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. Тэр бол Ахилл юм. (Хомер их дайны зөвхөн нэг хэсгийг сонгон авч чухамхүү түүгээр л бүх дайны үйл явц харагдаж байхаар зохиомжилсон нь аугаа их баатар Ахиллын ууралсан тухай өгүүлэмж болно.) Тиймээс ч Троягийн хананы дэргэд цугласан грек жанждаас хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахилл гэлцдэг байж. Дайн есөн жил үргэлжилсний эцэст арав дахь онд Ахилл Агамемнонд айхтар уурласан байна. Яг л энэ хэсгээс яруу найрагч:
“Охин тэнгэр минь, Пелейн хүү
Ахиллын хилэгнэсэн тухай дуулж аль..” гэж онгодоо дуудаж байгаагаар “Илионы түүх” эхэлдэг.

Уурласан учир нь олз хуваахаас болсон бөгөөд дайны олз гэдэг нь цэрэг эрийн хувьд нэр төрийн хэрэг юм. Түүнд хувь хүртээхгүй бол доромжилж буй явдал ажээ. Энэ удаагийн чухаг олз бол Хрисеида, Брисеида хэмээх хоёр бүсгүй байв.
Хрисеидаг Агамемнонд, Брисеидаг Ахиллд өгөхөөр тогтоод байж. Гэтэл Хрисеида нь Аполлон бурханы тайлгачийн охин байж, тайлгач эзэн бурхандаа хандан охиныг нь эргүүлэн өгөхийг гуйжээ. Ингээд Аполлон Герегийн цэрэгт далайн өвчин илгээж, грекүүд арга буюу Аполлон бурханд өргөл өргөн, Хрисеидаг нь буцаажээ.
Агамемнон өөрийгөө доромжлогдлоо гэж үзэн, Хрисеидаг авч байгаа бол оронд нь Ахиллаас Брисеидаг авч өгөхийг шаарддаг. Ахилл эгдүүцэн бид чиний төлөө байлдаж, чи олзны өнгөтэйг нь авдаг, гэтэл одоо бидний хувийг булаах болов уу? Брисеидаг авбал ав харин би тулаанд оролцохгүй, чи өөрөө байлд гээд тэнгисийн хөвөөнөө очиж, тэнгисийн охин тэнгэр ээж Фетидагаа дуудан: “Бурхан надаас урт нас авах уу, алдар нэр авах уу гэж асуухад би алдар нэрийг сонгосон. Гэтэл Агамемнон намайг доромжилж байна. Ээж минь, Зевсийг гуйгаад грекүүдийг ялагдуулаад өгөөч. тэд надгүйгээр хэн болох оо ойлгог” гэв.
Эх нь гуйлтыг дамжуулан, Зевс ч зөвшөөрөн дөрвөн өдрийн дөрвөн тулаан болоход Агамемноныг хуурч гайхамшигт ялалт зүүдлүүлдэг. Зүүдэндээ итгэн зоримог тулалдах боловч Агамемнон тухай бүрдээ ялагдал хүлээн ухрах аж. Тэр өөрийнхнийгөө туршин “Ялагдлаа хүлээгээд буцах уу?” гэж асуухад цаадуул нь олон жилийн дайн ядарч залхсандаа баярлалдан хөлөгтөө суун буцахаар завдана. Сэргэлэн Одиссей л тэднийг аргадаж, заримыг нь зодож байж тогтооно. Охин тэнгэр Афина туслахаар ирж газар дэлхий тулааны галд хуйхлагдан орь дуу тавьж байв.
Эхний өдөр грекүүд, троячууд тулалдах зуур дайны буруутан Парис, доромжлогдсон Менелай хоёрыг халз үзүүлээд хэн дийлсэн нь Еленаг авч дайнаа зогсоохыг санал болгосноор тэд халз үзэлцэв. Энэ тулааныг үзэхээр Еленаг хотын хананы орой дээр гарч ирэхэд Троягийн хөгшчүүл үзэсгэлэн гоог нь гайхан, энэ олон дайчин энэ олон жил түүний төлөө цусаа урсгаж байгаад гайхахаа болино. Тулаанд Менелай Парисыг шархдуулах бөгөөд Парисыг хамгаалагч охин тэнгэр Афродита түүнийг бараан үүлээр нууж тулааны талбаррас авч оджээ. Үүгээр дайн төгсөж болох байсан ч Гера, Афина хоёр Трояг бүр мөсөн усгахыг хүсч байв. Афинагын явуулгаар Троягийн харваач Пандарын сум Менелайг шархдуулсанаар эвлэрэх боломжгүй болж ахиад л цус асгаруулсан дайн өрнөжээ.
Энэ өдрийн тулааны од бол аргосын хүлэг баатар Диомед байв. Афина түүнийг сумнаас хаацайлан байсан тул троячуудыг хэдэн арваар нь хиар цавчив. Афродитагын хүү Энейг асар том чулуугаар дэлсчихсэнд хүүгээ бэртчих вий гэж айсан Афродитаг нисэн очиход “Ховын хутгууш минь, эрчүүлийн дунд тулалдах нь чиний хэрэг биш!” гээд бурханы гарыг шархдуулдаг. Үүнийг харсан дайны бурхан Арес өөрөө Диомед руу зэрлэгээр уулгалан довтлоход Афинагийн дэмжлэгийг авсан тэрээр Аресыг ч шархдуулчихна. Арес хүрхрэн орилоод тэнгэр рүүгээ хөөрөхөд нь нэгэн түмэн цэрэг чарлах шиг болжээ. Афинагийн дэмжлэгийн мэдээд Гектор Троягийн бүсгүйчүүдээр хилэнгээ эргүүлэн авахыг гуйлгадаг. Ингээд Гектор, илааршсан Парис нар тулааны талбарт ирнэ. Энэ өдөрийн байлдааныг мөн л халз тулаанаар өндөрлөх бөгөөд троячуудаас Гектор, грекүүдээс Ахилл байхгүй тул Аякс гарч нэг нь нөгөөгөө дийлэлгүй хэн хэнээ хүндэтгэн бэлэг солилцсоноор дуусна.
Дараагийн өдрөөс нь Зевс Фатимад амласнаа хэрэгжүүлж, бурхадыг тулаанд орохыг хориглож, грекүүд ширүүн цохилт амсан ухарч далайн эрэг дэх хуарандаа эргэн очно. Агамемнон сэтгэлээр унаж, тэнгис гатлан буцахад ч бэлэх болж, цэргийн зөвлөлөө дуудна. Мэргэн Нестор түүнд Ахиллтай эвлэрхийг зөвлөнө. Ингээд түүн рүү Одиссей, Аякс, Ахиллын хүмүүжүүлэгч Феникс нар очиж, Брисеидаг эргүүлэн гомдоосныхоо хариу асар их төлөөсний хамт өгч, Герегт очоод Агамемноны охиныг эхнэр болгон инжинд нь долоон дагуулна хэмээн амладаг. Энэ бүхнийг Одиссей уран цэцнээр, Аякс эрс цөлх маягаар, Феникс эртний явдлуудаар жишээ татан өгүүлнэ. Гэвч Ахиллыг зөвшөөрүүлж чадалгүй буцдаг.
Гурав дахь өдөр шийдвэрлэх гурав дахь тулаан. Бурхадаас хэн нэгэн оролцчих вий гэж Зевс Олимпын оргилоос харуулдана. Троячууд бүр хуаранд ирж хөлөг онгоцуудыг галдахыг Ахилл асраасаа харж суув. Гера тэсч ядан Зевсийн анхаарлыг Афродитагийн дур хүслийг бадраагч бүсээр сарниулаг үүлэн борооны ажилд умбав. Дурлалд алжаасан Зевсийг гүн нойронд автах зуур грекүүд жаал сэхээ авч троячуудыг зогсооно. Зевс сэрээд Герад: “Тэвчээртэй бай. Бүх зүйл чинийхээр болж, грекүүд ялна. Гэхдээ Ахилл уурлахаа болсон цагт, би Фетидад амлачихсан юм” гэлээ. Харин нөхдөө хүнд байдалд орсонд тэсч чадаагүй Патрокл тулаанд орохоор болно.
Ахилл анддаа цэргүүдээ, троячуудыг айлгадаг хуяг дуулга, шидэт морьд хөлөглөсөн дугуйт тэргээ өгөөд, “Троячуудыг хуарангаас хөөгөөд хөлөг онгоцуудыг аварчих, тэгээд л болно. Грекүүд бүгд алуулсан ч чи бид хоёр л Трояг эзлээд авчихна, өөртөө бүү гай тариарай!” гэж захина. Ахиллын хуяг дуулгыг хараад троячууд ум хумгүй зугатан Патрокл тэсэлгүй араас нь мөшгив. Түүнийг амдан Зевсийн хүү Сарпедон гарч иртэл Патрокл түүнийг унагаад улам цаашлан Троягийн хаалга тийш дайрав. “Буцаач! Трояг чи ч, бүр Ахилл ч авах ёсгүй юм” гэж Аполлон хашгираад сонсохгүй болохоор нь үүл базаад мөр рүү цохисонд түүний ухаан балартан бамбай, дуулга жадаа хөсөр унагаж Гектор түүнийг гүйцээж орхив.
Патрокл анд нь үрэгдэж, өөрийнх нь хуяг дуулгыг Гектор өмсч яваа тухай Ахилл мэдээд, тулалдах зэр зэвсэггүйдээ арга нь баригдан маш аймшигтайгаар хашгирахыг нь сонссон троячууд зог тусан буцацгаажээ. Ахиллыг шөнөжин анд нөхрийнхөө араас гашуудан уйлж байх зуур Фетида галын бурхан Гефестээс гуйж, доголон Гефест өвч бүрэн хөө хуяг сэлт урласныг өглөө нь Ахилл өмсч Агамемнонтой эвлэрч грекүүдийг цуглуулав. Тэр одоо Агамемнонд биш Патроклийг хөнөөсөн троячуудад, Гекторт хилэгнэж байв.
Дөрөв дэх тулаан эхлэв. Зевс хоригоо цуцалж бурхадыг тулаанд орохыг зөвшөөрөв. Тэнгэрлиг Афина дайны бурхан Афестай, эрхэмсэг Гера гэрэл цацруулсан Артемидатай тулалдах аж. Тэнгисийг захирагч Посейдон Аполлонтой халз үзэлцэх болсон ч дорой хүмүүсийн төлөө бурхад бид тулалдах гэж үү гээд больцгооно. Ахилл үнэхээр аймшигтай байв. Тэр Энейг хумьж авсанд бурхад түүнийг арай ядан салгав. Учир нь Эней Ахиллаас ч Троягаас илүү ихийг үзэж туулах ёстой байж л дээ. Ахилл үүнд цухалдан троячуудыг тоо томшгүй хядаж, овоолсон хүүр нь голын усыг хаасанд гол мөрний бурхан Скаманндр түүн рүү оволзон дайрсныг галын бурхан Гефест номхруулжээ. Троячууд зугтаж Ахилл Гекторын хөөн хотыг гурвантаа тойров. Зевс хувь заяаны дэнсэн дээр тэр хоёрын заяа төөргийг дэнслэхэд Ахиллынх өөдөө дэгдэж Гекторнх доош унажээ. Тэгмэгц Зевс Аполлонд Гекторийг орхихыг, Афинад Ахиллд тусла хэмээн дохив. “Ахилл, хэрэв би чамайг алвал хуяг дуулгыг чинь авна. Биед чинь гар хүрэхгүй гэдгээ амлая! Чи надад бас тэгж амлаач” гэж Гекторыг хэлэхэд Ахилл “Амлалт өгдөг цаг биш. Патроклын төлөө би чамайг хэдэн хэсэг урж тасдан, цусыг чинь уух болно!” гэж хашгирав. Ахиллын жад Гекторын хүзүүг нэвт сүлбэж Гектор үхэдхийн унахдаа “Бурхадын хонзонгоос айж яв, чи миний араас ирнэ дээ!” гэсэнд, “Мэдэж байна, гэхдээ урьдаар чи!” гэж Ахилл хариулаад түүнийг хүүрийг тэрэгнээсээ чирч Трояг тойрон давхихад амь үрэгдсэн Гекторын хөгшин эцэг Приам, бэлэвсэн Андромаха, нийт троячууд Гекторын араас халаглан уйлалдаж байв. Ахилл Патроклын цогцсын дэргэд троячуудаас олзлогдсон арван хоёр хүнээр тахилга өргөсөн ч уур хилэнг нь дарж чадсангүй. Тэрээр Гекторын хүүрийг чирч Патроклын булшин дээр өдөрт гурван удаа тойрч Гекторын хүүр салмарч урагдахаар болсон ч Аполлон бурхан түүнийг харж хандаж байв. Эцэст нь Зевс Фетидагаар дамжуулан Ахиллд: “Сэтгэл зүрхээ бүү хорсго! Чамд ч цөөн хоног үлдсэн. Хүнлэг бай: төлөөс аваад, Гекторын биеийг оршуулахаар өг” гэж хэлүүлжээ. Ахилл ч гэмээ хүлээсэн байна.
Шөнө нь Ахиллын асар луу өтөлж хөгширсөн Приам ирэв. Өвгөн Ахиллын хөлд хөсөр унаж: “Ахилл, чи өөрийнхөө эцэг Пелейг санаач! Тэр ч бас хөгшин настай, магадгүй, даснууд нь түүнийг дээрэлхэж байгаа ч юм билүү? Гэхдээ чамайг амьд мэнд, эргэж ирнэ гэдгийг мэдэж байгаа болохоор түүнд хавьгүй амар байгаа. Би бол орь ганцаар хүн: миний хөвгүүдээс цорын ганц найдвар нь Гектор байлаа, одоо тэр нэгэнт алга. Эцгийгээ бодоод намайг өрөвдөөч, Ахилл, миний хүүхдүүдийг хөнөөсөн гарыг чинь би үнсье” хэмээв.
Ахилл өөрийн эрхгүй уйлан хайлж, тэд хоёул чангаар орь дуу тавин гингэнэжээ. Приам зоригт Гектор хүүгээ санаж, Ахилл хайрт эцгээ, анд Партоклоо бодож уйлсан нь тэр. Ахиллын уур хилэн сая л нэг намжжээ. Эн тэнцүү уй гашуу дайснуудыг эвлэрүүлдэг аж. Приам төлөөс болох эд агуурс дүүрэн ачсан ачаа хөсөгөө орхин Гекторын цогцсын аван буцахад нь Ахилл төлөөсийг авч хайртай баатараа бунхалж гүйцтэл нь Трояг түйвээхгүй гэж амалжээ. Троя Гектортой салах ёс хийхэд хөгшин эх нь, бэлэвсэн гэргий Андромаха нь, энэ дайныг өдөөсөн Елена уйлж байна. “Дайчин Гектороо, хөвгүүдээ Троя тийн бунхлав” гэсэн мөрөөр “Илионы түүх төгсдөг”.
Гэхдээ Троягийн дайн дуусахад цөөнгүй үйл явдал үлдсэн. Троячууд Гектороо алдсанаас хойш хэрэмнээсээ цухуйхаа ч больдог. Тэдэнд туслахаар ирсэн эфионуудын удирдагч хар мангас Мемнонийг ялснаар Ахилл жинхэнэ алдар цуугаа мандуулж хүссэндээ хүрнэ. Аполлоны тусалснаар Парис түүний өсгийг харваснаар Ахилл амь үрэгдэж Трояг хүчээр эзлэхээс нэгэнт өнгөрнө. Энэ домгоос л Ахиллын өсгий гэдэг хэлц үг үүсжээ. Ингээд сүйхээтэй Одиссей аварга том модон морь сэдэж түүнд нь эрэлхэг баатарууд нь орж нуугдаад, Герегийн гол хүч нутаг буцсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр үлдсэн нь далайд хөвөн оддог. Энх цаг ирсэнд баярласан Троячууд орхин одсон модон морийг ялалтын бэлэгдэл болгох гэж хотын ханаа эвдэн байж оруулдаг. Шөнө грекүүд гарч ирж, их цэрэг нь ч буцан ирж баяраа тэмдэглэж буй троячуудыг хяддаг.

1 comment:

Dechmaa said...

Mash ih bayarlalaa... Kino ni zohioloosoo jaahan uur l yum bna te. :)