Sunday, November 11, 2007

Болор цом - 1984 он

Дөнгөтийн Цоодол - Нэр нь тодроогүй баатрууд

Нэр нь тодроогүй баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан олон юм бэ
Бичих нэргүй, оноосон хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь үүрд буцсан юм бэ

Дорнод Монголын талын даруухан булшин дээр
Домогт эздийн нь нэр алга байлаа
Долгилох олны хөлтэй Кремлийн хөшөөн дээр
Дор хаяад ганц ч нэр үгүй байлаа

Ханагар дэлхийн энд тэнд
Хал үзсэн Европийн төгөл дунд
Дунд чинь босгосон хөшөөн дээр
Дуурсах нэрий чинь "Нэргүй" гэж бичсэн байлаа

Догшин ялалтын сүлд та нарыг дурсахдаа
Догдолж хөшөөний чинь өмнө очих бүрдээ
Нүд бүрхсэн нулимсаа нэвт
Нүүр царайгий чинь би сайн хардаг шүү

Исгэрэх сумнаас амьдыгаа хааж унаад
Ирээгүй цэрэг ирснээсээ лав доргүй
Үлдэх нэрээ биш үлдэгсэдээ гэсээр
Үрэгдсэний гавъяа яасан ч багагүй

Байлдаж байхдаа аль нэгэн нэртэй явснаа
Баатар болчихоод одоо нэргүй болцгоох гэж үү
Хэмжээгүй жаргалтай суухдаа бид
Хэн түүнийг нь өгснийг мэдэхгүй явцгаах гэж үү

Далай тэнгисээс гол горхи олон
Даруухан одод нар сарнаас олон
Дайчид та нар алдаршсанаасаа олон
Дархан алдарт чинь насан туршаа мэхийе

Та нарыг нэргүй гэж бид ярьж
Тавих цэцгээ дунд чинь өргөж байвч
Орчлонд та нар шиг нэртэй нь хэн бэ?
Он жилийг тоохгүй урт настай хэн байна

Энэ хорвоод ургах цэцэцг болгон
Энгэр дээр ярайх та нарын одон
Элж хотойхгүй ертөнцийн хамаг улс
Эгнэгт сүндэрлэх та нарын хөшөө

Тариа ханхалсан талын шар салхи
Тасарна гэж үгүй та нарын амьсгал
Бух чулуу гижигдэн уулын өндрөөс
Бууж ваа горхи та нарын догшин цус

Бум түмэн айлд шоволзох улаан гал
Булиглаж байгаа та нарын халуун зүрх
Өнө үүрд ингэж амьдрахыг чинь мэдээд
Өнөө хүртэл дайснууд та нараас айдаг

Аль эрт та нарт ялагдсаныхаа өшөөг
Амьд мэнд яваа надаас авах гэдэг
Нэргүй баатар гэж байхгүй баатар л гэж бий
Нэг хэсэгхэн нь ялаагүй олны гавъяа бий

Хэцүү тулаанд та нар түрүүлж орсон
Хэрэг гарвал би шилийг чинь дарж орно
Тулаанд та нар дахиад л ялна
Тугаа шороодоогүй үнэний цэргээрээ үлдэнэ.



No comments: