Sunday, November 25, 2007

Б. Явуухулан - Алаг дэлхийд төрсөн минь учиртай



Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ үрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай

Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хүлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч үеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай


1 comment:

Erdenetuya Erdenesuvd said...

ih saihan yruu uyangalag bichdeg shu