Thursday, October 27, 2011

Бүх юм нэг л... болоод байна уу? Ницще хариултыг нь хэлнэ.

26-30 насанд авьяас чадвартай хүмүүс жинхэнэ өөрийнхөө санааг олж авдаг. Өөрийгөө бодтойгоор үнэлж, өөрөөс нь юм олж харахгүй байгаа буюу бага юм олж харж буй хүмүүсээс хүндлэл, ойлголцол шаарддаг. Энэ бүхнээ яруу найраг, гүн ухаан, уран зураг, хөгжмөөрөө илэрхийлэн гаргадаг тул нас тогтсон, туршлагатай хүмүүс тэднийг хараад амьдралын тэр сайхан үеэ дурсан мушилзаж, их мэт санагддагч үнэндээ даанч өчүүхэн хувь заяандаа гомдоллодог.

Sunday, June 19, 2011

Мандельштам

Бие надад заяажээ. Тийм ганцхан,
Надад л заяасан биеэ яах вэ?

Амьсгалах, амьд явах ийм сайхны төлөө
Аль хүнд талархах вэ, хэлээд өгөөч?

Бэрх орчлонгийн хорионд ганцаардахгүй
Би цэцэгчин хүн, бас цэцэг ч мөн.

Мөнхрөх бүхний толин гадаргууд
Миний амьсгал, миний дулаан цантсан.

Мөддөө ээдрээ нь гарахгүй хээ
Мөн л тэнд дурайж хоцорсон.

Эргэх мөчүүдийн мөр толбо элнэ,
Энхрийхэн энэ л хээ үлдэнэ!
1909

Sunday, February 13, 2011

А.Эрдэнэ-Очир : Тунгалаг тэнгэрийн дор

Санчиг үсэнд чинь гар чичрэн догдолсон минь бодогдоод
Саран цээжинд хоёр мөнгөн туулай эрхлэн дэгдсэн нь харагдаад
Салхитай хамт чиний зүг сэтгэл урссанаа зогсосхийгээд
Сайхан юм аа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэр дор
Борооны дусалтай хоёр алганаас одны гэрлийг амссан минь амтагдаад
Болжморын нойтон даль хур бударга ниссэн үзэгдээд
Бодлын чавхдаст хөг орж тэнгэрийн цэнхэрлэгт ая нийлсэн нь сонсогдоод
Үсний чинь гогцоонд борооны дусал ээмэг шиг тогтсон нь гялалзаад
Үгний чинь тунгалагт сэтгэл цэлмэж санаа алдсан минь давтагдаад
Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш энэ өдөртэй найрсаад
Үнэмшим юм аа, энэ үдшийн тунгалаг тэнгэр дор

Н.Гантулга :Сэтгэлгээний минь шилэн хананд.....

Сэтгэлгээний минь шилэн хананд
Хичнээн зураас тодордгийг би мэдэхгүй
Гэвч, тэр нэг намар
Цагийн солонгонд эрх чөлөө минь будагдаж
Цахлай шувууд тэнгэрээр нисэлдэхэд
Уулсыг нэвтлээд намайг оносон
Улаан цог шиг харц зурагдсан байдгийг мэднэ
Гоо зүйн цэнхэр наран
Зүрхний ёроол дахь нууранд
Зүсээ тольдоход
Нойтон даашинзны үзүүр хормойн чимээ
Нойрон дунд минь бүдэг бадаг дуулдаад
Зүг чиггүй алсад морьтон одох мэт
Зүүдийг минь ямар нэг зүйл рүү хөтөлж
Үүрийн гэгээгээр эргэж ирэхдээ
Үнсэлтээр бэлэг барьдгийг мэднэ
Дэнгийн эрвээхэй нисэх гэснээ больж
Дэлхийн цаад хязгаарт хүрсэн мэт санаа амрахад
Бодолд халиурсан өвсөн дундаас
Цагаан зээр босон харайгаад
Айдас түгшүүрийн мананд сарнин уусахад
Ариусал гэгээрлийн солонго татдагийг мэднэ
Сарнаас гогодон авчирсан нарийхан утас
Санаашрах бүрийд минь эмзэгээр чичирхийлэхэд
Шүлгийн номын хуудас нэг нэгээрээ салж
Шүүдэр гялтганах цагаар нэг нэг ертөнц болоод
Эхийн хэвлийд үр бүрэлдэх шиг
Энэ биед минь хачин мэдрэмж төрүүлдгийг мэднэ
Сэтгэлгээний минь шилэн хананд...

Saturday, February 5, 2011

Ц.Бавуудорж :Хаврын анир

Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно

Д. Нямсүрэн: Зангуу

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өргөс хэмээн нэрлэхгүй
Өчүүхэн төрөл хорхой гэнэм

Замын хажуугаас гарч ирсэн
Залуу сайхан бүсгүй
Зангуугаа түүж зогсохдоо
Зальтайхнаар инээмсэглэж байсан

Тэр бүсгүй ялимгүй тонгойхдоо
Тэдэнтэй шивнэлдээд байх шиг
Тэнд цугтаа жаргасан гэх
Тэд, олон зангуу хөхөрцгөөх шиг ...

Тэгэхэд би зангууг өвс биш
Тэнгэр минь, олон шавьж байна гэж бодсон
Тэд амиа хамгаалахын тулд өргөс болж
Тэгээд цөм үл, үл хөдлөмүү ...

Өнөө биднийг хүрч ирсэн
Өргөст өвс хэмээх зангуу
Ялдамхан байж чадахгүй ч
Яав ч мод л лав биш ээ

Үнэндээ би зангууг
Өвс гэхэд зөвшөөрөхгүй
Өнө эртний язгуур бие
Өчүүхэн төрөл хорхой гэнэм.

Friday, January 14, 2011

Ц.Бавуудорж :Аниргүйн эгшиг

Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо

Thursday, January 6, 2011

Болор цом 2010 он

Ц.Хулан - Би-Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан дарь эх болно оо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан дарь эх болно оо
Хоосоршгүй танан бумбанаа­саа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан дарь эх болно оо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөн­гөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан дарь эх болно оо
Шагжтивийн хамаг амьтан эхдээ мөргөнө гэж би горьдсийм
Шандуурлын далайд живсэн хүмүүс ижийтэй манатай явдгийм байна
Шалдрайхан дусал би ч тэдэн дунд хөвж л яваа
Шаралхсандаа би
Цагаан дарь эх болно оо
Дунд нь бороо шиг орж холилдсон
Дунгуй орчлонд хүнийхээ төрлөөс
Дуртайдаа би салаагүй юм шүү
Дэлэнгүй ч үрээ тэжээх шувуунаас
Уучлал гуйгаад би эргэж ирнэ
Дэгдэх хөлгүй ч үрдээ яарах могойноос
Адис аваад би эргэж ирнэ!
Үйзэн цэнхэр уулнаас туурь үлдэж
Үйтэн хуар талаас буурь хоцорч
Дэлхий нурахаас өмнө би олон олон ирнэ!
Тэмтэрч үзээгүй лусын бараа,
Тэнгэрт үзэгдээгүй луун дунаас ч цочоохгүй гэхдээ
Тэврээсээ үрээ салгах дургүй
Ялгуун ялгуун тэрбум байтугай
Ядаж ганцхан өөрийн ээжийн ачийг хариулсан
Энэ л цагт би эргэж ирнэ
Энэнээс наана, түүнээс цаана
Би цагаан дарь эх байна аа!

Омар Хайяам

Заяасан амьдрал зайлшгүй үхлээс минь
Замбуулин баян ч болоогүй ядуу ч болохгүй
Хорвоод ахиад жаахан яван саатъя даа
Хорвоог таниж амжилгүй тэгсхийгээд нүд анъя даа
-*
Хэрвээ би нүгэл үйлдсэн бол - дуртайдаа үйлдээгүй
Хорвоогийн замыг туулсан бол – дуртайдаа туулаагүй
Би хаана хэн байв? Бурханын шийдсэн бүхнийг
Би ёсчлон дагаж, би дуртайдаа амьд яваагүй ээ
-*
Дэндүү сайн хүнд өгөх дээд шагнал гэж алга
Дэндүү сайны төлөө би дэлүүгээ ярсан ч багадана
Тамын зовлон гэж юу байдгийг мэдэх үү ?
Тамтаггүй хүмүүсийн дунд амьдрах л ёстой там шүү
-*
Ганхаж буй сарнай цэцгийн бут бүхэн
Гайхам сайхан бүсгүйн чандраас ургасан байж таарна
Өнөөдөр бидний гишгэлж буй өвс бүхэн
Өчигдөрхөн цохилж асан зүрхнээс соёолсон байж мэднэ.

**-
Тавилан заяаны ном судрын нэг ч үгийг өөрчлөх арга байхгүй
Тарчилан шаналж буй хувь заяа таныг өршөөх арга бас байхгүй
Амьдралаа дуустал, цөсөө хөөртөл ууж чадлаа ч
Амь насаа уртасгаж, богиносгож л яасан ч чадахгүй
**-
Бурхны ном цээжилж буян аврал гуйснаас
Будрангуйн сэтгэлээ бүсгүйн хөөрхөн аалиар зугаацуулмаар
Хэрэв зээ дурлагсад, хөлчүүрэгсэд тамд ойчдог гэвэл
Хэнбугай нь тэгээд диваажинд залрах юм бол.

Аллн Гинзбэрг - Орь дуу III

Карл Соломонд зориулав

Карл Соломон! Чи надаас илүү галзуу
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Хачин этгээд мэдрэмж чамд төрөх учиртай
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Ээжийн минь сүүдрийг чи элэглэн дууриах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Эгнэгт араас чинь мөшгих арван хоёр
дагуулаа чи алуулж таарах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Анзаарагдамгүй тэр л хошигнолдоо чи баясан хөхрөх
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Аймшгийн ямбий ганц бичгийн машины ард бид
агуу зохиолчид болцгоох
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Дүр төрх чинь буурьтай болж, радиод чи сурвалжлага өгөх
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Дүрслэн бодох чадвар
мэдрэмжийн хорхой жирвэгнэн гүйхийг хүлээж авахгүй
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Нөхөрт гаралгүй Ютикадаа өтөлсөн эмэгтэйн хөхнөөс чи цай уух
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Нүцгэн сувилагч нарын биеийг чи Бронксын дээрэмчид болгон төсөөлөх
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Ёроолгүй ангалд үсчин наадах энэ зугааг чинь үгүй хийгч
номхотгогч цамцан дотроо чи бархиран орилох
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Ёрын эмнэлэгт мөрөөрөө ч үхэхгүй, гэмгүй мөнхийн сэтгэлээр
ноорхой төгөлдөр хуурыг чи байдгаараа балбах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Хоосныг хөндлөн гулд туулах эргэл мөргөлөөс нь
ахиад учрах цочролууд ч сэтгэлийг бие рүү буцаан аврахгүй
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Голгофын фашист үндэстний эсрэг Еврейн соцалист хувьсгал хийхээр
хуйвалдаж байгаа эмч нараа чи илчлэн яллах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Холхи Лонн-Айлэндын тэнгэрийг чи хэмхчиж
бурханы булшнаас өөрийнхөө доторхи Есүс гэгч хүнийг амилаах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Хорин таван мянган галзуу товариш
нийтээрээ "Интернационал"-ын дахилтыг дуулах
энэ Роклэндэд би чамтай цуг байна 
Нэгдсэн улсыг бид хөнжил дотроо тэврэн үнсч үнгэхэд
Нэгдсэн улс шөнөжин ханиалгаад биднийг унтуулахгүй
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Цахилгаан гүйдэлд цохиулаад сэтгэл санаа маань эргэн ирэхэд
дээврийг доргитол бөмбөгдөгч онгоц хүржигнэн
эмнэлгийн хана нурах гэж байгаа шиг төсөөлөгдөх
(Ээ, яаралтай гарцгаа!
Ээ, ямар ч авралгүй мөнхийн дайн эхэлчихжээ!
Ээ, ялалт минь, дотуур хувцсаа март, бид эрх чөлөөтэй!)
энэ Роклэндэд би чамтай цуг байна
Зүүдэн дотор минь чи тэнгисийн аянаас буцан
хурдны замаар нулимс дуслуулсаар Америкийг нэвт туулж
Баруун эрэгт буй зуны байшинг минь зүглэн шөнө дөлөөр алхах
энэ Роклэндэд би чамтай цуг байна
 Сан Франциско, 1955-1965.

Гинзбэргийн уран зохиолын өдөөгч нь хар тамхи, жааз, секс, зэн-буддизм байжээ. Энэ шүлгээ тэрээр 1949 онд Роклэнд хэмээх галзуугийн эмнэлэгт танилцсан өвчтөн болох дадаист шүлэгч Карл Соломонд зориулан бичжээ. Ютика, Бронкс гэсэн нэрүүд бол Нью-Йорк хотын дүүргүүдын нэр.

Wednesday, November 24, 2010

Омар Хайяам

Өгүүлвээс, талын салхи мэт, голын урсгал мэт
Өдөр хоног өнгөрлөө – буцаад ирэх нь үгүй
Өнөөдрийнхөөрөө л байцгаая, хонгор минь
Өнгөрсөнд харамсах нь илүү ажил хонгор минь
**
Эзэн тэнгэр минь харамч, бас хөгшин юм шиг байна аа
Энэ боолуудыг босож ирэхээр нь дахиад л цохих юм
Хүлцэнгүй нүгэлгүйчүүдийн шагнал диваажин байхаа
Хүлцэл өчье надад шагнал биш авъяас бэлэглээч
**
Хармсалтайяа амьдралын номын хуудас дууслаа
Хавар болоод наргиан цэнгээнээс уй гуниг л үлдлээ
Хөнгөн жигүүрт шувуухай шиг залуу нас минь
Хөөрч хэзээ ирсэн, хуурч хэзээ буцсаныг санахгүй байна, би
**
“Өчигдөр урсаж одсон ус, эргэж ирэх үү? Хэзээ вэ? ” гэж
Загас, нугаснаас нухацтай гэгч нь асуужээ
“Биднийг шарагдах цагт хайруулын таваг,
Битүүхэндээ шийдчихнэ” гэж нугас хариулжээ
**
Дарс балгахгүй гэж шүлэгч амлах ёсгүй
Дараа нь уучихвал биеэ зөвтгөх ёсгүй
Сарнай дэлбээлэн гургалдай жиргэдэгээс хойш
Сахил санваараа тэвчиж болно гэж амлаж болох уу даа?
**
Амьдрал дэгээнээс мултарч, ул мөргүй өнгөрлөө
Архинд согтсон шөнө шиг, хав харанхуй өнгөрлөө
Арван хурууны салаагаар элс гоожихтой адил
Амьдрал гэдэг ертөнцийн хором шиг шувтарлаа
**

Friday, October 22, 2010

Л.Хасар - Амт

Усан үзэмнээс
Нарны нулимс "амтагдана"
Уйлж суугаа чамаас
Алдаа "амтагдана"
Тойрмын мараанаас
Туучаад өнгөрсөн тэмээ "амтагдана"
Өндөр холын одноос
Гэрэл "амтагдана"
Өнгөрсөн цагийн дуртгалаас
Гэнэн "амтагдана"



Зүг чиггүй гурвалжин номоос...

Л.Өлзийтөгс - ***

Шавьжнууд, хорхойнууд, тэмээлзгэнүүд, том жижиг эрвээхэйд
Шараасаа улаанаа хүртэлх бүх өнгийн цохнууд
Нэрийг нь байтугай зүсийг нь ч мэдэхгүй олон бяцхан амьтас дунд
Нэгэн сар амьдарлаа.

Тэнгэр шиг чимээгүй ярихад аль хэдийнээ суралцсан
Тэд намайг үргэлж "Борооны эгч" гэж дууддаг
Харин би тэдэнд шүлгээ унших дуртай
Хамгийн догдломхой зүрхнүүд
Шавьжнууд, хорхойнууд, эрвээхэйд...

Унтаж байхад ч нүүрэн дээр "Хайртай" гээд биччихдэг
Урт далавчит амьтсыг орхиод явна гэхээс уйтай
Хэзээ ч намайг ойлгодоггүй хүмүүсийн дунд очоод л
Хэт дээрээс та нарыгаа харна даа гэхээс гунигтай.

2008.10.20
Төсөөллийн өрөөнд номоос...

Б.Эрдэнэсолонго - Чи

Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг харамлаж байгаагүй
Өөр хэнд ч
Чам шиг дурлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй
Хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг, гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь.
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй.
Сайхнаас сайхан, муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг ирээгүй.
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

2005
Гүзээлзгэний амьдрал номоос...

Б.Эрдэнэсолонго - Он, сартай зүүд

16.7.2004. Өнгөт зүүд. 35мм.
Тайрсан калибр.
Зогс. Тэнгэр. Эргэж харав.
Хүн.
С.Анударь: Он, сартай зүүд.
Эндхийн амьдрал зүүд юм.
Эргээд хэн ч түүнийг санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Мянган жилийн дараа бид дахин уулзлаа ч
Мартчихсан байна, энэ амьдралаа, энэ дурлалаа
Жаран жарны дараа бид дахин төрөвч
Жаргалтай явснаа, зовлонг хамт туулснаа санахгүй.
Санахгүй байх тусмаа амттай санагдах
Сайхан зүүд юм, эндхийн амьдрал.
Зогс.
Төгсөв. Сайхан зүүд. 35мм
С.Анударь...


2005
Гүзээлзгэний амьдрал номоос...

Thursday, October 21, 2010

Г.Аюурзана - ***

Ариун судрын завсарт
Хатаж үлдсэн шумуулыг
Хэдэн настай гэх вэ?

Алин цагийн шавьжны сүнс
Сая эндээс хийсчихэв ээ?

Өөрийгөө гээнэ гэдэг
Өөрийгөө олохтой адилхан уу?
Өө! Бороо орчихлоо.
Уул хөндий нэлдээ цайрчихлаа.

Одоохон босоод, бороон дундуур
Манантай уул руу явчих юмсан.
Орхисон номын нойтон хуудсыг
Салхи эргүүлж хүчрэх болов уу?


2005.7.29
Non plus ultra номоос 

Ж.Болд- эрдэнэ Гүн харанхуйд шөнийн бороо адил

Гүн харанхуйд шөнийн бороо адил
Гал шаргал навчис шаргинхан эргэлдэж
Наран жараахай тэнгэрт түмээр сүрэглэн
Намиран далласаар хөвөлзөнө
Шөнийн борооны нэгэн дусал навч
Шүүдэр нулимстай гар дээр минь эргэлдэхэд
Алган дээрээсээ би зөөлхөн улээж
Алсад нис дээ! гэж шивнэхэд нулимс цийлэлзэнэ
Харанхуйд холд одохын өмнө
Хань татаж надад тэмүүлсэн ч билүү
Зүүд зөнгийн ч юм шиг
Зүгээр нэг тохиолдол ч юм шиг
Сэрчигнэн хөөрч, шаргинхан хөвөлзөхдөө
Сэмхнээр дуудаад ч байна уу даа.

Д. Нямсүрэн: Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд

Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн ижил
Алтан тэр навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цахих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би.
Ноход, Эрээнцавд боорлох үдшээр
Нойтон үүлний, шиврзэ манан дотуур
Зуун шарга зээр гүйлдэн өнгөрөхөд
Зул болж бадмалмуй би.
Намрын байгаль алтан долгисоор гүвзлзэж
Наран тэнгис мэлтэлзэн урлахуйд
Навчсан завинаа суун сзлүүрдээд Нацагдоржийн "Харанхуй хад" руу зүглэвэй би
Зүггүй алга болсон шүлэгчийг хаана буйг
Зүлэгтийн уснаа хөвөх шувуунууд
Зүүн хийдийн гэлэнмаа Амитаби
Зүгээргүй авсан хүүхнүүдээс минь асуугаарай.
Зуны өдрийн үд дундад
Зураг мэт уулсын минь цасан
Зуурхан зуур гялбасхийн үзэгдээд
Зузаан хязгааргүйн чөлөөнд намайг нууцлана...

Sunday, October 17, 2010

Л.Өлзийтөгс - Вангог хүлээлт

Тамхины утаанд хөвсөн эрчүүд хөөрөөд явчих шиг
Тамирдам нэгэн аялгуу төгөлдөр хуурын даруул дороос өндийхөд
Танилын минь санаандгүй асгаад хоосолчихсон хундага шиг сэтгэл эзгүйрээд
Тачаадам нам гүмд нүд чихээ мартан нүүрээ даран суунам
...нүд чихээ мартан нүүрээ даран суунам

Чиний мартаж орхисон бүрх малгай шиг бүрэнхий тасалгаанд
Чиний согтуу нүд шиг сүүмгэр дэнлүү шүүрс алдан бөхийж
Чихарсан хаалганы салхинд хаа нэгхэн гуйван гэрэлтэхэд
Чичирсэн туранхай гараар нүүрээ даран сууж нүд чихээ мартнам
...нүүрээ даран сууж нүд чихээ мартнам

Saturday, October 16, 2010

Ч.Өсөхболд - Өөрийнхөө тухай шүлэг бичээд...

Өөрийнхөө тухай шүлэг бичээд
Бичсэн цаасаа жижиглэж ураад
Урсан цаасаа амандаа хийлээ
Би амтагдахгүй байлаа.

Голоос загас гохдоод
Гохдсон загасаа жижиглэж шараад
Шарсан загасаа идэж үзлээ
Загас амтагдаж байлаа
Би хэзээ ч үнэнийг бичиж чадахгүй юм байна.

2007.12.12

Ц.Дэлгэрмаа - Гунигтай бүсгүйн дуу

Гуниг нь ихэдсэн бүсгүй би
Гунигтайдаа гуньдаг ч үгүй бүсгүй би
Чиний нүдийг харахгүй л бол
Цэцэг шиг гундах эмзэг би

Уйтгар нь ихэдсэн бүсгүй би
Уйтгараасаа уйддаг ч үгүй бүсгүй би
Улаахан уруулыг чинь эс үзвэл
Унтаад хэзээ ч сэрэхгүй би

Шаналал нь ихэдсэн бүсгүй би
Шаналантайдаа шаналдаг ч үгүй бүсгүй би
Намуухан дууг чинь л эс сонсвол
Нартаас яг одоо нисчих шувуу би

2007.4.9
"А" тэмдэглэл номоос...

Friday, October 15, 2010

Г.Аюурзана - Амьдарч амжих



Огторгуйд хөөрсөн бүх шувуу солонго болохоос өмнө,
Ой санамжаа гээхээсээ өмнө,-
Ондоон гарагаас айсуй солирын чимээ бүдгэрэхээс өмнө,
Сүнсний үүдийг нээхээсээ өмнө,-

Нисч нисч газар буусан навчис гишгэгдээд
Нэг их сайхан цагаан цэцэг болон дэлгэрэхээс өмнө,
Үс чинь тэр дунд ойчихоос өмнө,-
Гэнэтхэн сархийтэл асгарсан бороо
Эргээд үүл болохдоо
тэнгэрт зүгээ алдаж төөрөхөөс өмнө,
Зүс чинь хийсч гандахаас өмнө,-

Зүүд тэр аяараа их хотыг нөмөрч
байшин бүрийг нил ягаанаар будаад,
Гоёмсогийг нь мэдрүүлэхээр зэрвэс гэрэл тусгахаас өмнө,
Хэн нэгэнтэй ширтэлцэж гүйцэхээсээ өмнө,-
Зүрх зогсох мэт машины хөдөлгүүр унтарч,
Аниргүй харанхуйд тэнүүлч муур л биеэ сэгсрэхээс өмнө,
Бохио залгитлаа уруулын будаг шимэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах

Үдэш мандсан бүгээн сар гэрлээ нэмсээр
наранд хувилахаас өмнө,
Үг хоолой дээр чинь гацахаас өмнө,-
Өглөөг зарласан оддын бүдгэрээ
бүрмөсөн цайж дуусахаас өмнө,
Өтлөхийн хэрээр сэтгэл чинь царцахаас өмнө,-

Хэзээ нэгтэй уншсан үлгэрийн шидэт баатрууд
Морьдоо эмээллээд,
жаргалтай мөрөөдлөөс чинь давхилдан одохоос өмнө,
Ганцаардахаасаа өмнө,-
Хийц нь уран чулуун бэлзэг
Гунихын аясыг даалгүй турсан хуруунаас аяндаа сугарч,
Шалан дээр унаад,
өнхрөх чимээ ч гаргалгүй бутран үйрэхээс өмнө,
Энэ юуны дохио болохыг эргэцүүлэхээсээ өмнө,-

Амьдарч амжих... амжиж амьдрах
2008.9.21
Сэтгэл рүү шагайгч Түүнд номоос...

Monday, October 11, 2010

Ж.Болд-эрдэнэ : Уйт намрын ханшийг дагаж шувуу бидэн

Уйт намрын ханшийг дагаж шувуу бидэн
Умар өрнө зүг зүгт салан одовч
Удаах жилийн эсэргэн урийн цагаар
Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнэ
Товтой улирлын тэр өдрийг зүүдэлж
Тоотой хоногийн үзүүр элдэн хороовч
Галбарваасан модноо хөхеө донгодох нь хэзээ бол!
Ганихарсан сэтгэл эрснээ олох нь хэдийд бол?
Хагацал учрал тоонын нараар эргэж
Харамсах баярлах хоёр адилхан мартагдана
Их бодь сургаалаар орчлон дэлхий гэгээрч
Энгийн юмны яруу сайханд хүмүүс шүтэх хэзээ бол?
Эргээд давтагддаг бол амьдрал яасан гунигтай
Эцэс төгсгөлгүй бол хорвоо яасан уйтгартай
Гоо үзэсгэлэн ганддаггүй бол үзэсгэлэнтэй төрөөд ч яана!
Гомдож баярлаж чадахгүй бол амьд яваад ч яана!
Замагт ус нь загас жараахайдаа жаргалтай
Замбуулин хорвоо жаргал зовлонтой ч уяралтай
Их хайрыг даана гэдэг хэцүү юм аа!
Энэ биеийг олж төрлөө ч хүн гэгдэхэд хатуу юм аа!
Амьдарч явсан жилүүдийн минь дурсгал чулуу
Альхан уулын, альхан бэлд ургаж байгаа бол доо!
Аальхан насандаа сүүдрээ тусгачихад эх нь голоогүй ангаахай
Асар тэнгэрийн хаахна талд өдөлж л яваа юм бол доо!

Wednesday, September 8, 2010

Д.Урианхай - Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

Tuesday, July 20, 2010

Инжинаш :Унжгар бургас мөчир хүртлээ үүд гэгээвчээ хаамуй

Унжгар бургас мөчир хүртлээ үүд гэгээвчээ хаамуй
Уяралтай шувуун эгшиглэн дуугарч өндөр салаанаа дэвшмүй
Урьд өдрийн хэдийчинээн сэтгэлд уягдсан хэргийг
Удын найлзуур болжморын дуун удирдан гаргаж ирмүй.
Үдшийн бороон сэр сэр нойрыг ирүүлэх үгүй
Өглөөний болжмор жир жир унтсаныг сэрээх эрт
Өчигдөр шөнийн зүүдний доторх хэдийчинээн хэрэг
Үс засахуйяа толинд үзвээс үнэн худлын хооронд
Өвсний өнгө сая хөхөрч эрвээхий сая нисэхүйеэ
Өвчнийг тэсвэрлэн цэцгийн хүрээнээ ийнэн тийнэн зорчмуй
Өмнөд салхинаа миний зовнилийг хийсгэн аваачих үгүй
Эгшигт болжмор нэн харин элэг уушгийг хатаамуй.
Хатан бүрээ үдшийн зүг юунд ийнхүү яармуй
Харанхуй болохоос эмээхэд бас харанхуй болмуй
Хааш, яайш унтсугай хэмээвээс унтаж чадах үгүй
Хагас нь хагацсан уярал хагас нь хорсол хэмээжихүй.
Урт зувцаа хүйтэнд нэвтэрч ханцуй юугаа дугтуйлнам
Улаан даашингаа дулаан өргөөнд үст жанчийг нөмөрвэй
Оройн сүмийн жүнгийн дууныг хэвтэн байсаар чагнаж
Умарын уулны хоногшсон цасыг орхиул сөхөн үзмүй.

Friday, July 16, 2010

Г.Аюурзана : Зам

Цас шуурсан замаар би алхаж явна.
Цаад үзүүр гэж байхгүй уртаас урт зам л даа.
Энэ замд эцэс төгсгөл гэж байлаа ч /гэсэн/
Эцсийг нь хүртэл алхахгүй тийм л урт зам л даа.
Эцсийг нь үзэхгүй болохоор цас шуурсан замаар
Ийм итгэлтэй алхаж яваа юм, би
Яагаав, инээдэнд нь болоод бараадаж жаахан дагаснаа
Эргээд харахаар нь буцмаар санагддаг бүсгүй байдаг аа?
Яг л тийм, тэгээд уртаас урт зам л даа.
Тэр зам дээрээс би олз олох гэж
Тэнгэр ширтэн, цас нисэлдэхийг харан алхаж явна.
Бүрхэг болохоор одод алга.
Бүрэнхий болохоор явган алхдаг охид алга.
Ийм замаар хичнээхэн ч алхах билээ дээ?
Ийм хоосон, уртаас урт замаар шүү!
Гэтэл би юунд найдаад, юугаа дагаад
Гэрлийн шонгууд нь улам цөөрөх энэ замаар
Ахиад жаахан алхая гэж өөрийгөө царайчлан
Анир чимээгүйн зүг харцаа илгээнэ вэ?

Г.Аюурзана :Хайртай юу? гэж өдрийн хэд асуудаг

Хайртай юу? гэж өдрийн хэд асуудаг
Хань минь, охин томоогүй инээдэт минь!
Үнсэх бүрийд чинь цэлмэсээр миний сэтгэл
Үүлийг мартжээ
Гэвч нэг л орой нар минь жаргана
Одоо, яг одоо чамд хэлэх хайр минь
Он жилүүдийн цаана дурсамжинд чинь дуулдана
Энэ үгсийн цуурай саарч унахгүй сум шиг
Эцэс төгсгөлгүй ниссээр ирээдүйг чинь ононо
Хайртай, би чамд
Цуурайнд амь орох тэр цагт чи
Цурхиран хийсэх салхины гүнд ухаан сууна
Харин энэ цуурайг эхэлж өдөөсөн хоолой
Хажуудаа үгүйг чи мартчихсан байна

Saturday, July 3, 2010

Л.Өлзийтөгс :Би цэв цэнхэр атлаа

БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

Л.Өлзийтөгс :Анхны бороо

Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах
Хачин сэргэг навчсын үнэр...
Хавар яасан гунигтай юм бэ?
Халуун уруулаа цонхонд хүргэхэд
Хамаг бие...зүрх цочисхийнэ
Хайрлуулмаар бас дурлуулмаар санагдана
Хавар яасан гунигтай юм бэ?
Тэнгэрт тулсан залуухан моддын
Тэргүүн оройд нахиагаа задалж буй
Хав халуун, бяцхан амь
Хавар...
Ай, яасан...

Л.Өлзийтөгс :Анхны цас...

Анхны цас
Сүмийн дээр
Хонхны дуунд
Цүслэн бууна.
Хонхны дуу
Сүмийн оройгоор
Аниргүй цас шиг
Аяар түгнэ.
Цагаан шившлэг
Уруул бүлээцүүлээд
Цантсан сормуус
Шөргөөн нисэлдэнэ.
Бодь гөрөөс
Цагийг шилгээгээд
Босоод ирвэл л
Цас зогсоно.
Залбирсан алганд минь
Намар байгаа...
Задарсан үсэн дээр
Анхны цас...

Saturday, May 15, 2010

Ж.Болд-эрдэнэ : Өтгөн хөх манангийн хормойг дөнгөж сөхөөд

Өтгөн хөх манангийн хормойг дөнгөж сөхөөд
Өвсөн дээр хэвтэн бодол талбихуйд
Тэртээх нугаас цагаан даашинзтай гоо охин цэцэг түүн наашилж
Тэрүүхэн судагт ороод харагдахгүй болно
Хойноос нь очьё хэмээн өндийхөд хормойноос манан чангааж
Өмнөөс маань зодоонч дэвхрэг үсрэхээр хутгаа хурцална.
Нойтон чийгнээс өндийхдөө нойрноос нь сэрээсэн буруутай ч,
Үзээгүй зочноо хялалзах чинь үзтэл таагүйг чинь харуулж байна.
Хос хусны цаанаас чиний дуулах сонсогдоход
Хормойгоо шуусан чам руу мөлхөнө.
Мананг яран гарч ирээд инээмсэглэхэд
Мандирваа цэцгээр титэмлэсэн гэрэлт царайнаас чинь зуныг би үзнэ.

Tuesday, May 11, 2010

Инжинаш :Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн

Дорно салхин гүн хүрээнээ санааны дураар хийсрүүн
Торгон ногоон булбарай улааныг ийн тийн салбаруулжээ
Дуртай бичээчид сэтгэл эвхрээж бийрээ идээлээд
Дулаан хаврыг дахин ирүүлж цэцгийг дахин дэлгэрүүлбэй.
Нимгэн ноломыг хайчлахуйяа аяа юутай хөөрхий
Нисэх чимэг хэдий бүтэвч мөн басхүү хайран
Нэгэн сүрэг уран болжморын зуун зүйлийн эгшгийг
Нүгэлт бийр нягтлан бичихүйд нулимсан дусал улаан
Тэнгэр заяаж үлэмж найртныг нэгэн гэрт цуглуулруун
Тийн найрт, гэдрэг харин зовлонгийн үндэс төрөгдвэй
Тэргүүн эгэж тэрхүү найрыг тэвчин чадсан боловч
Тэсгэл үгүйеэ найрын уяралыг түмэн бадаг асгалбай
Цэлмэгэр огторгуйн шүүдрийн дусал өвс бүхнээ дүүрэвч
Чиний нулимсны өмхрөл мэт тийм зузаан бус
Чадвар үгүй миний зовлонг аль газар тоочиёо
Чам лугаа адил мөнхүү цусаар уйлах буй заа.

Thursday, May 6, 2010

Шүнтаро Таникава : Чулуу ба гэрэл

Чулуу гэрэл тусахад татгалздаггүй
Чулуу гэрлийг татаж авдаггүй
Чулуун дээр хөх түрүү суухад
Чухамдаа гэрэл түүний үсэн дээр гялтганана
Гэрэл ингэж эх дэлхийд хүрдэг юм

Sunday, May 2, 2010

Шүнтаро Таникава : Шаналсан тэнгэрийн элч

Хүн төрөлхтний шинэхэн улаан цус
Тэнгэрийн элчийн цагаан далавчин дээр дусахад
Аньсан шарх нь
Ахин сэдэрлээ
Тэнгэрийн элч тэр өнгийг харалгүй
Далавчаа дэвнэ
Тэнд улаан толбо бүүдийнэ
Хөх тэнгэрийн элчийн санаанд ч ороогүй газар
Хүн амьдарсаар
Хүсэл тэмүүлэлт элчийн мөргөлийн цагаар
Халин оддог юм бид
Мод нов ногооноор хучуулж
Далай цэв цэнхэрт уусдаг юм

Saturday, April 24, 2010

Афоризм багц 01

Эрүүл саруул бай! Болж өгвөл аливаад бүү итгэ. Ухаан гэгч эргэлзэхэд л оршдог юм.
“ЭПИХАРМ”

ПЕРИАНДР

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв.

КЛЕОБУЛ

Юм бүхэнд алтан дунджийг барьж чадсан хүн жаргалтай, амар тайван явдаг.

КЛЕОБУЛ

Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг өрөөлд харуулах вий.

БИАНТ

Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.

ФАЛЕС

Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг.

ПИТТАК

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу? (Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?)
Сайн ХҮН байх хэцүү юу? (Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?)
Сайн хүн БАЙХ хэцүү юу? (Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА ГЭДЭГ хэцүү юм уу?)
САЙН хүн байх хэцүү юу? (Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?)

СОЛОН

Дуугүй суух нь хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ.

ХИЛОН

Нууцыг хадгалах; завтай цагаа үр дүнтэй ашиглах; гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү.

Г.Аюурзана - УУЛЫН МОНОЛОГ

Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив. Гурав дахь чонын дуу яльгүй хожуу дуулдав.
Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.

Г.Аюурзана - АНХНЫ ДУРЛАЛЫН НАМАР

Наймдугаар сарын 13.
Чөтгөр гэж! Ямар балай хүүхэн бэ! Өнөөдөр ахиад л нүцгэн байх юм. Цонхондоо хөшиг хийчихэд яана аа! Зориуд ингэдэг юм биш байгаа? Гоё биеэ гайхуулж...

ИЛИОНЫ ТҮҮХ (Ilias)

(туйльсын найраглал)

    Газар дэлхий хүчирхэг баатруудыг “даахгүй болох”-ын үед бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайныг өдөөсөн нь Троя хотын дайн ажээ:
    “...Илионы хананы ёроолд
    Эрэлхэг баатрууд хагядаж,
    Зевсийн хүсэл биеллээ.” 

Thursday, April 8, 2010

Болор цом 2010 наадмын тэргүүн байрын шагналт Х.Эрдэнэбаатар :

Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм
Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас
Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр
Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж
Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.
Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь xөвөн өнгөрч
Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино
Xөмүүл гишүүнэ соёлоод xөрсний чийг үнэртэхэд
Xөндүүр зүрхний угт ижий аав бодогдоно
Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ
Урианхайн xөx үүлс уйдашгүй сүндэрлэнэ
Асxаны нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь
Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт
Зэлүүд xөx уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
Зогдроо дугдчих тогорууд дорнын нарнаас ирэхэд
Зүүн хойтын шилэнд эртэлж унасан шүүдэр
Зүрхэн тус газар xөнгөн гунигыг үүсгэнэ
Чимэг сайт улиралын алтан наран мандахад
Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ
Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс гантиглан
Үдшийн зэврүүг хүлээхгүй шилэн шуургаар цагирагтана
Урианхайн xөx уулс гэрлээр давалгаалж
Умрын салхиар xавар тэнүүчлэн
Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд
Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй
Зэрвэс нүдийг зүүдний манантай xөвөрдөх
Зэрэглээ тэнд хаялага болж чадаxгүй
Амьтаны үрийгсэтгэлийн амрагаас илүү үймүүлэх
Ад гэрлийн хувилгаан Урианхайн xөx уулс минь
Товч харших чимээнээр жингэнэх дуун түгж
Товцог хадны шилээс хан таг ниснэ.

Wednesday, March 17, 2010

А.Эрдэнэ-очир :Би талын бүргэд

Би талын бүргэд
Гэхдээ,
Амсхийж суугаа талын бүргэд
Нисэн алдлах цаг минь
Нэг их удахгүй
Жигүүр цуцсандаа биш юм аа
Жирийн шувуудыг ажсандаа
Тэнгэрийн уужмыг би мэднэ
Нисэх жигүүртэйдээ тэр
Талын уудмыг ч би мэднэ
Буух нутагтайдаа тэр
Би талын бүргэд
Хурмаст тэнгэр, огторгүйг ч мэднэ
Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ
Хутга шиг хувь тавилан тэнгэрийн цаазыг ч мэднэ
Хулганы, зурамны биш,
Үнэг чонын тавиланг өрөвдөнө
Би талын бүргэд
Талын бүргэд би
Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ
Үйлийн сэвгүй уужмын салхийгалгадаж ниснэ
Талын бүргэд би
Талынхаа овоон дээр
Амсхийж сууна
Мөдхөн ниснэ ээ,
Одоо оргил өндрийн цахирласан салхийг
Огтчиж ниснэ
Би талын бүргэд.

Tuesday, March 9, 2010

Болор цом 2010 наадмын дэд байрын шүлэг

 Б. Мягмаржав - Уулс

Амьдрал бүрэлдүүлснийхээ төлөө
Ад үзэгдэн, оддын дунд ганцаардаж
Зодуулж хашраагүй дзлхийн
Зоо нуруун дээр
Гүвдрүү болон тогтсон
Гүргэр хөх уулс минь
Мянган толгод давхарлан байж
Мөнгөн оргил нь үүссэн байна
Эмжээрлэн хайчлах их усанд
Энгийн толгод үрэгдсэн байна
Тэвэрхэн зовлогоо бодон явахуй
Өгсөх нь хэцүү уулс минь
Тэнгэрийн дайтай зорин ява¬хуй
Уруудах нь хэцүү уулс минь
Хумсын төдийхөн жаргалаа
Хуеь заяа хэмээн сагсуурахад
Хүйтэн хөх салхиараа чөмгөнд тултал арчиж
Хүдэр их дүрээрээ малгайд минь багттал дарсан уулс минь
Ертөнцийн дайтай шаналсан ч
Ерийн нэгэн бүрэг явахад минь
Ян сарьдаг нь туг шиг дэрвэж
Яруу найрагч болгосон намайг, уулс минь
Үнэний голгүй магтаалын өмнүүр
Үүлэн хөшгөө татаж эгэлхэн оршихуйдаа
Намайг дуурайж өтлөөсэй гэж
Насан туршид биднийгээ ширтэх
Ноён хөх уулсаа Монголоор нэг данхайж байхад
Номын хуудас шагайж философи цээжлэх ямархан
Ирээдүйн төлөө дотогшоо шаналсан
Их өвгөдийн бидэрт мвгнай уулс минь
Энгэрийг нь түшээд суухад
Эцэг минь үнэртсэн уулс минь
Эргэх цагийн тавилаар
Үр ачдаа ноолуулах миний зөөлхөн өвөр уулс минь.

Thursday, February 25, 2010

Такүбоку Ишикава

Сайн сайхнаар хорвоог туулах
Сайхан хувь эс тохиосон ч
Энэ л заяагаараа
Элбэгхэн бардамнана би

Wednesday, February 10, 2010

Р.Чойном - Ази


Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талынхаа тухай
Дуут өндөр сарьдагийнхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна

Tuesday, February 9, 2010

Гангантөгс - Би нэгэн гараг болчихсон


Би нэгэн гараг болчихсон
Биен дээр минь жижигхэн хүмүүс амьдардаг болчихсон
Нүгэл хийдэггүй, хоол ч иддэггүй
Нүв нүцгэнээсээ ичдэг ч үгүй
Нар сарыг төсөөлдөг ч үгүй
Насаа ч ер тоолдоггүй
Хүүхдээ үүрээд л, ар араасаа цуваад л
Хэдхэн хүн явж л байгаа харагддаг
Үдэш болгон л тэд мөрөн дээр минь суучхаад
Үнэн сэтгэлээсээ ийнхүү дуулцгаадаг
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тэр бидний орон гэр
Тэнгэрийн орон тэнгэрийн орон
Тийшээ бид очих л болно
Аяархан тэд ийнхүү дуулцгаана
Амандаа би ч гэсэн:
Тэнгэрийн орон, тэнгэрийн орон
Тэд намайг аваад явах болов уу...

Г.Сүхзориг - Гуниглах хэрэггүй...


Гуниглах хэрэггүй
Энэ хорвоо тэр чигээрээ
Томоос тос гуниг...

Нулимс ч унагах шаардлагагүй
Дэлхий өөрөө эртний том нулимс юм
Жаргалтай хүний дүр эсгэж амьдарч сур
Сэтгэл гэдэг юманд дасахдаа их амархан

Уурлах ч дэмий
Бид галт бөмбөлөг дээр амьдарч л байгаагаас хойш
Эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэрч таарна

Итгэл сэтгэлээ бүү гээ
Юунд ч хамаагүй итгэ...
Зүрхээ чагна
Чагна...

Юунд ч хамаагүй итгэ...
Сэтгэл гэдэг юманд
дасахдаа их
амархан...

Тэр амьд...

Monday, January 18, 2010

Сергей Есенин : Сонгомол шүлгүүдээс

Дуучин өвөл гуугална

Дуучин өвөл гуугална
Дуулган ой хүүглэнэ
Нарсан төгөл шуугина
Бөөн уйтгарт умбана
Бөмбийх үүлс умбарна
Бөртийх алс руу шуударна

Wednesday, January 13, 2010

Сергей Есенин : Сонгомол шүлгүүдээс

Цасан ширхэг хуйсагнан бударна.
Цагаан талаар гурвалсан моръд довтолгоно.
Гурвалсан морьд хөллөсөн тэр тэргэн дээр
Гунигт минийх биш, өөр нэгний залуу нас дэрвэнэ.
Галзууран хуйсагнах цасан дундуур хамаг юм
Гурвалсан морь хөллөөд галзууран одсон байнам.

Friday, January 8, 2010

Ж.Болд-эрдэнэ : Сайхан сайхан охид узэгдээд байдаг болов

Сайхан сайхан охид узэгдээд байдаг болов
Сар гарахын алдад санагдаад байдаг болов
Лаа шиг гоолиг бие нь гэрэлтэн харагдаад
Лавай шиг цагаан шудээ гайхуулж инээмсэглээд
Сормуусаа ергеж харахад нь эрвээхэй нисэх шиг болоод
Солонго татсан зуг руу сэмхэн харц алдуураад
Ойртоод очихын алдад гереес шиг хулжаад
Холдоод явчих гэхээр хойноос инээд алдаад
Ороо морь шиг омголон охид узэгдэх болов
Он енгерех тусам охид гоо болов.
Сайхан сайхан охид узэгдээд байдаг болов
Сар гарахын алдад санагдаад байдаг болов.

Ж.Болд-эрдэнэ : Их хүлээлтийн төгсгөл

Чамайг хүлээж суухад минь
Чанд хүлээс бүгдийг ороолно
Үхлийг хүсээгүй болохоос зовж үзсэн
Өрлөг Боорчи шиг хэн нэгэн хүлээнэ
Намайг хүлээж суухад чинь
Нар зүв зүгээр мандаж жаргана
Намираа хурын шиврээ шиг
Намуухан, зоримогхон бичээс чамд хүрнэ
Түүнийг хүлээж суухад
Төгөлдөр гоо үзэсгэлэн санагдана
Өөрийн минь хувь заяа дэргэд нь үнэтэй
Үхэл бас амьдын он жилүүд аргадна
Чамайг, намайг хоёуланг нь хүлээж суухад
Чанх дээр гурван од зэрэгцэнэ
Чинийх, минийх, нөгөөх нь мөрөөдлийнх
/Чив чимээгүй саран жүнзэн дотроос мэндчилнэ/

Monday, October 26, 2009

Омар Хайяам

“Там диваажин тэнгэрт буй” хэмээн нялуурагчид баталдаг
Тандаж би сэтгэлээн уудлаад худал гэдэгт итгэсэн
Там, диваажин хоёр ертөнцийн ордны хүрээнд биш
Там, диваажин гэдэг нь ердөө л сэтгэлийн хоёр туйл юм
**
Тахиа юу гэж донгоддогийг чи мэдэх үү?
Таалал төгсөгчидийг сэхээж чаддаггүй тухай
Аниргүй нэгэн шөнө эргэж ирэхгүй тухай
Амь хүмүүс үүнийг мэдэхгүй унтаж байгаа тухай
**
Тэнэгүүд мэргэн гэж үздэг, намайг
Тэдний бодсон шиг, хүн бишийг бурхан мэднэ - намайг
Намайг хичээнгүйлэн уншдаг мунхагуудаас илүү гарахгүй, би
Нарт ертөнц, өөрийнхөөн тухай илүү юм мэдэхгүй, би
**
Хэзээ ч би дарсыг уухдаа дарсанд дурлаж уугаагүй
Хээгээ алдагсадыг нэг дор цуглуулахын тулд биш
Өөрөөсөө гадуур, нэг агшин ч амьсгалахсан гэж
Өөрийнхөө гадна орших гэж дарсыг би хөнтөрдөг
**
Дэндүү сайн хүнд өгөх дээд шагнал гэж алга
Дэндүү сайны төлөө би дэлүүгээ ярсан ч багадана
Тамын зовлон гэж юу байдгийг мэдэх үү ?
Тамтаггүй хүмүүсийн дунд амьдрах л ёстой там шүү
**

Friday, October 23, 2009

Намрын тухай найрагчид /2-р хэсэг/
















Навч минь би чиний

Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү?
Намрын бороонд хамтдаа даарч хонох
Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч
Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод
Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье.
Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж
Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч. /Б. Лхагвасүрэн - Чамдаа/

Thursday, October 22, 2009

Намрын тухай найрагчид /1-р хэсэг/


















 
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан
Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Wednesday, October 21, 2009

Д.Урианхай : Инээд шиг хуучин хүний амьдралд



Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...


Monday, October 12, 2009

Данзангийн Нямсүрэн :Чиний дэргэд...

Чиний дэргэд насны орой гүйж ирсэн хүлэг мэт гундуухан
Чинийдэргэд намрын орой нисч амжаагүй шувуу мэт гуниглуухан
Чиний дэргэд өвс болоод дэрсийг үлээгээд лимбийг би эгшиглүүлнэ ээ

Чиний дэргэд дуу болоод инээдийг горхи болгоод толгодыг бүсэлнэ ээ
Чиний дэргэд од болоод тэнгэрийн тухай би мартана
Чиний дэргэд өвс болоод жимбүүрийн ялгааг үл мэдэрнэ
Чиний дэргэд үхэл болоод мөнхийн дуу үл зохионо
Чиний дэргэд ойр суухаас хол байх нь юутай энгийн бэ?!


1980.

Л.Өлзийтөгс :Саранд хүрдэг шат



Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг
Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг
Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?
Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй
Найз минь, тийм үед л би үхмээр болдог доо


Л.Өлзийтөгс :Цаг хугацаанаас



Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв
Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ


Thursday, September 3, 2009

Л. Хасар: Зайгүй орчлон

Нулимс хэдий нүдийг бүрхэвч урсаж одно
Инээд хэдийн нүүрийг чимэвч хийсэж одно
Нулимс худлаа инээд худлаа
Үргэлжилнэ гэж бодоход
Эхлэл мартагдан замарна
Эхэллээ гэж бодоход үргэлжлэл байхгүй тасарна
Эхлэл худлаа үргэлжлэл худлаа
Зовлон зовлон гэвч
Нулимс зовлон биш
Жаргал жаргал гэвч
Инээд жаргал биш
Үнэн энэ хэмээхэд
Газар үнэн үгүй
Үнэн үгүй энэ газар
Надад гишгэх зай алгаа
Тэнэглэл хөлхөх гээд
Тэнгэрийн заадас зайгүй
Цэцэд хөлхөх гээд газрын
Булай зайгүй
Төгөлдөр бишийн хорвоод
Төрөх үхэхээс бусдад зайгүй
Зайгүй цэнхэр орчлон
Үнэн үнэн гэвч газар үнэн үгүй
Үнэн үгүй энэ газар
Надад гишгэх зай алгаа

Л.Хасар - Ээжээ надад хэлээч

Ээжээ надад хэлээч
Нар жаргана
Нялх сэтгэл даарна
Ээжээ надад хэлээч
Зовсон нүд шиг улаан наран яагаад
Маргааш мандахгүй юм шиг жаргадаг юм вэ?

Салхи исгэрнэ
Би хийснэ
Ээжээ надад хэлээч
Их ууланд салхи номхон атлаа
Ээрэм талд яагаад ширүүн байдаг юм бэ

Мод тэнгэрийг урна
Газрыг илнэ
Ээжээ надад хэлээч
Мод ганхаж бүүвэйлэх атлаа
Шуугиж яагаад сэрээдэг юм бэ

Уул зогсоно
Уул хэвтэнэ
Ээжээ надад хэлээч
Уул инээхэд цуурайтдаг мөртлөө
Мэгшин уйлахад минь яагаад цуурайтдаггүй юм бэ

Бороо орно
Бороо шаагина
Ээжээ надад хэлээч
Бороонд би нороход хорсдоггүй мөртлөө
Амсахад яагаад гашуун байдаг юм бэ

Хүн ирнэ
Хүн буцна
Ээжээ надад хэлээч
Хүн мөнх биш атлаа
Яагаад үхэхгүй юм шиг авирладаг юм бэ

Ээжээ надад хэлээч
Энэ ертөнц зовлонгоос бүтсэн юм уу
Ээжээ надад хэлээч